Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс 86.6 тэрбум төгрөг нь үл хөдлөх хөрөнгө, бусад нь Төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгөөр байршжээ. Нийтдээ 11 зээл бүрэн төлөгдөж, хаагдсан байна. Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өгөв.
Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөгжлийн банк дээрх нийт эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрсэн. Нэг зүйлийг онцлоход 86.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны нэр дээр гэрчилгээг гаргуулж дууслаа. Бусад нь Монголбанкны төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгө байршиж байна. Төрийн өмчит компаниудын өр зээлийн асуудал хүлээгдэж байна. Энэ сард багтаан ТОСК-ийн 180 тэрбум, Эрдэнэс Монгол компанийн 160 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэвэл Хөгжлийн банкны балансад томоохон нэмэр болно. Эргэн төлөлт хийгдсэн зээлдэгч нарын нэрс мөнгөн дүнтэй байна. Нийт 11 зээл бүрэн төлөгдөж дууссан" гэв.