ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Тавинбэх: Амгалангийн дулааны станцын өргөтгөлийг маргааш эхлүүлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-06-15

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн онцлох шийдвэр гаргажээ. Тодруулбал, төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газрыг нэгтгэж Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар болгожээ.

Мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305.1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгажээ.

Хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах зорилгоор эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай сэлбэг материал, тоног төхөөрөмжийг гадаад улсаас татан авах чиглэлээр БНХАУ-ын холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахыг Гадаад харилцааны сайдад, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.

Мөн энэ өдөр эрчим хүчний салбарт "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хийгдэх ажлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өгөв. Тэрбээр, "Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний сэргэлтийн талаар таван зорилт дэвшүүлсэн. 23 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хангалттай хийсний үр дүнд өнөөдрөөс шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрийн барилга угсралтын ажил эхэлж байна.

10 аймгийн төвд Дулааны станц барихаас долоон аймгийн ажлыг эхлүүллээ. Сэргээгдэх эрчим хүчний дунд бага чадлын таван эх үүсвэрийг баруун бүсэд барихаар тусгасан. Ховд аймгийн Мянгад суманд Монгол Улсын ногоон эрчим хүчний эх үүсвэрийг 10 мянган мвт-аар нэмэгдүүлэх нарны эрчим хүч ашиглах төсөл ашиглалтад орлоо. Энэ долоо хоногт Амгалангийн дулааны станцын өргөтгөлийг эхлүүлнэ. Маргааш нээлтээ хийнэ. Тавантолгой дулааны станцын хувьд хоёрдахь удаагаа тендер зарласан. Тендерийн хугацаа маргааш дуусна.

Хоёр компани тендерийн материал худалдан авсан. Багануурын Дулааны станцын хувьд төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэнэ. Концесс эзэмшигчид энэ ондоо барилга угсралтын ажлыг эхэлнэ гэсэн. Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын ажил долдугаар сард эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлаар зээлийн хэлцлийг БНХАУ-тай хийж байна. Төрийн зөвлөлийн хурлаараа хэлэлцээд шийд гарна гэсэн" гэлээ. 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихад тэнд нутаглаж байсан иргэдийн хохирлыг барагдуулах, бэлчээрийн нөхөн төлбөрийн асуудал яригдах бөгөөд энэ асуудлаар нэгдсэн шийдэлд хүрчээ. Тодруулбал, 271 өрх, 1211 иргэнээр эцсийн тоо гарсан бөгөөд иргэдийн хохирлыг барагдуулахдаа зөвхөн үндсэн хөрөнгийн хохирлыг барагдуулна гэж хуульд тусгасан ч орон нутгийн иргэдэд энэ заалт тохирохгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, малчид, газар тариалан эрхлэгчдэд үндсэн хөрөнгө гэх зүйл бага бөгөөд маш багаар үнэлэгддэг аж. Тиймээс Эрчим хүчний яамнаас санаачилж биет бус нөлөөллийн нөхөн олговрыг олгох буюу нэг иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сартай тэнцэх хэмжээгээр тооцож олгохоор болжээ. Энэ нь нэг иргэнд 15 сая төгрөг ногдоно гэсэн үг юм.