ТЭД БИДНИЙ ТУХАЙ: “Монгол хаан” сэтгэгдэл

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-23

Монголчуудын байлдан дагуулалт, их түүхийн эхлэл. Цаг хугацааны шуурганд элэгдэж, балраагүй Монголын түүх. Хаан байх, эцэг байх, хүн байхын утга учир Арчуг хаан. Энэ түүхийг тэртээ 1998 онд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бидэнд “Тамгагүй төр” жүжгээр бичиглэж үлдээсэн юм.

Монголын театрыг эзэгнэж, найруулагчдын чансаа, ур ухааныг сорьж ирсэн энэхүү бүтээлийг хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд “Херо” энтертайнмент, Б.Баатар найруулагч шинэчлэн тавьсан билээ. Тэгвэл энэхүү бүтээл дэлхийн урлагийн охь болсон АНУ-ын Лондон мужийн "Колизей" театрт "The Mongol Khan" нэртэйгээр олон улсын үзэгчдэд хүргэж эхлээд буй. Жүжиг нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлын төвд орсон бөгөөд эдүгээ дэлхийн хэвлэл мэдээлэл, шүүмжлэгчдийн ярианы сэдэв болж эхлээд байна. Томоохон хэвлэлийн нэртэй шүүмжлэгчид жүжгийн тухай өөр өөрсдийн санал шүүмж, магтаалаа бичиж буй бөгөөд энэ удаа бид гурвыг нь онцлон уншигчдадаа сонирхуулж байна.

The Telegraph: Шекспирийн жүжиг шиг урлагийн таашаал авч чадахгүй

The Mongol Khan at Coliseum review: a thin tale of stupidity and cruelty |  Evening Standard

“The Telegraph” агентлаг Их Британид “Mongol Khan” нэрээр тоглогдож буй “Тамгагүй Төр” жүжигт Марианка Свейн шүүмж бичжээ. Тэрбээр шүүмжийнхээ эхэнд “Монгол Хаан” жүжгийг ядмаг дүр, тэнэг агуулгатай үзэл суртал нэвт шингэсэн хэт нуршуу бүтээл болсон гэдгийг тодотгон бичсэн байна.

“Монголын түүхэн шоуны талаар хамгийн эхэнд мэдэх ёстой зүйл бол энд өгүүлэгдэх хаан нь Чингис хаан биш юм. Харин 2000 жилийн тэртээх жижиг үндэстний зөөлөн хүчээр төрийн эрхийг авах оролдлогын тухай өгүүлэх бөгөөд Их Британи, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тоглогдож байгаа аж. 

Энэ баатарлаг түүх нь 70 хүний нүсэр бүрэлдэхүүнтэй, анхаарал татахуйц үзүүлбэртэй ч үнэхээр уйтгартай. Өв залгамжлалын гаслант тавилант нэгэн хааны тухай уг зохиолыг Б.Лхагвасүрэн 1998 онд бичжээ. Хааны хатан болон татвар эм нь хоёул хүү төрүүлэх бөгөөд хатны төрүүлсэн хүү нь үнэн хэрэгтээ хааны шадар туслахынх байдаг. Үүнийг сэжиглэсэн хаан өөрийн өв залгамжлагчаар татвар эмийнхээ хүүг сонгоход шадар нь нялх хүүхдүүдийг хооронд нь сольж буйгаар өрнөнө.

Энэ агуулгыг оршил хэсэгт нэг үзэгдэлд багтаан хялбархан шийдэх боломжтой. Гэвч, тэгсэнгүй. Зөвхөн энэ үзэгдэл жүжгийн тал хүртэл үргэлжилнэ. Залхмаар нуршсан мэдрэмжгүй, савангийн дууриас та дуурь, балет, эсвэл Шекспирийн жүжиг шиг урлагийн таашаал авч чадахгүй. Түүхч Жон Мэн англи хэл рүү орчуулсан нь хэтэрхий хүнд, үнэмшилгүй зүйрлэлүүдээр дүүрчээ. /Түүнд жүжгийн зохиолч эхнэр Тимберлейк Вертенбейкэр тусалсан бололтой/

Тухайлбал, хаан “үзэхүйеэ сарны гэрэл мэт гэрэлтсэн тунгалаг царайтай” бүсгүйд тэмүүлнэ гэж. Гэтэл тэр бүсгүйн царай нь арай бүдэгхэн үү. Жүжгийн сүүл хэсэгт аллага бүхий эмгэнэлт үйл явдал өрнөх учиртай. Гэвч, дүрийн хөгжүүлэлт муу тул үүнийг харуулахдаа тааруу. "Херо" Баатарын продакшн колизеумын тайзнаа сүрэглэн нисэх шувууд мэт нэгэн хэмнэлээр бүжих бүжигчдийн үзүүлбэртээ бол сайн байсан. Гэсэн ч, тэр нь сонирхолгүй. “Араатны хаан арслан” киноных шиг зарим амьтны баг, өнгөцхөн сэлэмний тулаан, амнаасаа утаа савсуулах илүүц луутай, солнца циркийн акробатын үзүүлбэр шиг гял цал.

Хөгжим нь үг бүрийн дараа сүртэй орж ирдэг муухан киноных шиг. Түүнд нь та сүүлдээ дасч орхино. Дүрүүд нь уламжлалт хувцаснаас гадна хөх, судасыг илтгэх судалтай бариу боди өмсөх бөгөөд үүн дээр гинших, амьсгаадах чимээг нэмсэн нь хачин. Жүжиглэлт нь мелодрамм маягийн. Г.Эрдэнэбилэг бол хүчирхэг хаан. Гэвч үзэгчид түүнээс илүү мэдээлэлтэй учир түүнийг ухаалаг удирдагч гэж харахад бэрх.

Болд-Эрдэнэ бол эсрэг дүр, Уранчимэг зовлонт хатан, Доржсүрэн дарангуйлагч. Ялангуяа Доржсүрэнгийн дүр тун ядмаг. Түүний хөгжлийн бэрхшээлийг сул дорой байдал, хорон санаатай зэрэгцүүлж тавьсан байх юм. Соёлын солилцоог ямагт хүлээн авах болно. Ялангуяа дипломат харилцаагаа бататгах үйл ажиллагааны хүрээнд бол бүр ч чухал. Гэхдээ шагнал бүхнээс илүү эсвэл төр ард түмний дээр гэсэн суртал ухуулгаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө гэдэгт би л хувьдаа эргэлзэж байна.

Theguardian: Бүжгийн чуулга тайзыг жинхэнэ эзэгнэж чадлаа

Review: The Mongol Khan – London Coliseum

Лондонгийн Колизейд  дуучид, бүжигчид, акробатчид, уран нугараачид, жүжигчдийн асар том бүрэлдэхүүнтэй багийн урвалт, эцэг эхийн золиослолын тухай өгүүлэх сэтгэл хөдөлгөм түүх таныг хором ч уйдаахгүй. Эртний нүүдэлчдийн эзэнт гүрний сүр жавхланг харуулах энэ шоу Монголоос ирсэн.  

Чингис хааны Төв Азийн хаанчлалаас өмнөх үе буюу 2000-аад жилийн тэртээх үйл явдал хоёр үнэгний бүжиглэлтээр эхэлж, улмаар дуучин, бүжигчин, акробатчин, уран нугарагч, жүжигчдээс бүрдсэн 70 гаруй бүрэлдэхүүнтэй болон өргөжих бөгөөд түүх нь ч  сэтгэл хөдөлгөж, нүд баясгана. Энд Бавуугийн Лхагвасүрэнгийн гурван бүлэгт эмгэнэлт зохиолоос сэдэвлэсэн Ачуг хааны тухай зохиомол түүхийг өгүүлнэ. Хүннү гүрний хаан тэрбээр түүний хатан болон татвар эм хоёул хүү төрүүлэх үед өв залгамжлалын асуудалтай тулгарна. Энэ бол урвалт, завхайрал, төрийн эрхийг авахын төлөө хоёр нялх хүүхдийг хооронд нь сольж буй тухай түүх юм. Өөрийгөө золионд гаргаж буй хааны түүхээс хамгийн сэтгэл хөдөлгөсөн нь эмэгтэй дүрүүд байлаа. Тэд эхийн хайр, золиос, зүрх зоригийг тайзан дээр амилуулав. 

Үүнээс гадна Д.Баярбаатар, Х.Хашхүү нарын бүжиг дэглэлт сэтгэл хөдөлгөм байсан бөгөөд бүжгийн чуулга тайзыг жинхэнэ эзэгнэж чадсан юм. Тэд тулааны талбар, хааны ордныг маш нямбай гаргаж,  хамгийн жижиг зүйлс, деталь,  үзэгдлийн сэтгэл хөдлөл бүрийг  гарын нэгэн хэмнэлт хөдөлгөөнөөр илэрхийлэн гаргаж байв. Тулаант үзэгдлээс гадна эцэг эхийн дотоод сэтгэлийн тарчлалыг ч харуулав. Нэгэн үзэгдэлд тэд бэлгийн харилцааг харуулах бол нөгөө үзэгдэлд Дантийн дүр шиг харагдана.

Хөгжмийг М.Бирваа, Б.Одбаяр нар бичсэн бөгөөд уламжлалт хөөмий, исгэрээн урлагийг орчин үеийн басс, бийт урлагтай хослуулжээ. О.Болдын урласан хувцаснууд нь амьтны дүрс, түүхийн бэлгэ тэмдгийг шингээж өгсөн нь нүд хужирлахуйц гайхалтай. Энэ жүжгийг Хятадын тал үндсэрхэг үзэл, салан тусгаарлах үзлээс эмээж, Өвөрмонголд тоглохыг нь хориглосон удаатай. Гэхдээ жүжгийн утга нь тэс өөр байв. 

https://www.timeout.com/: Диснейн кино, олимпын нээлтээс хэтрэхгүй хүн энэ жүжгийг тавьжээ

Review: The Mongol Khan at The London Coliseum - Theatre Weekly

Монголын баатарлаг түүх жинхэнэ драммын жүжгийн хажууд ядмаг ч, үзүүлбэр нь гайхалтай байлаа.  “Монгол Хаан” бол чанга нүргээн, 70 хүний бүрэлдэхүүн бүхий баг, гайхалтай хувцаслалт, хөгжим, бүжигтэй Монголын театрын жүжиг. Үүнд маш их хөрөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Гайхалтай ч байсан. Гэхдээ энэ жүжгийг Олимпын нээлт, Диснейн кинонуудаас хэтэрдэггүй хүн тавьсан мэт санагдлаа.

Нэгэн хааны тухай өгүүлэх энэ жүжгийн зохиолыг нэрт зохиолч Б.Лхагвасүрэн 1998 онд бичиж, түүний найз "Херо" Баатар найруулжээ. Ачуг хаанд хатан болон татвар эм нь хоёр хүү төрүүлж өгнө. Асуудал нь хаан өөрийн хатантайгаа сүүлийн 20 жил ойртоогүй бөгөөд түүний төрүүлсэн хүү хэнийх вэ. Хатан шадар туслах Эгэрэгийн хүүг төрүүлсэн ба Эгэрэг өөрийн хүүг хаан болгохын тулд хоёр хүүхдийг хооронд нь сольдог. Цөөн хэдэн хүн үхэх энэ зохиомол түүх маш нуршуу өрнөнө. Хувцаслалт нь гайхалтай. Секунд тутамд гэрэл өөрчлөгдөж, тайзыг манан бүрхэнэ. /улаан нь дайсныг, цагаан нь сайн сайхныг илэрхийлнэ/ Хором бүрт, үзэгдэл бүрийн ард бүжигчид бүжнэ.

Заримдаа тэд тайз дахь гол дүрийн бодол, санаа үйлдлийг гайхалтайгаар илэрхийлнэ. Бас зарим тохиолдолд тэднийг буруу байрлуулснаас илүүц харагдсан. Цар хүрээний тухайд энэ жүжиг таны Лондонд үздэг зүйлсээс ялгаатай. Тайзны нүд алдам дүр зураг, тулаант үзэгдэл төгсгөлд нь ямар нэг алдаагаа засах боломж олгох ч, дипломат зорилготой үед хэт үрэлгэн санагдлаа.