МҮХАҮТ-ын Оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан компаниудын ажлын амжилт, туршлагыг бусад гишүүн байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор танилцах аяллыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ удаад Монгол Улсын ТОП аж ахуйн нэгж болон МҮХАҮТ-ын Шилдэг аж ахуйн нэгж 22 компанийн 30 гаруй төлөөлөл 2021 оны Оны шилдэг Энтрепренер Гран-При шагналын эзэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай танилцах аялалд оролцлоо. Энэ үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж, уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон дэд бүтцийн төслүүдийн бүтээн байгуулалттай танилцсан юм.
Цанхи хотхон, Зүүн, баруун цанхийн үйл ажиллагаа, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын явц болон нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн урт хугацааны стратеги болон дунд хугацааны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл нь жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий 3 үйлдвэрээс бүрдэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор шинээр байнгын 472 ажлын байр бий болох аж.
Тавантолгойн орд нь нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд тавдугаарт, металлургийн нүүрсний чанарын хэмжээгээр нэгдүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн найман тусгай зөвшөөрлийн талбайн нүүрсний нөөц нийт 7.07 тэрбум гэж олон улсын жорк стандартаар баталгаажуулсан гэж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулав.
Мөн тус компани гадаад, дотоод өр төлбөргүй, алдагдалгүй, ашигтай ажиллаж, дэд бүтэц бүтээн байгуулалтын төслүүдээ эхлүүлсэнээс хойш Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 2.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км урт, 1 өртөө, 6 зөрлөгтэй төмөр замын зүгшрүүлэх тээвэр эхэлсэн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам ирэх 7 дугаар сард ашиглалтад орох юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. Тус компани анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийт 83.5 сая тонн нүүрс олборлож, 76.6 сая тонн нүүрс экспортолж, 9.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлж, 2.3 их наяд төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт хуримтлуулж, шууд болон шууд бус байдлаар 20000 ажлын байрыг бий болгосон байна.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөг батлуулж, төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байгаатай аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд танилцсан бөгөөд цаашид төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах боломжтойг аяллын үеэр илэрхийлж байв.