Элэгний В, D вирустэй хүмүүс нийгмийн даатгалын сангаас групп тогтоолгох боломжтой байдаг аж. Энэ талаар НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга Т.Лхагвадоржоос тодрууллаа.
-Элэгний В, D вирустэй хүмүүс нийгмийн даатгалын сангаас групп тогтоолгох боломжтой гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Элэгний үрэвсэлтэй буюу архаг гепатиттай гэсэн оноштой хүн бүхэн группт орохгүй гэж ойлгох хэрэгтэй. Элэгний эмгэг болон В, D вирусын архаг үрэвсэлтэй хүмүүс группт ордог. Энэ хоёр вирусын аль нэг нь байгаад пегинтерферон эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд групп тогтоолгох боломжтой. Яагаад заавал пегинтерферон эмчилгээ хийх хугацаанд гэж оруулсан бэ гэхээр эдгээр вирусын идэвхжил өндөр. Энэ эмчилгээг хийхээс өөр аргагүй. Уг эмчилгээг хийж байх хугацаанд л группт оруулна. Элэгний үрэвслийн нэг л заалт байдаг. Бусад нь цирроз. Элэгний цирроз гэдэг нь элэгний хатуурал өвчний үед группт орох заалттай байгаа. Элэгний үрэвслийн группт орох заалтад элэгний вирус нь өндөр титрээр тодорхойлогдсон байдаг.
-Тэгэхээр А, В, С вирустэй хүмүүс групп тогтоолгох боломжгүй гэж ойлгож болох уу?
-Болно. Дархлаа дэмжих, элэг хамгаалах эм ууж, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс группт орох гээд байдаг. Элэгний вирустэй бүх хүн группт орно гэсэн юм байхгүй. Яагаад гэхээр В болон D вирусын шалтгаант архаг үрэвсэлтэй хүн групп тогтоолгоно гэсэн байдаг. А, С яагаад ороогүй вэ гэхээр А бол харьцангуй гайгүй үрэвслээр явагддаг вирус. С вирусээр үүссэн элэгний архаг үрэвслээр С вирусийг устгах эмүүд их гарсан. Тэгэхээр тэр эмүүдийг уугаад хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох шаардлагагүй гэж үздэг. Харин B болон D вирус харьцангуй хоруу чанар ихтэй вирусүүд байдаг. Элгийг хүнд гэмтээдэг, үрэвсэл үүсгэдэг. Энэ үрэвслийн шинж өндөр байгаа үед оруулна гэж заасан байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр молекул биологийн нарийн шинжилгээ хийдэг. Энэ үед титр их илэрсэн тохиолдолд пегинтерферон эмчилгээ хийнэ. Эмчлэх хугацаа нь нэг жил байдаг. Энэ хугацаанд л группын асуудлыг шийддэг.
-Групп тогтоолгох боломжтой эсэхийг эмч мэднэ гэсэн үг үү?
-Элэгний үрэвсэлтэй хүн бүхэн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох шаардлагагүй гэж үздэг. Тухайн хүнд эмчилгээ хийж байгаа тохиолдолд өөрийг нь хянадаг төрөлжсөн мэргэжлийн дотрын болон өрхийн эмчийн заалт байгаа учраас хурлаар оруулна гэсэн үг. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтооход тухайн хүн би группт орно гэж ирээд орчихдог юм бол биш. Яагаад гэхээр тэр хүн ямар нэгэн өвчтэй бол хамгийн түрүүнд онош тодорсон байх ёстой. Оношоо тодруулчихаад тэр хүн эмчилгээнд явна. Шинжилгээ өгнө. Тэгээд нарийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад орно. Тухайн хүнийг хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь, хугацаа тогтоолгох шаардлагатай гэж үзэх юм бол хянаж байсан эмч, эмнэлэг хяналтын комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс гэсэн хоёр комиссоор дамжиж байж группт ордог. Энэ хоёр комиссоор орж байж хөдөлмөрийн чадвараа алдсан хувь, хугацааг тодорхойлуулна гэсэн үг.
-Хэдэн хувиар групп тогтоолгох боломжтой вэ?
-Элэгний үрэвсэл хүндрээд ирэхээр элэг хатуурах өвчин болдог. Элэг хатуурах өвчин үе шат болгоноороо группт орох заалттай. Хөдөлмөрийн чадвараа алдалт ердийн өвчин 50-иас дээш хувь байдаг. 50-70 хүртэлх хувь хөдөлмөрийн чадвар хагас алдсан. 70-аас дээш хувийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үздэг. Өвчний заалт тус бүр дээр үе шат, хүндрэлээрээ хувь, хугацаа нь өөр өөр байдаг. Элэгний үрэвслээр бол заалт нь 80-89 хувь гэж байдаг.