ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Chita.ru: МҮИС бол тосгоны эмнэлгээс ч дор Их сургууль

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-15

Монголын Үндэсний их сургууль буюу МҮИС нь ОХУ-аас оюутнуудыг хууран мэхлэн элсүүлж, тэд нь уг сургуулиас зугтаж буй тухай нийтлэл Оросын сайтад гарчээ.  Уг нийтлэлийн гарчиг нь “Тосгоны эмнэлгээс ч дор Их сургууль, Чита, бүр Орос даяар сурагчдыг хууран элсүүлж, тэд нь энэ газраас ум хумгүй зугтааж байна”.

Харин агуулгын хувьд “МҮИС-ийг төлөөлсөн монголчууд ОХУ-ын Чита хотын сургуулиудаар зочилж, Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчдад өөрсдийн Их сургуулиа танилцуулжээ. Ингэхдээ олон улсын шилдэг Их сургуулиудын нэг хэмээж, маш гайхалтай нөхцлүүдийг санал болгосон байгаа юм. Монголчууд сурталчилгаа хийхдээ сайн. Гэхдээ энэ Их сургууль танилцуулгаасаа тэс өөр. Элсэж очсон анхны өдрөөсөө л зугтаана. Төлбөрөө буцааж авч чадахгүй, боловсролын луйварт өртөж байна” гэжээ.

Мэдээлэлд дурдсанаар, Чита хотын 36 дугаар сургуулийг төгсөгч нэгэн охиныг аравдугаар ангид байхад нь МҮИС-ийн төлөөлөл очиж танилцуулга хийж, гадаадад суралцах гайхалтай нөхцөл, боломжийн талаар ярьжээ. Улмаар хүсвэл Монголын хамгийн том Их сургуульд суралцаж, олон улсын түвшний боловсрол эзэмшин гадаадын бусад оронд дадлага хийж, дэлхийд үнэлэгдэх хоёр дипломыг нэг дор авах боломжтой. Санкт-Петербургийн улсын Их сургуультай бараг ижил шахам 13 факультет, 15 мянган орчим оюутантай бөгөөд тэдний 20 хувь нь гадаад оюутнууд. Эдийн засаг, анагаах ухаан, урлаг, аялал жуулчлал, тэр байтугай нисэхийн факультет хүртэл бүх л чиглэлийг санал болгосон байна. Мөн Их сургууль нь хичээлийн таван байр, нэг политехникийн коллежтэй.

Том заал, 24 цагийн номын сан, өөрсдийн кино театр, оюутнуудад зориулсан хоёр давхар авто зогсоол, тохитой анги танхим, олон улсын зуслан, "play station" тоглоомын төв, оюутны 12 давхар дотуур байр, мэргэжлийн дуу бичлэгийн студитай гэх мэт бүхий л давуу талаа тодорхойлсон танилцуулгыг сурагчдад тараасан байна. Бараг л Монголын Стэнфорд шахуу гэж.

Гэхдээ сонирхолтой нь энэ сургуульд элсэхэд, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн огт хамаагүй, зүгээр л төлбөрөө төлөхөд хангалттай гэжээ. Тиймээс хангалттай оноо авч чадаагүй ч гадаадад сурч, гадаадад дадлага хийх мөрөөдөлтэй олон оюутнууд элссэн байна. Эхэндээ нэгдүгээр курст нь хичээлийг нь Орос, Монгол хэлээр заана гэсэн ч, сүүлдээ Монголоор л оржээ.

Төлбөрөө бэлнээр төлөхийг санал болгосон ч найвартайг нь бодож, тэдний ар гэр банкаар төлсөн байна. Нэг семестрийн үнэ 80 мянган рубль, жилийнх нь 160 мянган рубль. Нийтлэлд дурдагдсан охин Улаан-Үдээр дамжин Монгол руу ирсэн ч нөхцөл байдал тэс өөр угтжээ. Түүнтэй хамт зөвхөн Читагаас бус Оросын өнцөг булан бүрээс 100 гаруй суралцагч ирсэн байна.

Нийтдээ гурван автобус хүн. Гэтэл тэднийг иртэл сургууль ямар ч бэлтгэлгүй, дөрөвдүгээр курсын оюутнууд угтаж авчээ. Дотуур байр нь маш бохир. Зуны хугацаанд өөр хүмүүст түрээслүүлсэн байсан бөгөөд бүх зүйл нь эвдэрч, муудсан байжээ.

Комната для студентов в общежитии

Түүнчлэн, орос хэлээр хичээл заана гэсэн ч, орос хэлтэй багш ч ганц хоёроор тоологдож байсны зэрэгцээ тэд нь та нарыг өрөвдөж элсүүлсэн, Орос орон дампуурч байна, та нар хаа холддог юм, бэрхшээл даахгүй гэх мэтээр даапаалсан гэжээ.

Ингээд эхний өдрийн хичээлд суусныхаа дараа л 20 гаруй оюутан МҮИС-ээс зугтаж, нутаг буцахаар шийдтэл сургууль нь төлбөрийг нь буцаахгүй гэж “луу унжжээ”. Гадаад оюутнууд нийлж, сургуулийн удирдлагад шаардах бичиг өгсөн ч шийдэж өгөөгүй байна. Тиймээс энд удаан байх хүсэлгүй оюутнууд ум хумгүй, төлбөрөө ч авч чадалгүй зугтжээ. Бас цөөнгүй гадаад оюутнууд деканаасаа бичиг баримтаа авч чадахгүй асуудал үүссэн байх юм. Тодруулбал, эхний семестрийн төлбөрөө төлсөн ч хууртагдаж ирснээ мэдсэн оюутнууд сургуулиа орхиж явахыг хүссэн ч, хоёр дахь семестрийн төлбөрөө төлсөн тохиолдолд бичиг баримтыг нь өгнө гэж нэхсэн байна.

Коридоры внутри корпуса, где учились русские студенты

Орос оюутнууд телеграммаар өмнө нь энд сурч байсан оюутнуудаас мэдээлэл авахыг хүсэхэд тэдэнтэй адил хохирсон санаанд оромгүй их хүүхдүүд байжээ. Улаан-Үд, Эрхүү, Новосибирск, Тува, Якутск, Гусиноозерск бүр Москвагаас ч хууртагдаж ирсэн тохиолдол байв.

Тэдний ихэнх нь  хайлтын системд хайхад шууд л 1942 онд байгуулагдсан Монголын хамгийн ууган сургууль гэсэн илэрц гарч ирж байжээ. Анхааралтай хэрэглэгч л тэр нь Монгол Үндэсний Их сургууль биш, Монгол Улсын их сургууль гэдгийг анзаарах байсан биз. Уг хоёр сургуулийн англи хэлний орчуулга нь өөр. Сурталчилгаанд итгэж ирсэн энэ мэт хүүхдүүд бөөн бөөнөөр зугтааж байна. Зарим нь эхний өдрийнхөө дараа юмаа баглаж эхэлж буй бол зарим нь хэсэг хугацаанд тэсэж, харин үлдсэн нь эцэг эхээрээ их мөнгө төлүүлсэндээ тэвчицгээж байгаа аж.

Красными точками отмечены корпуса института. Вид на фоне очень унылый

Уг нийтлэл “chita.ru” сайтад нийтлэгдсэн байна. Коммент хэсэгт нь ч маш олон оросууд доог тохуу хийн бичжээ. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн онд Монголын Үндэсний Их сургуулийг нэрээрээ оюутнуудыг төөрөгдүүлсэн хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн сургууль БШУ-ы яамнаас зарласан Их сургуулиудын өрсөлдөх чадварын жагсаалтад сүүлээсээ гуравт бичигдэж байсан юм.