Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 2007 оноос эхлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хандив тусламж үзүүлэх болжээ. Тус үйлдвэр 2007-2014 оны хооронд иргэн аж ахуй нэгжид нийтдээ хоёр тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлсэн байдаг бөгөөд тэр их мөнгийг чухам хэнд, ямар зориулалтаар, хэрхэн хандивласан нь тодорхойгүй байдаг юм. Хэнд, ямар зориулалтаар олгосон нь тодорхойгүй тэрхүү хоёр тэрбум төгрөгийн хандив тусламжийн задаргаанаас нь үзвэл жилд 1-5 байгууллагад л хандив өгч байсан бөгөөд гурван саяас 478 сая төгрөгийн хандив өгсөн байдаг юм. “Эрдэнэт” үйлдвэр 2015 оноос хойш хэнд, хэдэн төгрөгийн хандив өгсөн гэдгээ ил тодоор тайлагнах болжээ. Ил тод болгосон хандив, тусламжийн дунд эрхгүй анхаарал татахуйц хэд хэдэн зүйл байв.
Тухайлбал, 2016 онд “Эрдэнэт” үйлдвэр Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хашааг засаж сэлбэхэд 50,5 сая төгрөг, “РИО-2016” зуны олимпын наадмын шууд дамжуулалтын төлбөрт 500 сая төгрөг хандивлаж байжээ.
Үүгээр ч зогсохгүй “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглаж, зэсийн катодоос асар их хэмжээний ашиг олж байгаа “Ачит Ихт” ХХК-д 72,6 сая төгрөгийн хандив өгч байжээ. Түүнчлэн Тройцкий гэгч сүмд 97,6 сая төгрөг, Орхон аймаг дахь Оросын консулын газарт 1,1 сая төгрөг, Монголын эдийн засгийн форумд 80,0 сая төгрөг өгч байсан атлаа Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт ердөө 400 мянган төгрөг өгсөн байдаг юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өгсөн нийт хандив тусламжийн 28 хувь баяр наадам, тэмцээн уралдаан, ойн наадамд зарцуулагдсан байдаг аж. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон гэргүй болсон иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхэнд өгсөн хандивын хэмжээ нь нийт хандивын ердөө 0,07 хувийг эзэлж байв.
Тус үйлдвэр Монголын ЕБС-ийн нэг ч сургуульд хандив тусламж үзүүлж байгаагүй атлаа ОХУ-ын Буриадын Хиагт дунд сургуульд 2015 онд 9,9 сая төгрөг, 2016 онд 46,3 сая төгрөгийн хандивыг тус тус өгчээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар морины хорхойтон байсан уу, эсвэл Монголын морин спорт уяачдын холбооныхон “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарт нөлөөлдөг байсан уу бүү мэд. Ямартай ч тус үйлдвэр хурдан морины уралдаан, даншиг наадмуудад чамлахааргүй хэмжээний хандив тусламж үзүүлсээр иржээ. Тухайлбал, 2017 онд Даншиг наадамд 40,0 сая төгрөг, Төвийн бүсийн хурдан морины уралдаанд 20,0 сая төгрөг, 2016 онд Монголын морин спорт уяачдын холбоонд 100 сая төгрөг хандивлаж байжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гэх заалт байдаг. Гэвч Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаярын эмчилгээний зардалд 3,0 сая төгрөг, Орхон аймаг Нийгмийн даатгалын хэлтэст 0,878 сая төгрөг, Төрийн өмчийн бодлого зохицуулалын газар 25,0 сая төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сум байгуулагдсаны 30 жилийн ойд зарцуулна хэмээн 30,0 сая төгрөгийг тус тус “Эрдэнэт” үйлдвэрээс хандив нэрээр авч байжээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь “Эрдэнэт” үйлдвэрийн барилга, байгууламж, эд хөрөнгийн ашиглалт, захиран зарцуулалтад хяналт тавих, өмч эзэмшлийн гэрээг баталгаажуулах чиг үүрэгтэй хяналтын байгууллага атлаа тус үйлдвэрээс 25,0 сая төгрөгийн хандив тусламж авч ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан байв.
Монгол Улсын төсвийн гол ачааг нуруундаа үүрч яваа “Эрдэнэт” үйлдвэр 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн 100 хувь Монголын өмч болсон. Энэ мөчөөс эхлэн тус үйлдвэр ОХУ-ын Элчин сайдын яам, Консулын газар, Буриад улсын сургуульд өгдөг хандив тусламжаа зогсоосон байдаг юм.
“Эрдэнэт” үйлдвэр 2017 онд зэсийн борлуулалтаас нийт 1,788 их наяд төгрөгийн орлого олж, улсад 147,8 тэрбум төгрөгийн татвар, 384,2 тэрбум төгрөгийн төлбөр, хураамж төлж байжээ.
Тус үйлдвэр 2007-2017 оныг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өгсөн 3,539 тэрбум төгрөгийн хандив тусламжийг задлахад ийм байна.
“Эрдэнэт” үйлдвэрээс үзүүлсэн хандив тусламж
2017 онд
1. Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаярын эмчилгээний зардалд 3.0 сая төгрөг
2. Үерт өртсөн айлуудад 10.725 сая төгрөг
3. МҮОНТВ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий ажилтнуудад 10.0 сая төгрөг
4. Тамирчин Д.Чулуунбаатарт 3.554 сая төгрөг
5. Даншиг наадамд 40.0 сая төгрөг
6. Төвийн бүсийн уралдаанд 20.0 сая төгрөг
7. Найрамдлын нийгэмлэгүүдийн монгол эвлэлд 10.0 сая төгрөг
8. Төрийн өмчийн бодлого зохицуулалын газарт 25.0 сая төгрөг
9. Наурызын баярт 2.0 сая төгрөг
10. Иргэн Н.Нямсүрэнд 11.070 сая төгрөг
11. “Хөх-Ах” ТББ-т 5.0 сая төгрөг
12. “Монголын архитектур” ТББ-д 2.498 сая төгрөг
13. “Монгол Оросын найрамдал” арга хэмжээнд 24.651 сая төгрөг
14. Орхон аймгийн хүүхэлдэйн театрт 4.705 сая төгрөг
15. “Итгэлийн мод” ТББ-т 8.0 сая төгрөг
16. “Туушин” зочид буудалд 15.290 сая төгрөг
17. Монголын волейболын холбоонд 15.0 сая төгрөг
18. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоонд 7.3 сая төгрөг
2016 онд
1. Советийн 9,17 заалтын дагуу Тройцкий сүмд 97.662 сая төгрөг
2. Үйлдвэрийн геологчдийн холбоонд 5.0 сая төгрөг
3. Эрхүү хотын УАААДС төгсөгчдийн холбоонд 1.6 сая төгрөг
4. Монголын эдийн засгийн форумд 80.0 сая төгрөг
5. Орхон аймгийн зохиолчдын эвлэл 40 жилд 10.0 сая төгрөг
6. Монгол Оросын дипломат харилцаа 95 жил концертод 6.5 сая
7. Монголд суугаа Оросын Элчин сайдын яамны хашаа засварт 50.501 сая төгрөг
8. Серж Классик Меценат Монголын жүжигчдэд 5.0 сая төгрөг
9. Монголын боксын холбоонд 17.994 сая төгрөг
10. Монголын морин уяачдын спорт холбоонд 100.0 сая төгрөг
11. “РИО -2016” олимпын наадмыг ивээн тэтгэхэд 500.0 сая төгрөг
12. Герман дахь Монголын Элчин сайдын яаманд 13.750 сая төгрөг
13. Орхон аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлийн тэмцээнд 1.5 сая төгрөг
14. Буриадын Хиагт дахь дунд сургуульд 46.385 сая төгрөг
15. ММНБИ-ийн Орхон аймаг дахь салбар 20 жилд 1.5 сая төгрөг
16. Орхон аймаг дахь Оросын консулын газарт 1.154 сая төгрөг
17. “Ачит Ихт” ХХК-д 72.659 сая төгрөг
18. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт 0.4 сая төгрөг
19. Амарбаясгалант хийдэд 3.671 сая төгрөг
2015 онд
1. Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 101-р ангид 24.933 сая төгрөг
2. “Сэмүүн студи” ХХК-д 51.500 сая төгрөг
3. “Авьяастан” ТББ-д 10.872 сая төгрөг
4. “Монгол улсад оршин суудаг Орос иргэдийн нийгэмлэг” ТББ-д 4.2 сая төгрөг
5. МҮОНР-д 15.0 сая төгрөг
6. “Оросын сан” ТББ-д 5.832 сая төгрөг
7. “Монголын эдийн засгийн форум” ТББ-д 65.0 сая төгрөг
8. Буриадын Хиагт дунд боловсролын сургуульд 9.919 сая төгрөг
9. Ахмадын холбоонд 0.5 сая төгрөг
10. “Уул уурхайн мэргэжлийн холбоо” ТББ-д 15.0 сая төгрөг
11. Баян-Өндөр сум байгуулагдсаны 30 жилийн ойд 30.0 сая төгрөг
12. Архидалт мансуурлын эсрэг ассоциацийн Орхон аймаг дахь салбарт 3.654 сая төгрөг
13. Сэлэнгэ аймаг Хилийн цэргийн 101-р ангид 27.263 сая төгрөг
14. Иргэдэд 1.118 сая төгрөг
15. “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-д 1.826 сая төгрөг
16. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 0.878 сая төгрөг
17. Монголын аж үйлдвэрийн ажилчдын чуулганд 40.0 сая төгрөг