Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэг есдүгээр сарын 12-нд болох юм.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан боловсруулахаар тусгаж, шийдвэрлэсэн билээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар баабар.мн-д өгсөн ярилцлагада "Сүүлийн 10, 20 жилд гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх үйл явц хэрээс хэтэрсэн учраас гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Үүнийг залруулах ёстой. Удахгүй Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны бүх Элчин сайдын яамдын тэргүүнүүд, дипломат төлөөлөгчийн газрын удирдлагыг урьж, уулзаж, ярилцана. Тухайн улс орнуудаас Монголд хөрөнгө оруулалтаа дээрэмдүүлсэн, луйвардуулсан бүх судалгааг танилцуулж, стратегийн өмгөөлөл хийгдэж байгаа талаар танилцуулна.
Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, дараа нь хөөгөөд гаргачихсан, үүнээс болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл учраад явж байна. Яг гардан гүйцэтгэсэн хүнээ Америк руу зугтаалгачихсан. Эх орноо ингэж хорлож болохгүй биз дээ. Заримдаа хэлэх үг олдохгүй үе гарах юм байна шүү дээ. Энэ бүгдийг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, улсыг хохиролгүй, гадны хөрөнгө оруулагчдыг хохиролгүй болгох, буцаан авчрахын төлөө ажиллаж байна. Төртэй, хуультай, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй улсын хувьд эдгээр гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах, дээрэмчдэд хариуцлага тооцох ажлын эцсийг үзнэ. Яривал их юм бий. Монголд буцаж орж ирэхээргүй хар тамга даруулаад гарсан гадаадын иргэн бүрийн ард ийм луйврын золиос байхыг үгүйсгэхгүй. Энэ өдрөөс хойш, энэ цаг мөчөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх асуудал байж болохгүй" гэж байсан юм.