Хүний нутгийн сайхныг бахдаж, биширч явахдаа ч өөрийн улсынхаа гялтайх сайн мэдээг дуулгахсан гэж адгадаг, бидэнд ялгарах зүйл бий билүү гэж асуумаар үе олон бий. Тиймдээ ч энэ удаагийн тэмдэглэлээ дотоодын гялтайх гоё мэдээгээр эхлүүлье гэж бодов.
"Hipay"-тай байхад хаана ч газардахааргүй болжээ
Дэлхийн загварын хот Уханьд ирээд хэдийнэ хоёр хоночихжээ. Эхний өдөр зүг чигээ олохгүй төөрөлдөж байсан бидний нөхөд чихний бөглөөс, хөлний “үдээс” нь тайлагдсан бололтой буудлын ойролцоох дэлгүүрээр төвөггүйхэн хэл амаа олоод үйлчлүүлчихдэг болж шүү. Хичээлийн бус цагаар ээжүүд, эмэгтэйчүүд л болсон хойно хаана хямдралтай, эсвэл гайгүйхэн бараатай дэлгүүр байгааг нэгэндээ дамжуулсаар буудлын хажуугийн моллд оройн цагаар нэгэнтэйгээ тааралдацгааж нэгнээ шоглон хөхрөлдөнө.
“Бараа дарах нь уу” хэмээн нэгнээ явуулахаа ч бас мартахгүй ээ. Цар тахлын өмнөх Хятад улс ба цар тахлын дараах Хятадын ялгаа нь дижитал хөгжлийн цар хүрээ хэмээн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Үүнийг ч хилийн хорио тавигдсаны дараахан өөрийн биеэр мэдэрсэн билээ. Хятадад аппликейшнээр таксигаа дуудна, мөн түүгээрээ төлбөрөө төлдөг болсон. Жижиг хүнсний дэлгүүрээс бусад бүх худалдааны төвүүд цахимаар худалдан авалтаа хийдэг болсон байж билээ. Тиймдээ ч бэлэн мөнгөтэй очсон бидний хэсэг нөхөд дэмий л 100 юань сарвайж зогсохоос өөр аргагүй байдалд орох үе ч олон байлаа.
Тэгвэл энэ удаа явахдаа “Hipay” апп-ын дансаа цэнэглээд гарсан маань том олз болов. Хаана ч орсон “Hipay” апп-ын QR дээрээ дарахад Alipay QR мөн сонголтоор гарч ирэх бөгөөд түүнийгээ худалдагч руу сарвайхад л төлбөр 3 секундын дотор төлөгдөх ажээ. Хэрвээ дансан дахь мөнгө дууссан бол “цэнэглэх” гэдгээ дараад л ХААН, Худалдаа хөгжлийн банкны аль ч данснаасаа мөнгөө шилжүүлж авч, өгч болно.
Мөн Монгол Улс руу ч “Hipay”-гийн дансаа өгөөд хүссэн хүнээсээ мөнгө шилжүүлэн авах боломж бүрдсэн нь авууштай хийгээд талархууштай. Дан ганц төлбөр тооцоо ч бус датагаа ч хүссэнээрээ худалдан авч болохоос гадна эх орондоо ирээд тог цахилгаан, бусад үүрэн телефоны төлбөрөө төлөх зэргээр бүрэн дүүрэн ашиглах боломжийг олгосон учраас хаана ч газардахгүй явсаар эх орондоо газардав, бид. Нөхөд маань “Hipay” дансаа Монголын хилээр гарсан даруйд цэнэглэж авсан учраас бэлэн мөнгө сарвайж хэнэггүйтэж зогсохгүй асуудлыг тунчиг эвтэйхэн зохицуулан төлбөрөө төлж байлаа.
“Парисын гудамж”-аар оройдоо дэмий тэнэсэн үе тэнгийн нөхөд маань буудлын гадаа таксидаж ирээд 10 юанаа хайгаад тэмтчиж байх зуурт жолоочтой ганцхан дохиогоор ойлголцож, апп-аа ашиглан 10 юанаа төлчихөөд буух нь “догь” мэдрэмж хийгээд цахим хөгжлөөс чинь бид ч бас хоцроогүй яваа шүү гэдгээ харуулах боломжийг олгосон “Hipay”-гийн хамт олонд дахин, дахин баяр хүргэе. Бид дэлхийн хөгжил тэр дундаа цахим хөгжлөөс тийм ч хол хоцроогүй юм шүү гэх бахархам сэтгэгдэл төрснөө нуух юун.
Гэрээсээ хүнд даацын машин жолоодож, таны робот хувилбар хичээл заана гээд бод доо
Цар тахлын гурван жилд Хятад улс тэр чигээрээ дижиталчлагдаж, цахим хувьсгал бүрэн хийгдсэн гэдгийг ч бидэнд хоёрдахь өдөр хичээл орсон Хуажин Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эдийн засгийн факультетын Чэн Ву багш ойлгуулав. Хятад улсын дижитал хөгжлийн чиг хандлага нь гурван сэдвээр тодорхойлогдож байна. Тодруулбал,
-Хувь хүн
-Аж ахуйн нэгж
-Засгийн газар гэсэн дарааллаар дижитал хөгжлийн хувьсал явагджээ. Хувь хүн гэдэг нь өнөөдөр ч бидний бугуйнд зүүсэн байгаа ухаалаг цаг, гар утас, цаашлаад чихэвч, нүдний шил, тэр байтугай гэртээ очиход хоол халуунаар байлгаж буй сав суулга, ухаалаг гэрийн тавилгууд зэрэг нь худалдан авалт болон борлуулалт, үйлдвэрлэлээр цаашдаа ч тэргүүлсээр байх учраас хувь хүнд чиглэсэн дижитал үйлдвэрлэл нэгдүгээрт эрэмбэлэгдсэн хэрэг. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүд мөн л ар араасаа дижитал буюу цахимжиж эхэлжээ.
Хятад залууст 300 мянган юаний өндөр цалин амлаад ч эрсдэлтэй нөхцөлд ажиллахыг хүсэхгүй болсон бөгөөд уул уурхай, хүнд үйлдвэрлэлд ажиллах хүний нөөц олдохгүй байгаагаас тэдгээр салбарууд жолоочгүй автомашин эсвэл алсаас удирддаг хүнд даацын автомашинуудыг хэрэглээндээ өргөнөөр ашиглаж эхэлжээ. Ингэснээр ажиллах хүчний хомсдолоо бүрэн шийдэх эхлэлээ тавьчихаж. Дэлхий даяар төрөлт буурч байгаа учраас цаашдаа ч ажиллах хүчний хомсдол үүсэх нь тодорхой. Харин аж ахуйн нэгжүүд энэхүү бэрхшээлээ хиймэл оюун ухаанаар, ухаалаг автомашин болон роботуудыг хөдөлмөрийн зах зээлдээ өргөнөөр ашиглан шийдэх гарцаа олжээ. Цаашдаа бие хүний ухамсар, тархины мэдээллийг хуулбарлах замаар хүнийг хувилсан робот бүтээх том ажлын эхлэлээ ч бүрэн дүүрэн тавьж чадсанаа дуулгалаа.
Нэг үгээр хэлбэл, бидэнд хичээл орж буй Чэн багш нэг өдөр өвдөж, эсвэл гэртээ ажилтай байлаа гэхэд өөрийнхөө робот хувилбараар хичээлээ заалгах тэр цаг хаяанд ирсэн байна гээд бод доо. Хятад улсад хүн бүхэн жолооны үнэмлэхтэй байх албагүй болсон. Жолоочгүй ухаалаг машин таныг хаана ч хүргэх боломжтой. Автозамын нэгдүгээр эгнээг зөвхөн ухаалаг машинд зориулан бүрэн камержуулах ажлыг ч Хятад улсын бүх хот, мужуудад эхлүүлээд дуусах шатандаа орсон гэв. Засгийн газрыг гуравдугаарт эрэмбэлсэн шалтгаан нь энд харьцангуй хүн хоорондын харилцаа өрнөж байгаа гэж дүгнэж болно. Бичиг баримтын бүрдэл гэх мэтээр хүнээс хүнтэй уулзах, харилцах уламжлалт харилцаа хэвээр байгаа ч цаашдаа төрийн бүх үйлчилгээг ч ганцхан товчлуураар шийдэх гарц боломжийг бүрэн дүүрэн төрийн бүх шатанд нэвтрүүлж эхэлсэн гэлээ.
Гудамжны хоол тансаг рестораныг давсан борлуулалттай болсон шалтгаан
Хятадын дижитал эдийн засаг, үйлдвэрлэлийг дагаад бизнесийн орчин ч цоо шинээр хөгжиж буйг тэмдэглэлийн эхэнд уншигч авхай танд дуулгасан билээ. Тухайлбал, 15 сая хүн амтай Ухань хотод чи хэчнээн олны хөлийн газар гоё тансаг ресторантай байгаад ч нэмэргүй.
Сошиал орчинд амттай хоолоороо танигдсан жижигхэн гудамжны хоолны мухлаг ч тухайн ресторанаас давсан үйлчлүүлэгчтэй байх, нөгөө талаар хамгийн амттай гэж танигдсан бэлэн гоймонгоос ч муу худалдан авагч, борлуулалттай байж болдог цаг үед тэд амьдарч байна. Цахим хөгжлийн давуу талыг бүрэн ашиглаж чадсан гудамжны хоолны газрууд өнөөдөр Хятадад олон мянган үйлчлүүлэгч татаж чаджээ.
Бид олон улсын худалдааны гудамжинд явж байхдаа гурван давхар худалдааны төвийн хамгийн дээд давхар руу санамсаргүй орж очих нь тэр. Тэнд “Hot pot” гэсэн хаяг хараад хоол идэхээр орсон ч тухайн ресторан нь хот потоосоо илүүтэй гахайн гэдсээр амттай шөл хийдгээрээ сошиал орчинд танигджээ. Хэний ч нүдэнд өртөхөөргүй тэр жижигхэн газрын гахайн гэдэстэй шөлийг идэх гэж олон км-ын цаанаас хүмүүс зорьж ирдэг гэнэ лээ.
Энэ бол дижитал хөгжлийн том давуу тал. Тиймээс Хятадад бизнес эрхэлж буй хэн бүхэн апп хөгжүүлэлтэд маш их анхаарч, мөн хэрэглэгчийн сэтгэгдэлд ач холбогдол өгч эхэлсэн байгаа юм. Тухайн рестораны апп-аар нэвтэрч захиалга өгч үйлчилгээ авсан хүний тоо, хандалт, сэтгэгдлээс шалтгаалан зах зээлд тунаж үлдэх эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Гадаад орчноо хэдэн зуун саяар тордоод ч сошиалд танигдаагүй бол танайхыг хүн зорьж ирэх нь юу л бол. Хүний нас уртсах тусам эсрэгээрээ том компаниудын насжилт богиносч буй нь мөнөөх л ухаалаг буюу дижитал эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй холбогдоно.
Урт удаан замыг туулснаараа бус дижитал зах зээлийг хэн илүү мэдэрч чадсан бэ гэдгээс хамааран өрсөлдөөнд ялгарч гарч ирэх, нэг жил болсон байлаа ч том группуудтэй эн тэнцүүхэн өрсөлдөх боломж компаниудад бий болжээ. Хэдхэн жилийн өмнө цахилгаан машин унасан бол танд урамшуулал өгье хэмээдэг байсан Хятад улс энэ цагт харин та бензин машинаа ч бас унаарай тэгвэл урамшуулал өгнө шүү гэж уламжлалт хэрэглээгээ эргэн санагалзах хүртлээ дижиталчлагджээ. Дижитал эдийн засгийн төлөвлөгөөг 2023 онд бие даан баталж, тав таван жилээр төлөвлөж буй эдийн засгийн төлөвлөгөө нь хэрэгжсээр 2025 он гэхэд дижитал эдийн засгийн хөгжил нь нийт эдийн засгийнхаа 50 хувийг эзлэх хэмжээнд очно гэхээр л бид удахгүй киноноос хардаг байсан тэр бүх хиймэл оюун ухаант роботуудтай нэг дор амьдрах нь цаг хугацааны асуудал болсныг мэдрэв.
Мэдээж дижитал эдийн засаг цаг ямагт энэ эрчээрээ явсан уу гэвэл бас үгүй юм аа. Цар тахлын үед ч дөнгөж хөл дээрээ босож байсан энэ салбар адилхан уналтад орсон байгаа юм. Хятад улсын ДНБ-ий уналт 2020 онд хамгийн доод түвшиндээ хүрсэн гэдэг. Гэсэн ч цахим платформууд энэ хугацаанд илүү чамбай болж хөгжүүлэлтээ бүрэн дуусгаснаар цар тахлын дараа үсрэнгүй хөгжлийн гараанд ирснийг Чэн багш хэлж байлаа. Тиймээс 2023 онд цахим эдийн засгийн төлөвлөгөөгөө баталж, дагаад дэд бүтцийг сайжруулж уламжлалт эдийн засгаа дижиталчлах бодлого явуулж эхэлсэн байгаа юм.
Монгол Улс ч өмнөд хөршийн энэ давалгаанаас хоцорч болохгүйг бид тэмдэглэлийн эхэнд дурдсан. Ухаалаг системийг нь дагаж ухаалаг болж, цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй л бол нэг мэдэхэд л 100 юанаа атгасан хэвээр, ногоон автобусны хэрүүлтэйгээ үлдэх вий, бид. Монгол Улс тухайлбал хөдөө аж ахуйн салбарт цахим хөгжлийг ашиглах бүрэн боломжтой гэнэ шүү. Үхрийг заавал хариулдаг бус тэднийг чиптэй болгоход л олон литр шатахуун хэмнэхээс гадна эрдэнэт хүний амь нас ч цаг зуурын эрсдэлт нөхцөл дунд эрсдэхгүй байх боломж байгааг Чэн багш дуулгана билээ. Ингэхтэй зэрэгцэн Х.Болорчулуун сайдын үхрийн ээмэгнээс үүдэн ангид ч халуухан хэлэлцүүлэг өрнөх нь тэр ээ. Эцсийн дүндээ бид хөгжих гэж байгаа бол хөдөө аж ахуйн салбартаа ч болтугай цахим шинэчлэл, өөрчлөлт хийж, өргөн уудам газар нутагтайн хэрээр цахим шилжилтээс хоцорч болохгүй гэдэгт санал нэгдсэнээр энэ өдрийн хичээл тунчиг өргөн хэлэлцүүлгээр өндөрлөв.
Дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тэд тодорхойлох уу
Цар тахлын өмнө хийгээд дараа цаг үед Хятад улсын гадаад худалдаа ямар замналыг туулж, хэрхэн өнөөдөрт хүрэв гэдэг нь тунчиг сонихон. Өмнөд хөрш маань хилээ хаах төдийд л гадаад эдийн засаг туйлдаж байдаг биднийх шиг “жижиг” биш эсрэгээрээ дэлхийд эхний байр “булаалдаж” буй хүчирхэг эдийн засагтай улс орны гадаад бодлогодоо хэрэгжүүлж буй эрхзүйн орчин, хөрөнгө оруулалтын бодлого хэн бүхний сонирхлыг татах нь зүйн хэрэг. Тиймдээ ч манай багийг ахалж буй ажлын хэсгийнхэн хичээлийн хөтөлбөрт гадаад худалдааны шинэчлэл өөрчлөлт, олон улсад “тоглож” буй тоглоомын дүрэм журамтай танилцуулах хичээлийг багтааж өгчээ.
БНХАУ-ын тухайд 1980 оноос гадаад худалдаагаа нээлттэй болгожээ. Жухай, Шанду, Шинжаан зэрэг хотуудыг анхлан нээлттэй болгож байсан бол 1984 онд дахин нэг шат ахиж, 14 хотыг нээлттэй болгож байж. Бидний сайн мэдэх Шанхай хот тун хожуу буюу 1991 онд нээлттэй болсон юм билээ. Харин 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд 1992 оноос эхлэн хүсэлтээ өгч байсан гэлээ.
1988 онд БНХАУ-ын Төрийн зөвлөл нь татварын бодлогодоо өөрчлөлт оруулж, Дэлхийн худалдааны байгууллагын хувь хэмжээнд нийцүүлж өөрчилсөн бөгөөд ингэснээр эрс өөрчлөлт гарч гадаад худалдаа нь 75 хувиар өсчээ. Нөгөөтээгүүр, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэж орохоос өмнө бүтцийн өөрчлөлт хийж, 2003 онд харин гадаад худалдааны гэх 190 гаруй хэрэгггүй дүрэм, журмаа өөрчилжээ. Энэ өөрчлөлт тэдэнд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг бий болгох боломжийг бүрдүүлж өгчээ. Валютын ханшийн өсөлтөө Засгийн газар нь хянадаг. Цар тахлын хүнд цаг үед тэд гадаад, дотоод талдаа уналтад орсонгүй.
Өөрөөр хэлбэл, хил хаасан хаагаагүйгээс үл хамаарч цахимжсан орчинд гадаад худалдаа нь явдгаараа л явж байсан хэрэг. Харин ч маск, эмийн үйлдвэрлэл, ариутгал, эмнэлгийн бусад хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн гадаад худалдаа нь тэргүүлж эхэлсэн тоон мэдээг дурдав. Хятад улс үйлчилгээний есөн том төрлийн 100 гаруй салбарыг гадаад талд нээлттэй болгосон бөгөөд гадаад хүн нэг компаний 50 хүртэл хувийг эзэмших боломжийг нээж өгчээ. Ингэснээр үйлчилгээний салбартаа үсрэнгүй хөгжлийг бий болгож, 2007 онд үйлчилгээний худалдаанд оруулсан хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлээ давж байсан гэв. Харин эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбараа гадна талд нээлттэй болгоогүй хэмээлээ.
Тухайн улс нь дотоод бодлогоороо аль салбараа гадна талд нээлттэй буюу хөрөнгө оруулалт татаж, алийг нь нууц буюу зөвхөн дотоодын зах зээл, дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй үлдээх вэ гэдгээ шийддэг бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэхдээ ч энэ үүргийг хүлээгээгүй учраас улсынхаа ноу хау, дархлааг хамгаалж үлдэх дээрх гурван салбарыг цаашдаа ч гадаад талд нээлттэй болгохгүй байх зарчмыг баримталдаг хэмээлээ. Тус улсын гадаад худалдааны хамгийн том түнш нь АНУ бол Монгол Улстай өнөөдөр хийгээд алс хэтдээ ч хөдөө аж ахуй, уул уурхайн том түнш хэвээр байх нь ээ.
Дэлхийн улс орнуудтай өнөө цагт технологийн хөгжлөөр уралдаж, эс бөгөөс гайхуулж, ирээдүйд дижитал хөгжлөөр тэргүүлэгч болох амбийцаа хадгалсаар буйг ч энэ өдрийн хичээл бидэнд ойлгуулав. Угтаа бидний өмнөд хөрш дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч байх амбийцтайг эдгээр дөрвөн өдрийн хичээлээс ойлгоод гарлаа. Бид энэ дэлхийн хаана явааг, бидний мөнхийн хөрш улс ямар амбийцтай байгааг, цаашдаа Монгол Улс ямар хөгжлийн чиг баримжаагаар алхах учиртайг илүү нягт ойлгох дөрвөн өдрийн хичээлийн төгсгөлд “манай ангийнхан" мэргэжил дээшлүүлсэн улаан сертификатаа гардав.
Бүх Хятад улсдаа эхний 10-т эрэмблэгдэх Их сургуульд цөөхөн хоног ч гэлээ чанартай мэдлэг авч, чихний бөглөөсөө "мулталж", дэлхийд дээгүүрт үнэлэгдсэн эрдэмтэн, судлаачдаас номын дуу сонсоно гэдэг их хувь заяа. Энэ боломжийг бүрдүүлж өгсөн орчуулагч дүү Дэчэ, Баба, Болороодоо нийт сэтгүүлчдийнхээ, эмэгтэйчүүдийн холбооны охидынхоо өмнөөс баярласнаа илэрхийлье. Уханий бахархалт төгсөгчдийн нэг хэмээн цоллуулж, монгол оюутан очих бүрт баярлан угтах хаалгыг нээсэн УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа танд мөн чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлье.
Арван зүгээс цуглаж ангийн найзууд болж, урт холын замд нөхөрлөл бүтээсэн Уханий ангийн нөхдөдөө баярлалаа. Уханьд бүтээсэн олон дурсамжаараа насан туршдаа нөхөрлөж явцгаая. Ангидаа эргээд уулзацгаая арван зүгийн нөхөд минь. Дөрвөн өдрийн дурсамжаа дандаа эргэн уудалж, Хөх мөрний эрэгт цангинатал инээж бүтээсэн дурсамжаараа цэнэглэгдэж яваарай. Гоо үзэсгэлэнт төрхөө харуулан нам гүмхэн урсах Хөх мөрний эрэгт дараа дахин эргэж уулзахын ерөөл талбин энэхүү тэмдэглэлээ жаргаая.
Эхлэл хэсгийг: https://www.dardas.mn/news/view/30431 линкээр орж уншина уу.