ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үйлдвэрлэ, үгүй бол үгүйр, сүйр

O.Admin
2022-06-09

Саяхан сошиал дээр Орос Хятад хоёр нөхөр хоорондоо Монголын талаар бичилцсэн тухай нэг пост явж байв.

Түүнийг сийрүүлбээс:

Вэн Линг: Орос Монголоос хожоод байх юмгүй гэдэгт санал нэг байна. Орос Хятад хоёр Монголыг баян болгож болохгүй. Тэднийг зүгээр л тураад үхчихгүй байлгахад л болоо. Хэрвээ биднээс илүү баян болчихвол манай хоёр оронд байгаа монгол угсаатнууд салан тусгаарлахыг оролдох аюултай.

Саша Трубецкоё: Монголын хийж чадах юу байгаа юм. Зэс нүүрсээ Хятад руу түүхийгээр нь зөөхөөс өөр юм байхгүй. Тэгэхээр Монгол Оросын хувьд тийм ч чухал биш.

Вэн Линг: Хятадын хувьд ч гэсэн адилхан. Монголоос авах түүхий эдээ өөр улсаас авах боломжтой. Австралитай адилхан л юм байна. Оросын Сибирьт цөөнгүй монголчууд бий байх аа ?

Саша Трубецкоё: 500 мянгаас хэтрэхгүй. Ихэнх нь Славчууд.

Вэн Линг: Тиймдээ тийм. Угаасаа хүн багатай. Монголыг ядуу тарчиг байлгах нь манай хоёр улсад маш ашигтай. Тийм учраас Хятад улс Монголоос тэгтлээ их баялгийг нь худалдаж авдаггүй. Зөвхөн олон улсаас тусламж авахуулахгүй, амьд байх төдий хэрэгцээнд нь л тааруулж авдаг юм.

Бидний ёгтлон хэлдгээр баавгай луу хоёрын жирийн иргэдийн хөөрөлдөөн нэг иймэрхүү.

Энэ дээр бид уурсан хилэгнэж, дэмий хоосон бухимдахаасаа илүү тэгвэл бид яах ёстой вэ гэсэн асуултыг өөрсөддөө тавих цаг нэгэнт болжээ.

Монголчууд бид зах зээлийн чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжээд даруй 30 гаруй жил өнгөрсөн ч үйлдвэрлэгч улс болж чадсангүй. Эрт үед өвөг дээдэс маань урьд хөрш рүү жин тээж арьс шир, ангийн үс, булга суусарын үсээ цай тамхи, торгон дурдангаар солих төдий амь зууж байсан цагаас ачир дээрээ нэг их юм өөрчлөгдсөнгүй.

Хойд айлаасаа импортын бензин шатахуун, эрчим хүчний, харин урд айлаасаа экспортын гарцны хамааралтай болоод олон оныг удаж байна. Буурлын үлдээсэн буян, байгалийн баялгийн ачаар нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш, цайр, хэдэн малын хишиг арьс шир, мах , ноос ноолуур төдийхөнөө хятадуудыг царайчлан байж түүхийгээр нь гаргахаас өөр гийгүүлсэн юм алга.

Уг нь зэсээ хайлуулж, нүүрсээ угааж, төмрөө боловсруулж, гангаа үйлдвэрлэж, ноос ноолуур, арьс ширээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гарах тухай олон жил ярьсан ч байдал бахь байдгаараа.

Хятадын түүхий эдийн бааз, Оросын түлш шатахууны боол хэвээр өнөөг хүрсэн. Ийм унхиагүй, урагшгүй байдалд ороход мэдээж хэрэг хууль эрх зүйн орчин муу, хувийн хэвшлээ дэмждэггүй харалган бодлого хамгийн их нөлөөлсөн.

Үйлдвэрлэл хөгжөөгүй, үйлдвэр байхгүй учраас эдийн засаг нь дан ганц уул уурхайн түүхий эд, худалдаа, түрээс төдийхөн дээр дэнжигнэж байгаа нь ч бодит үнэн. Мах , гурил, төмснөөсөө өөр бараг бүх хэрэгцээт зүйлээ гадаадаас импортолж, түүхий эдээ зарж байж олсон хэдэн “дойлуураа” импортын барааны төлбөрт өгч идэж өмсөөд дуусгаж байна.

Харин энэ эдийн засгийн хараат байдлын хараалаас, эдийн засгийн хараат байдлын хавхнаас гарах ганц арга бол Үйлдвэрлэгч Монгол болох явдал, үүнээс өөр ямар ч зам байхгүй гэдгийг Үйлдвэрлэл Технологийн Паркийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагч, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт зоригтой хэлчихнэ билээ. Мөн Монгол улс ирээдүйд орших уу, эс орших уу гэдэг үйлдвэрлэлийн хувь заяатай шууд холбогдоно гэдгийг тус хуулийн Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэлж байсан.

УИХ-ын нэр бүхий 14 гишүүн санаачилсан Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хууль батлагдах юм бол бид үйлдвэрлэлийн үрээ суулгах эрх зүйн сайн хөрстэй болох юм билээ.

Тэр үрийг ургуулахын тулд төрөөс ҮТП-уудын цахилгаан эрчим хүч, цэвэр бохир, халаалт дулаан, зам талбай, хашаа хороо гээд шаардлагатай дэд бүтцийг нь төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулахын сацуу паркд үйл ажиллагаа явуулах ААН-үүдийн ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, Газрын болон үл хөдлөх хөрөнгийн татвар зэргийг нь эхний 5 жилдээ 100 хувь , дараагийн 5 жилд нь 50 хувь хөнгөлөх эрх зүйн орчин бүрдэх учиртай. Ингээд ярихаар төсвийн орлого тасалдана, татварын орлого буурна гэж мэдэмхийрэгчид гэнэт хаанаас ч юм гарч ирж эх орны эрх ашигт хэрэгтэй хуулийг гацаах эрсдэл бас байна аа.

Уг нь бол “унаганы нуруу хугалуузай” гэгчээр төрөөгүй байгаа үйлдвэрүүдийг төрүүлэх, төлөгдөж эхлээгүй байгаа татваруудыг чөлөөлөх, тэнхээ суусан хойно нь төсвийн орлогоо хэдэн их наядаар нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлж ахиу ашиг улсаараа хүртэх тухайд л яриад байгаа юм шүү дээ.

Тийм болохоор Үйлдвэрлэгч Монгол болох энэ хуулийг улс үндэсээ бодсон хэн боловч дэмжих л ёстой болж таарч байна.

Эс тэгвээс ҮЙЛДВЭРЛЭ, ҮГҮЙ БОЛ ҮГҮЙР, СҮЙР гэдэг үг амилж, хөршүүдийнхээ энгийн нэг иргэдийнх нь амны зугаа болж , бах тавыг нь ханган байрандаа сульдсан хэвээрээ л байх чигтэй дэг.