ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Дуулиант хэргүүд шүүхийн шатанд шилжиж, зарим нь шийдвэрлэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-11-21

Нийгмийн анхаарал татахаас гадна тэр хэрээрээ олон эзэн холбогдогч, олон зуун тэрбумын хор хохиролтой хэргүүд сүүлийн гурван жил гаруйн хугацаанд цөөнгүй бүртгэгдэв. Гэлээ ч тэдгээр хэргүүд нэг бол АТГ-ын даргын шүүгээнд очоод гацдаг, эсвэл ЦЕГ-аас шалгаж байна гэх нэрийдлээр хойшлуулсаар замхран алга болох тохиолдол цөөнгүй бий.

Тэр тусмаа шүүхийн шатанд шилжсэн маш олон хэрэг өнөө хэр шийдэгдэж чадаагүй явсаар байгаагийн нэг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг юм. Монгол Улсын Ерөнхий сайдаасаа эхлээд дуулиант хэргүүдээр шүгэл үлээж, “Авлигатай тэмцэх 5Ш” ажиллагааг хүртэл эхлүүлэн нийгмийн анхаарал татсан олон хэргүүдийг илчилсэн ч энэ бүхэн цагдаа, шүүх, АТГ-ын үүдээр гарахгүй гацсаар байвал олон нийтийн төрд, шүүхэд, цагдаад итгэх итгэл улам бүр буурсаар байх билээ. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хонгилд хийгээд бүлэглэлд үйлчилдэг шүүгч нарыг удаа дараа ажлаа хийхийг сануулснаар дуулиант хэргүүд олон сар, жилийн дараа арайхийн шүүхийн хаалга татав. Тэгвэл ямар, ямар хэргүүд шүүхийн шатанд очоод буй талаар мэдээлэл бэлтгэн хүргэе.

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Нийслэлийн прокурорын газраас МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг, “Шүгэл” ажиллагааны хүрээнд хилийн чанадаас албадан авчирсан Т.Бадамжунай болон нэр бүхий гурван иргэнд Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл уг хэргийг энэ сарын 03-ны өдөр шүүн хэлэлцэв. Харин яллагдагч нарын өмгөөлөгчийн зүгээс “Хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд улсын нууцтай холбоотой материал байгаа учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хэлэлцэн хурлыг хаалттай явуулсан билээ.

Гэсэн ч урьдчилсан хэргийн шүүх хуралдааны үеэр хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж шийдвэрлэсэн билээ. Үндсэндээ хоёрдахь удаагаа хойшлов. Т.Бадамжунайг Филиппин улсаас өнгөрөгч дөрөвдүгээр сард албадан авчирч хорьсон ч долоон сарын хугацаа өнгөрөөд байхад хэргийн дөнгөж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явж байна гэхээр шүүх энэ хэргийг мөн л зориуд удааж байна хэмээн хардах үндэслэл бий юм.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өмгөөлөгч нар ээлжлэн өвдсөөр байна

Нүүрсний гэх бүлэг хулгайчдын хэрэг дундаас хамгийн ноцтой хэрэгт холбогдсон хоёр хүн нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 12 хүний хэрэг.

Тэдний хувьд цар тахлын хүнд жилүүдэд хилээр ямар ч хяналтгүй, бүртгэлгүй нүүрс гаргаж, тэрхүү мөнгөөрөө хаус худалдан авч, тэр байтугай Хан-Уул дүүрэгт спорт комплекс, адууны жүчээ байгуулах зэргээр мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхээс гадна эдгээр хэрэг нь илрээд эхэлмэгц зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, Засгийн газрыг огцруулахаар санаархсан гэх хэрэгт холбогдсон.

Тэдэнд Нийслэлийн прокурорын газраас Мөнгө угаах, Эрх мэдлээ урвуулан ашиглах, Нийтийн албан тушаалтан хахууль авах, Худал мэдүүлэх, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Хахууль өгөх гэсэн хэргүүдийг үйлдсэн хэмээж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Тэгвэл эдгээр хүмүүст холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч аравдугаар сарын 30-ны өдөр болсон ч өмгөөлөгчийн зүгээс “эрүүл мэндийн шалтгаантай” хэмээн хойшлуулах хүсэлт гаргасныг ёсоор болгож, энэ сарын 13-ныг хүртэл хойшлуулаад дахин шүүх хуралдаан товлоод байсан ч мөн л хоёр өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаантай, нэг өмгөөлөгч нь Бээжин хотод томилолтоор ажиллах хүсэлт гаргасан учраас ирэх сарын 13-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Хөгжлийн банкны хэрэгтнүүд 2-4 жилийн хорих ял авав

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан тус банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг.

Энэ хэрэг 2020 онд анх хэлэлцэгдэж эхэлсэн ч гурван жил гаруйн хугацаанди шүүхийн шатанд гацсаны эцэст, энэ сарын 07-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, ял төлөвлөсөн билээ. Тодруулбал, Н.Мөнхбатад дөрөв, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт тус бүр хоёр жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь мөн 2-4 жилээр хасчээ. Тэднийг Хөгжлийн банкны холбогдох дүрэм журмыг зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч давуу байдал үүсгэсэн, мөн олон зуун чанаргүй зээл гаргасан гэх хэрэгт буруутган ийнхүү ялласан билээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хэрэгт холбогдох шүүх хурал хойшиллоо

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авахдаа хувийн хэвшилд давуу байдал олгосон, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлал гэх хэрэгт холбогдуулан тухайн үед 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлэх  асуудлыг Засгийн газарт танилцуулсан Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Б.Болор, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, Монголбанкнаас 200 тэрбумын зээл авч 49 хувийг худалдан авсан гэх “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Ц.Пүрэвтүвшин, Э.Шижир, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзанддорж нарын 20 хүнд холбогдох хэрэг мөн л гурван жил гаруйн хугацаанд сунжирч явсаар өнгөрөгч аравдугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжсэн билээ.

Нийтдээ 322 хуудас бүхий уг хэргийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийг хийв. Гэсэн ч хэрэгт холбогдсон зарим хүмүүс дөнгөж өмгөөлөгч авсан, тэдгээр өмгөөлөгч нар нь хэргийн материалтай бүрэн танилцаагүй гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, ирэх арванхоёрдугаар сарын 19-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэв. Харин уг хэргийн гол сэжигтэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд АНУ-д байгаа бөгөөд "Шувуу" ажиллагааны хүрээнд шилжүүлэн авах асуудлыг АНУ-ын талтай ярилцаж буйг өчигдөр АТГ-аас дуулгав. Ч.Сайханбилэгийн тухайд нэг газраа удаан байхгүй байнга шилжиж, нүүж байгаа учраас байршил тогтооход хэцүү байгаа аж. 

А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусжээ

Орон нутгийн өмчит “Тавантолгой”-д мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, хилээр хяналтгүй нүүрс гаргасан хэрэгт холбогдсон гурван улстөрчийн хэрэг мөн өнөө маргаашгүй шүүхэд шилжихэд бэлэн болжээ.

Тодруулбал, “Ажнай” буюу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хэрэгт холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явагдаж буй бөгөөд мөн нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж буйг АТГ-аас дуулгалаа. Мөн энэ хэргээс гадна тендергүй, төрийн нууц хэмээн угсарсан, хуучин ногоон автобус оруулж ирсэн хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн шинэ мэдээлэл гараад буй юм.

Төмөр замын газрын дарга С.Батдөл 10 жилийн хорих ял сонсов

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байхдаа С.Батдөл гэгч нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдсон билээ.

АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр түүний гэрээс 7.3 тэрбум төгрөг олдсон. Тэгвэл С.Батдөл болон түүнд авлига өгсөн, авлигын үйл ажиллагаанд нь оролцсон гэх зургаан хүнд холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эцэслэн хэлэлцэж, С.Батдөлд 10 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байна.