Арван найман жилийн дараах лекцийн танхим, дэвтэр бал, индэрийн ард зогсох багшийн царай. Тохой залган суух ангийн найзтайгаа том онгоц зурж байгаад шивнэлдэн буудаж дэггүйтмээр ч юм шиг. Урдаас багш ширтэхээр ухаантай царайлан дэвтэр лүүгээ тонгойж, багшийн нүд хариулан ширээ дэрлэн зүүрмэглэмээр ч юм шиг.
Ард унтах нэгэн рүүгээ цаас шидээд давхийн сэрэхэд нь шоолж инээмээр санагдах. Эсвэл Их сургуулийн эхний жилүүд шиг багшийн хэлсэн үг бүрийг уйгагүй бичиж тэмдэглэдэг хэнхэг оюутан болмоор. Өвөрмонголын Их сургуульд солилцооны оюутнаар очоод Их сургуулийн гудамжинд "Мотив" хамтлагийн “Хайрын гэгээ” дууг хоолойгоо сөөтлөө дуулж явсан тэр гэгээхэн үедээ эргээд очсон мэт догдлох мэдрэмж ямар гоёхон юм бэ.
МУИС-ийн хоёрдугаар байрны хоёр давхрын цайны газрын шаржигнасан гурилтай төмстэй пирошки биш ч гэлээ оюутны хоолны газарт оюутны үнэмлэх уншуулан, хар шар мянга, мянган оюутнууд дунд хооллочихоод гадагшаа гарч оюутны дотуур байр, Их сургуулийн анги танхимын дундуур алхах нь нэг л өөр мэдрэмж хийгээд, залуу настай минь хамт ард үлдсэн дурсамж, дуртатгал бүхнийг эргэн сануулах ажээ. Эгээ л арван наймт шиг дурсамж бүрээ онгичмоор, эсвэл идэр насандаа дахиад сурмаар, суралцмаар тийм гоёхон хийгээд хөвсөлзсөн мэдрэмжийг “Huazhong university of science and technology” /Хуажун Шинжлэх ухаан технологийн их сургууль/-ийн урилгаар дөрвөн хоногт мэдрээд ирэв.
Монголын хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа цахим сэтгүүлзүйн салбарын 20 гаруй төлөөлөл, улс төрийн шийдвэр гаргах түвшинд шат, шатанд бэлтгэгдэж буй СоДЭХ-ны удирдах баг, орон нутгийн зарим төлөөллийг багтаасан 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Ухань хотыг өнгөрөгч аравдугаар сарын 19-ний өдөр зорилоо.
Товлосон цагтаа буюу 20.00 цагт бид Төв вокзал дээр зүг бүрээс ачаа бараагаа чирсээр уулзацгаав. Хэдийгээр нэг салбарт ажилладаг ч гэлээ ажлын онцлог, завгүй хэмнэлээс шалтгаалан тэр бүр хоорондоо таарахгүй учраас хол ойрын сонин хачнаа хуваалцан, өрөө өрөөндөө тухлан ам хуурайгүй л оройг өнгөрүүлэв, бид. Нас, насаараа, найз нөхдөөрөө нийлж хөзөрдөх нь хөзөрдөж, хөгжилдөж дуулах нь дуулсаар үүрийн гэгээтэй уралдан Монгол Улсын өмнөд хил Замын-Үүд боомтод иржээ.
Бид энэ удаа олон улсын вагоноор явсан учраас шууд өрөөндөө ачаа бараа, гадаад паспортоо шалгуулан БНХАУ-ын Эрээн хотын хилийн шалган руу нэвтрэв. Биднийг Өвөрмонголын өөртөө засах орны “Цагаан суварга” онгоцны буудалд хүргэх автобус хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр нэвтэрсэн даруйд гадаа нь хүлээгээд зогсож байх нь тэр. Зам зуураа Эрээн хотын төвд шуурхайхан хооллоод дараагийн урт замдаа дуу хуур, хөгжөөн наргиантайхан гарлаа. Нэгэн салбарт ажиллаж, нэг зорилгын төлөө зүтгэж буй бидэнд ярих сэдэв ч мундахгүй их ээ.
Тэр тусмаа цар тахлын дараах Хятад улс, дэлхий дахины анхаарлын төвд байсан Ухань хотод анх удаа хийгээд дахин хөл тавих гэж байгаа хүн бүр өөр, өөрсдийн сэтгэгдэл, санал бодлоо хуваалцан хууч хөөрсөөр торох саадгүй замаар таван цаг гаруй давхиад ӨМӨЗО-ны “Цагаан суварга” онгоцны буудалд хүрч иржээ. Тэндээс аялалын унаагаа дахин сэлгэж агаарын хөлгөөр хоёр цаг гаруй ниссээр Ухань хотод үдшийн 24.00 цагтай уралдан хөл тавив.
2019 оны сүүлээр хүн бүхний нүдэнд сандрал, айдас мэдрэгдэж, эх орон элгэн садан руугаа яарч байх цагт энэхүү онгоцны буудлаас санд мэнд Монгол руугаа, хайртай бүхэн рүүгээ нисэж байсан дурсамжаа Уханий төгсөгч Баба маань бидэнтэй хуваалцав. Яг тэр цаг үетэй давхцах шахуу Хуажун Их сургуулийн урилгаар ирж номын дуу сонсоод буцахдаа “буцаж заавал ирнэ дээ” хэмээн бодож явсан бодлоо дахин биелүүлж чадсандаа Байгалаа эгч маань ч додигор.
Цар тахал дэлхий дахиныг хамарч, Уханьд үлдсэн монголчууд хэрхэн буцаж ирэх тухай яригдаж байх цагт нялх үрээ тэврээд МИАТ-ийн онгоцноос эх орондоо нулимстай бууж байсан Болороо маань бидний албан ёсны орчуулагчаар томилогджээ. Хэдийгээр Уханьдаа эргэн ирээгүй ч гэлээ Бээжин хотод дэлхийд эрэмбээрээ эхний 15-д ордог том сургуульд магистраа хамгаалан ажиллаж, амьдарч байгаа гээд түмэн гэрлээр гялалзах атлаа тунчиг чимээ аниргүйхэн орших энэ хоттой холбоотой дурсамжаа хүн бүхэн зам зуур эрж, уудалсаар бидний нөхөд зочид буудалдаа тухлав.
Ой дундах их сургууль сургалтаараа эхний 10-т эрэмбэлэгддэг гэлээ
Хуажун Шинжлэх ухааны технологийн Их сургууль нь Хятадын Боловсролын яамны удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг иж бүрэн судалгааны сургууль юм билээ. Сургуулийн кэмп нь гэхэд л манай Дархан хоттой дүйцэхүйц том ажээ. Хятадын дээд боловсролын байгууллагуудад зориулсан “Онцлох санаачилга”-ын хүрээнд батлагдсан анхны Их сургууль. Инженерчлэл, анагаах ухаан гэсэн академик сургалтаараа эхний 10-т ордог бөгөөд улсынхаа тэргүүлэх 20 гаруй хичээлээс гадна барууны соёл судлал, сэтгүүлзүй зэрэг дөрвөн хичээлийг онцолж заадаг гэдгээ тэд дуулгаж байна.
1160 акр газарт хоёр том кампус байрлаж, 3400 багшлах боловсон хүчний 1200 нь профессор, 1400 дэд профессор, 19 академич гээд нийтдээ 6611 чадалтай, чансаатай ажиллах боловсон хүчнийг эгнээндээ багтаажээ, тэд. 30 гаруй мянган оюутныг бакалавраар, 15 мянган оюутныг магистраар, 6000 оюутныг доктор, профессороор болон 500 гаруй нарийн мэргэжлийн докторыг тэд энэ өдрүүдэд Их сургууль дээрээ бэлтгэн, хөдөлмөрийн зах зээлд гаргахаар суралцуулж байна.
“Ой дундах их сургууль” гэж нэрлэгддэг тус их сургуулийн кампус нь тэр чигээрээ буюу 72 хувийг нь битүү ногоон байгууламж эзэлжээ. Оюутан ерөөс Их сургуулийн гудамжнаасаа холдохгүйгээр төрийн болон Их сургуультай холбоотой бүх үйлчилгээг нэг цэгээс авахаар зохицуулалтыг хийж өгчээ. Оюутны хоолны газарт гэхэд л тусгай тендер зарласны үндсэн дээр шалгаруулалт явуулдаг бөгөөд хамгийн чанартайг хамгийн хямдаар бэлтгэн нийлүүлэх зорилготой ажилладаг. Тиймдээ ч цар тахлын хүнд цаг үед ч оюутнуудыг гаднаас бус зөвхөн оюутны хоолны газраасаа шинжилгээнд хамрагдсан эрүүл хүнсээ авч идэхийг уриалж байсан гэлээ. Оюутан нэг бүр тусгайлсан карттай бөгөөд түүнийгээ цэнэглээд хоол, унд, жимс, бусад хэрэглээний бараа гээд архи согтууруулах ундаанаас бусад бүх төрлийн хүнсийг хотхон дотроо хөнгөлөлттэй бас хямдралтай идэх, худалдан авах боломжийг бүрдүүлжээ.
Мөн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гэх мэтээр оюутны бүх бичиг баримтаа нэг цэгийн үйлчилгээнээс авахаас гадна жолооны шалгалтаа ч цахимаар өгөх боломжийг бүрдүүлж өгсөн байх аж. Оюутнууд тусгайлсан цахим тоног төхөөрөмж бүхий номын сангуудад 24 цагаар ч байрлаж хичээлээ хийх боломжтой. Амрах жижигхэн өрөө, ая тухтай суух сандал ширээг цөм бүрнээр нь тохижуулж өгсөн учраас нийтийн стресстэй амьдралд нэг өдөр ч оролцохгүйгээр зөвхөн хичээлдээ анхаарах, сурах тэр бүх боломжийг бүрдүүлж өгсөн нь атаархмаар. Оюутнууд тэнд зөвхөн сурахаас өөр зүйлд анхаарахгүй байхаар тохижуулж, тордож зассан байна билээ.
Өмнө хэлсэнчлэн, Хуажун Шинжлэх ухаан технологийн их сургууль чансаагаараа эхний 10-т эрэмбэлэгдэхээс гадна дэлхий нийтийн хамтын хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс шинжлэх ухааны судалгаа шинжилгээг тогтмол хийдэг үндэсний дөрвөн судалгааны байгууламжтай цор ганц сургууль аж. Олон улсын хамтын ажиллагаа тус сургуулийн гол цөм гэхэд хэтийдэхгүй. Тиймдээ ч БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилсан “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд 26 улстай хамтын ажиллагааг өргөжүүлж, 155 орны 160 гаруй мянган оюутныг суралцуулан төгсгөжээ. 41 улсын 250 гаруй Их сургуультай ч хамтын ажиллагаатай гэлээ. Түүн дотроо 378 монгол оюутан тус сургуульд суралцаж төгссөний нэг нь Монгол Улсын ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа. Өнөөдөр ч тэнд Монгол Улсын долоон оюутан эрдэмд шамдан суралцаж байгаатай бид уулзаж, хамтдаа хичээлд суугаад гарлаа.
Бидэнд танилцуулга хичээл орсон Жан Жинхуа багш Х.Булгантуяа сайдыг анх 20 жилийн өмнө хүлээн авч, дипломын ажлыг нь удирдаж байсан багш нь юм билээ.
Хоёр улсын харилцаанд үнэлж барамгүй хувь нэмэр оруулж буй эрхэм шавь нь Хуажуны бахархалт төгсөгчдийн нэг болоод зогсохгүй цаг ямагт эргэх холбоотой байж цар тахлын хүнд өдрүүдэд ч утсаар, мэйлээр биесийг нь асууж, эрүүл мэндэд нь санаа тавьж байсанд өнөөдөр ч баярлаж суугаагаа нуусангүй. Шавь нь төрсөн нутагтаа очиж, нам, улс төрийн өндөр албан тушаалд томилогдсоны дараа сургуульдаа эргэн ирж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах том ажлын эхлэлийг тавьсныг энэ үеэр мөн бахархан ярьж байлаа.
Тухайлбал, 2015 онд МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсоны дараа 2016 онд сургуульдаа “Монгол судлалын төв” байгуулах ажлыг эхлүүлж байсан бол хоёр улсын худалдааны харилцаа, хамтын ажиллагааг ч нэн шинэ шатанд хүргэх ажлыг амжилттай хийсээр явааг эрхэм багш нь индрээс баяртайгаар дуулгалаа. Үүнээс гадна Монгол Улсын хэвлэл мэдээллийн багийг ч хоёр дахь удаагаа урилгаар авчран, номын дуу сонсгож, ахисан шатны мэдлэгтэй шинэ үеийг бэлтгэж эхэлсэн зэргээр улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэж буй эрхэм шавьдаа биднээр дамжуулан талархлын үгсээ илгээсэн юм.
Хөх мөрний эргийн гоо үзэсгэлэн
Мөн бид Их сургуулийн эрт эдүгээгээс өнөө цагийн түүхээр нэгэн өдөр аялах боломж тохиов. Хээр хөдөө, зэлүүд талд шанг нь татаж байсан тус Их сургууль ямар түүхээр, ямар жимээр урагшилж, өдгөө ямархуу хэмжээний том сургууль болсон түүхэн цаг хугацаанд саатсанаар Их сургуулийн эрдмийн хотхонд өнжсөн бидний эхний өдрийн аялал өндөрлөв. Өдрийн хоолоо оюутнуудтай цуг идэж, түмэн хэлээр найрал хөгжим дуулах мэт газар, газрын залуустай цуг догдлон алхалсаар Уханий үдшийг тольдохоор Хөх мөрний эргийг зорилоо.
Хөх мөрний төв эрэгт орших Ухань хот нь 15 сая хүн амтай бөгөөд Төв Хятадын боловсрол, зам тээвэр, эдийн засгийн тэргүүлэх хот ажээ. Хятад улс хот бүрээ тухайлсан хөгжлөөр нь бүсчлэн хөгжүүлдэг онцлогтой.
Шанхай хот гэхэд л технологийн хөгжлөөр тэргүүлдэг бол Ухань харин шинжлэх ухаан, боловсролоор тэргүүлэгч болон хөгжсөөр байна. Хятадын өнцөг булан бүрт энэ хотын Их сургуулиудаас төгсөж гарсан бахархалт залуус баялаг бүтээж, улс орныхоо хөгжилд түүчээлэгч хийсээр буйг дурдах нь илүүц биз.
Хөх мөрний эдийн засгийн бүсэд ч тэргүүлэх үүргээ Ухань цаг ямагт хадгалж, бизнесийн асар их боломжийг агуулсан дэлхийн мега хот болох эхлэлээ бүрэн тавьжээ. Эгнүүлэн барьсан тэс өөр барилгууд атлаа эгээ л лего тоглоом эвлүүлээд өрчихсөн мэт түмэн гэрлээс сонгон нэг өнгөөр гялалзах шилэн барилгуудынх нь үзэсгэлэнтэйг яана вэ.
Өнгөрсөнд тэд хүнгүй мэт эзгүйрч, өнчрөл хагацлын дуунд “гасалж” байсан нь үнэн юм уу хэмээн эргэлзмээр ер бусын сүрлэг хийгээд намуухнаар сүр бараа гоёмсог төрхөө харуулан оршсоор байх ажээ. Магадгүй тэд хүнд хэцүү цаг үеийн дараа бие биедээ илүү их хайртай болж, илүү ихээр амар амгаланг олсон уу гэлтэй ер бусын тайван хот санагдсаныг нуух юун. Шанхай шиг их хөл хөдөлгөөн, Бээжин шиг олон хэлийн хүмүүс хөлхөлдөхгүй эгэл жирийн атлаа энгүй үзэсгэлэнтэй хот аж.
Хятадын бүх л муж хотуудад түгээмэл болсон гудамжны бүжгээ хаа сайгүй олон янзаар дэглэн орой бүр хийцгээнэ. Амралтын өдрүүдэд бидний л адил үр хүүхдээ дагуулсан хосууд худалдааны төв, моллуудаар дүүрэн байх ч гэлээ 15 сая хүн амтай атлаа хүний хөдөлгөөн эрс бага санагдав. “Парисын гудамж” хэмээн нэрлэх гоёмсог барилга бүхий шөнийн гэрэлт гудамжиндаа ч залуус нь тэр бүр гарч ирэхгүй юм билээ. Гэлээ ч дуу хуур, үдэшлэг наадам тэнд тасрахгүй үргэлжилсээр.
Үргэлжлэл бий...