ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БАЙР СУУРЬ: Гамшиг болон эрсдэлийн талаар иргэд ямар мэдлэгтэй байх шаардлагатай вэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-11-21

Шадар сайд С.Амарсайханы ивээл дор Төрийн ордонд  “Эрсдэл ба Стандарт” үндэсний форум болж байгаа билээ. Энэхүү форумд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хэвлэл мэдээлэл зэрэг 1500 хүний төлөөлөл оролцож, эрсдэл стандартын талаарх нөхцөл байдлын тухай санал бодол, байр сууриа илэрхийлж байгаа юм. Тиймээс бид энэхүү үйл ажиллагаанаас монголчууд эрсдэлд бэлэн үү. Эрсдэлийг даван туулах арга туршлага, мэдлэг мэдээлэл хэр зэрэг вэ гэдэгт олон талын төлөөллийн байр суурийг сонирхлоо.

 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

-Олон улсын байгууллагын тусламж, дэмжлэгтэйгээр олон нийтийн зориулалттай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн байруудад судалгаа хийсэн. Хүчитгэх боломжтой зургаан байршлыг тогтоож, ирэх жил хүчитгэх ажлыг зохион байгуулна. Ер нь Улаанбаатар хотод хот төлөвлөлт талаасаа өндөр барилга байгууламж гэхээс илүүтэй 4-5 давхар барилга барих нь илүү тохиромжтой. Газар хөдлөлт, ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой. Манай улсад газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байна.

Сүүлийн 10 жилийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн. Өнгөрсөн 2022 онд газар хөдлөлтийн чичирхийлэл хамгийн их бүртгэгдлээ. Цаашид эрсдэлийн нөхцөл байдал амаргүй байх нь ээ. Газар хөдлөлт бол хэлж ирдэггүй. Хийсч ирдэг. Иймд ард иргэд өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, дадлагатай байх ёстой. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сургууль дадлагад хамрагдах, орчныхоо аюулгүй байдлыг хангахад бодлогын хүрээнд анхаарч шийдэх ёстой юм.  

Заримдаа манай монголчууд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, мэдээллийг анхаарч хардаггүй. Хэрэгжүүлэх талдаа маш муу шүү дээ. Цасан шуургатай хол замд битгий гараарай гэхэд гараад,  амь насаа эрсдэлд оруулдаг. Малаа хол бичээх, түүнийгээ дагаад эрсдэлд орох тохиолдол элбэг байдаг. Тэгэхээр ажил, амьдралаа зохицуулах талдаа бид тааруухан үнэлгээтэй. Хамгийн чухал нь аюулгүй байдлаа хангах нь иргэний хүний үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

“Их үйлсийн эрэлд" группын ХАБЭА-н зөвлөлийн дарга Т.Дашдаваа:

-Улсын хэмжээнд “Эрсдэл ба стандарт” үндэсний форум  болж байна. Энэхүү  үйл ажиллагаа үнэхээр цагаа олжээ. Бүхий аж ахуйн нэгж үйл ажиллагаа, бизнесийнхээ  чиглэлийн дагуу эрсдэл стандарт нь өөр байдаг. Ажлын байранд гарч байдаг эрсдэлүүд өөр шүү дээ. Тиймээс эрсдэлийг тогтоох, бууруулах арга хэмжээ авна гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн хамгийн гол үндсэн зүйл нь юм. Эрсдэлийг бууруулж, чадна гэдэг нь эхлээд ажлын байран дахь аюулын түвшинг тогтоох ёстой. Тэр аюулын ард хүний амь нас, техник технологи, эд хөрөнгө, байгаль орчин орж байдаг. Энэ бүгдээс эрсдэл, аюулыг олж, тогтооно гэдэг нь аж ахуйн нэгж амжилттай ажиллах гарц боломж нь болж өгдөг.

Тэгэхээр эрсдэлийг батлах зүйл нь стандарт шүү дээ. Тухайлбал, манай “Их үйлсийн эрэлд”  групп нь 17 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны чиглэл бүр өөр, өөр. Барилга, банк санхүү, эрчим хүч, бялдаржуулах клуб гэх мэтээр олон төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Энэ бүгдийн аюул эрсдэлийг бид тодорхойлж чадсанаар ажилчдынхаа эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсан. Энэ бүхний баталгаа бол стандарт.

Стандарт бол хөдөлмөрийн эрүүл мэнд,  аюулгүй байдлын удирдлага  тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа. Тэгэхээр зөвхөн стандартыг нэвтрүүлнэ гэж ярьж болохгүй. Та хаана, ямар ажлын байртай вэ. Эхлээд аюулыг нь олж тогтоох хэрэгтэй. Түүний дараа эрсдэлийн түвшинг тогтоох ёстой. Эрсдэл гэдэг бол нэг удаад дайраад өнгөрөх зүйл биш. Түвшин тус бүрдээ хийх  ажил байдаг. Энэ түвшинг бууруулж, ажиллаж чадвал стандартад бэлэн болно гэсэн үг. Манайд эрсдэлийнхээ түвшинг тогтоож, чадаагүйгээс болж, стандарт байхгүй байна гэдэг яриа гарсан байх.

“Батс-өргөө” ХХК-ийн хуульч Г.Баярхүү:

-Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй. Тэгэхээр нүүдлийн талын эрсдэлээ хэрхэн даван туулах вэ гэдэг талаар хангалттай туршлага бий. Хамгийн чухал нь суурин хотжилтой холбоотой байгаль болон цаг уурын эрсдэлүүд гарахад бүгд тулгамдаж байна. Мэдэхгүй зүйл их байгаа учраас тулгамдах, сандрах зүйл нэлээд гарч байгаа. Тэгэхээр суурин соёл иргэншилтэй хүмүүс, аж ахуйн нэгж хүндрэлийг хэрхэн даван туулах вэ.

Ямар бэлтгэлийг хангах вэ гэдэг цогц ойлголтыг нийтээрээ мэдэх хэрэгтэй. Улсын хэмжээнд шинээр батлагдан гарсан болон гамшиг ослын үеийн стандартуудыг тухайн газарт яаж хэрэгжүүлж ажиллах ёстой юм бэ. Үүнийг хэрэгжүүлээд хэвшчих юм бол аливаа гамшигт эрсдэлд хот, хөдөөгүй бэлэн байх болно. Цаашлаад гамшгийг бага хохиролтой даван туулна. Энэ хэрээр улс орны эрүүл аюулгүй байдал, чанар улам сайжирна.

Харин бидний хувьд эрсдэл, гамшгийн талаар ерөнхий ойлголттой. Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд эрсдэлийг удирдах арга технологи, баримт бичиг байгаа юм бэ гэх зэргээр нийтлэг ойлголт хангалтгүй. Манай байгууллагын хувьд гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, стандартыг нэвтрүүлсэн. Цаашид нийтээрээ, нийгмээрээ стандартаа ойлгоод, хэрэгжүүлээд явах юм бол гамшиг, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.  

"Тэнгэр" даатгалын Гүйцэтгэх захирал Ж.Баатарболд:

-Эрсдэл бол шинэ зүйл биш. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд өдөр тутамд туулж ирсэн зүйл билээ. Байгаль, цаг уур, араатан амьтан гэх зэргээр байнгын эрсдэлтэй нүүр тулж ирсэн. Цаашлаад эрсдэлээ даван туулах, зайлсхийх зэргээр өнөөг хүртэл эрсдэлийг удирдаж ирсэн байдаг. Хүн төрөлхтөний хөгжлийн явц дундаа эрсдэл гэдэг зүйлийг дөрвөн аргаар удирдаж болох юм байна гэж ойлгосон.

Зарим зүйлийг нь хүлээн зөвшөөрөөд явж байгаа.  Нэг хэсгээс нь зайлсхийгээд явж байна. Өөрөөр хэлбэл, өвлийн дугуйгаа солих, суудлын бүсээ зүүх нь эрсдэлээс зайлсхийх нэг хэлбэр.   Гэтэл  өөр хэн нэгэн хөндлөнгөөс ирээд, танд хохирол учруулж байна. Үүнийг та удирдаж чадахгүй. Энэ бол боломжгүй зүйл. Ийм төрлийн эрсдэлийг даатгалын компанид шилжүүлдэг. Хүн төрөлхтөний олж, нээж, эрсдэлийг удирдах нэг арга хэрэгсэл нь даатгал гэсэн үг.

Манай Мандал санхүүгийн нэгдэл, Тэнгэр даатгалын зүгээс эрсдэлийн талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн нь эрсдэлийн форум юм. Бид 2009 оноос эхлэн эрсдэлийн форумыг зохион байгуулж ирсэн. Манайхаас 13 жил тасралтгүй зохион байгуулсан. Жил бүр  эрсдэлийн тайлан мэдээллийг гаргадаг байсан. Үүний үр дүнд байгууллагууд эрсдэл хариуцсан менежер,  захиралтай болсон. Зарим нь эрсдэлээ хариуцсан газар нэгжтэй болсон нь бид өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн юм.


Нөгөөтээгүүр, энэ жилийн эрсдэлийн форум нь Шадар сайдын ивээл дор, төрийн эрх бүхий байгууллагын оролцоотойгоор үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн зун Улаанбаатар хотод ихээхэн хэмжээний үер их буусан. Дарь эхийн үерт 150 гаруй машин, 500 гаруй айл  гэр орноо алдсан. Олон хүн бие мах бодь болон сэтгэл санаагаар  хохирсон. Тухайн үед даатгалын компанид хандаад нөхөн төлбөр авсан хүн маш бага байсан.

Өөрөөр хэлбэл, үерт урссан 150 машины 20 нь даатгалтай. Энэ 20 хүн сайн дураараа даатгуулсан нь маш ховор. Зөвхөн банк санхүүгийн байгууллагаас зээл авсан хүмүүс нь даатгалтай байсан. Энэ хүмүүс нөхөн төлбөрөө аваад, өөрт учирсан хохирлоо шийдүүлсэн. Даатгалд хамрагдаж чадаагүй хэсэг нь учирсан хохирлоо нуруундаа үүрээд үлдсэн. Улаанбаатарын зам дээр явж байгаа 100 машины долоо нь даатгалтай. Үлдсэн 93 хувь нь даатгалгүй байх жишээтэй. Улсын хэмжээнд 300 мянган орон сууц байгаа. Цаана нь байгаа  250 мянган орон сууц даатгалгүй байна. Манай улсын 3.5 сая хүний эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан нь 120 мянга байдаг. Үлдсэн хэсэг мөн л даатгалгүй байгаа юм. Эндээс монголчуудын эрсдэлийн талаарх ойлголт мэдлэг ийм л байна даа.