Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2022 оны 8 сарын танилцуулгад дурдсанаар Монгол Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 271.5 сая ам.доллароор өсжээ.
Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 271.5 (0.8 хувь) сая ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 545.1 (1.6 хувь) сая ам.доллароор буурсан байна.
Нийт гадаад өрийн 12.1 (36.5 хувь) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 9.2 (27.6 хувь) тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8.1 (24.2 хувь) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.5 (7.5%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3 хувь) сая ам.доллар, бусад салбарынх 470.3 (5.4 хувь) сая ам.доллар, Төв банкных 244.7 (10.9 хувь) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5 (12.1 хувь) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 408.6 (4.8 хувь) сая ам.доллароор буурчээ.
Засгийн газрын нийт өр 2022 оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (5.3 хувь) их наяд төгрөг, өмнөх улирлаас 980.9 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын дотоод өр 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 514.3 (49.2 хувь) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 14.6 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр, барих-шилжүүлэх төрлийн концесс 270.7 (35.5 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурч, гадаад өр 2.2 (9.2 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.