ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Цар тахлын дараах хямралыг дефолт зарлахгүйгээр давж чадлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-02

Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтээрээ цар тахал болон дайны  үеийн эдийн засаг, нийгмийн хямралыг  туулж байна. Энэхүү шинэ сорилтын өмнө улс орнууд аль болох хүндрэл багатай даван туулах, эдийн засгийн хувьд хямралд өртөхгүй байх бүхий л бодлогыг авч хэрэгжүүлж байгаа билээ.

Манай улсын хувьд ч ялгаагүй, цаг үеэ дагаад Засгийн газраас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, эдийн засгийн болоод нийгмийн хямралын хүнд үеийг даван туулж, тэмцэж байгаа. Цаашид ч тэмцэх учиртай. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодлогын менежмент нийгэм эдийн засагт эерэг нөлөөллийг бий болгож чаджээ.

Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын гадаад өрийн асуудал ч хөндөгдөх учиртай. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр “Сүүлийн гурван жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэний  Засгийн газар  1 тэрбум 650 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлж, хугацаа нь тулаад байсан “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ” бондуудын төлбөрийг бүрэн барагдуулснаар дефолтын эрсдэлээс бүрэн гарсан” гэх сайхан мэдээллийг дуулгав.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс цар тахлын дараах хямралыг дефолт зарласангүй, давж чадлаа. Ингэснээр олон улсын зах зээлд Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ өндөрсөж, ОУВС гэх байгууллагын хөтөлбөрийг алгасаж, гадаад өрийн хэмжээ ч буурчээ. Эргэн сануулбал, Монгол Улс 2012 оноос эхлэн анх удаа бонд гаргасан байдаг. “Чингис”, “Дим Сам”, “Мазаалай”, “Кредит свисс”, “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад” зэрэг бондуудыг гаргасан бөгөөд 2.9 тэрбум ам.долларын гадаад өрийг бий болгожээ.

Бондын мөнгөөр ихэвчлэн төсвийн алдагдал нөхөх, дахин санхүүжүүлэх зэрэгт зарцуулсан байдаг. Харин 2012 онд гаргасан Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэр болж, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих зээл хэлбэрээр  аж ахуйн нэгжүүдэд олгосон боловч зориулалтын дагуу ашигласан нь даанч цөөхөн.

Хэдэн эрх мэдэл, албан тушаалтны гараар орж, хариуцлагагүй аж  ахуйн нэгж удирдлагуудын амьжиргааны эх үүсвэр болоод дуусан байдаг. Энэхүү луйврын хэргийг хууль хяналтын байгууллага зөв шийдэж, эргэн төлөлтийг хийлгэж чадвал 1.5 тэрбум ам.долларыг алдагдсан цаг хугацаа, хүүгийн хамт нөхөх бололцоотой.

Угтаа, Л.Оюун-Эрдэний Засгийн газар зургаан бондын 2.9 тэрбум ам.долларын өртэй, цар тахал, дайны үеийн хүнд хэцүү эдийн засагтай нүүр тулсан бөгөөд зөв менежмент хэрэгжүүлснээр эрсдэлийг давж чадсан нь өнөөдрийн онцлох сэдэв мөнөөс мөн.

Монгол Улс зургаан бондын өрнөөс дөрөвтэй нь үлджээ. Чингис, Гэрэгэ бондын өрийг бүрэн төлж, 2.9 тэрбум ам.долларын өрийг найм орчим сая ам.доллар болгон буурууллаа. Үүнтэй зэрэгцээд Монголын эдийн засаг өндийж эхэллээ. Бид амаргүй цаг хугацааг хохирол багатай даван туулав. Өнөөдөр төсвийн алдагдал буурч,  экспорт ч нэмэгдэж байгаа сайхан мэдээгээр 2023 оны зуны эхэн сартай золгов. Нөхцөл байдал энэ хэвээр байвал 6, 7 дугаар сард хүүхдийн мөнгө олгох эсэх асуудлыг ч Ерөнхий сайд мэдэгдээд байгаа билээ.