ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хугацаат цэргийн албанд татагдсан дайчид тангараг өргөлөө

O.Admin
2023-11-27

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2023 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчид эх орон, төр, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон цэргийн тангараг өргөлөө. Улс орон даяар зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, БИЦУГ, орон нутгийн удирдлагууд, хугацаат албаны дайчид болон тэдний ар гэрийн төлөөлөл өргөнөөр оролцлоо.

Энэ хүрээнд ҮБХИС-ийн Харуул үйлчилгээний ротын хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан болон нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөөлөл оролцож, баяр хүргэв.

Mungkin gambar 1 orang dan teks

Дэд сайд Б.Баярмагнай тангараг өргөсөн дайчдад хандан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн, эх орноо хамгаалах, Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах эрхэм үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлж эх орны хүү болсон та бүхэн Монгол Улсын ардчиллын баталгааны чухал тулгуур юм. Өнөөдрөөс эхлэн та бүхэн эх орны нэг хэсэг, үнэт зүйлсийн нэг хэсэг, Үндсэн хуулийн нэг хэсэг боллоо. Манай улс хэрэгцээтэй үед эх орноо хамгаалахад шаардлагатай цэргийн бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг хугацаат цэргийн албаар дамжуулан бэлтгэж ирсэн.

Батлан хамгаалах салбар хугацаат албаны дайчдын өмнө томоохон үүрэг хүлээдэг. Хугацаат цэргийн алба нь эх орноо хамгаалах бэлтгэлжилттэй иргэнийг сургах үндсэн үүрэгтэй ч тухайн хувь хүнд үр өгөөжтэй байх, олон талаар өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох, энгийн болон цэргийн мэргэжил эзэмшүүлэх, ажил хөдөлмөрийн дөртэй болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж, үргэлжлүүлэн сурч боловсрох, ажлын гараагаа эхлэхэд ч дэмжлэг үзүүлдэг” хэмээв.

Mungkin gambar 6 orang, mimbar dan teks

Тухайлбал зөвхөн энэ намрын ээлжээр хугацаат цэргийн албанаас халагдсан 16 байлдагч ҮБХИС-д элсэж, тус ротоос халагдсан 10 байлдагч Зэвсэгт хүчний ахлагчийн болон цэргийн гэрээт албанд шилжин ажиллаж байгааг дэд сайд онцоллоо.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг хариуцан ажиллаж байгаа офицер, ахлагч нарт цэрэг дайчидтайгаа хууль тогтоомж, цэргийн дүрэм, журмын хүрээнд хүний эрхийг дээдлэн харилцаж, тэдэнд зөв хүмүүжил, төлөвшил олгох, сурч хөгжих боломжийг бүхий л талаар бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг захив.

Mungkin gambar 10 orang dan teks

Энэ үеэр тангараг өргөсөн дайчдын урлагийн хэсэгчилсэн тоглолт, бөхийн барилдаан, сур харвааны тэмцээн болж, шилдгүүдээ шагнаж урамшууллаа. Мөн тэдний ар гэрийн төлөөлөл хугацаат цэргүүдийн алба хаах орчин нөхцөлтэй танилцаж, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.