Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийгмийн даатгалын сан маш хүнд байдалд орсон. Хувийн тэтгэврийн сан, Хуримтлалын нэгдсэн сан зэргийг ашиглан Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэх асуудлыг УИХ-тай ярина. Энэ нь дунд хугацаанд буюу реформ хийх хэмжээний том асуудал. 30 жилийн хугацаанд нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Уг асуудлыг Засгийн газар өнөө маргаашдаа шийдчих асуудал биш.
Гэхдээ нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг Хуримтлалын нэгдсэн сан руу оруулах, бодитоор мөнгөжих, орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулдаг байх тогтолцооны шинэчлэл рүү орно.
Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн байгууллагын ажилтны төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгох зарчмын шийдлийг гаргалаа. Энэ бол хүнд үеийг давахад тусална” хэмээн мэдэгдэж байв.
Улмаар НДШ-ийн 50 хувийг буцаан олгох хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар УИХ-д өргөн барьсан юм. Тэгвэл тавдугаар сарын НДШ-ын буцаан олголт энэ сарын 20-нд иргэдийн дансанд орох талаар албаныхан мэдээлжээ.
НДШ-ийн 50 хувийг буцаан олголтыг цалингийн хэмжээгээс нь хамаарч олгохоор болсон юм. Сарын 1 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцааж олгохгүй.