Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарласан бөгөөд Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ олон нийтэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгд, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бага насны хүүхэдтэй холбоотой түүнийг алах, хүчирхийлэх, бэлгийн мөлжлөг үйлдэх, жирэмсэн эмэгтэй болон хүүхэд худалдаалах, зэрэгт ялын бодлогыг чангатгах, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй. Хохирогчийг 18 насанд хүрсэн хойно хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр болж байгаа. Мөн бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноодог байсан бол ялын дээд хэмжээг 25 жил болгон нэмсэн.
Хоёрт, Мөн Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улс төрд нөлөө бүхий байдлаар ашиглавал хугацаанаас өмнө суллахгүй.
Гуравт, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг согтуурч, мансуурсан үедээ жолоодож эрхээ хасуулсан иргэн дахин уг үйлдлээ гаргавал 7-30 хоног баривчилдаг байсан. Шинэ хуулиар согтуурч мансуурсан үедээ жолоо барьсан эхний тохиолдлоор жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчилна. Уг өөрчлөлтийг зөрчлийн хуульд оруулсан. Мөн эрүүгийн хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн тээврийн хэрэгсэл дахин жолоодсон болон зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол 1-3 жил жолоодох эрхийн хасаж, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлана эсвэл хорино.
Дөрөвт, Тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын 27 дугаар бүлэгт өөрчлөлт орсон. Хөдөлгөөний үед хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол 450 мянгаас 5.4 сая төгрөгөөс торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсвэл нэг сараас нэг жил зорчих эрхийг хязгаарладаг байсан. Харин 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн энэ төрлийн гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 хүртэлх жил хасаж 2.7-14 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийх, зургаан сараас гурван жил зорчих эрхийг хязгаарлах өөрчлөлт оруулж байгаа. Ялын бодлогоор эрх хасах ял нэмэгдсэн. Мөн хорих ялын доод хэмжээ зургаа дахин дээд хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Харин хорих эрхийн доод хэмжээг таван сар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдсэн. Согтуурч мансуурсан, тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй үедээ жолоодсон бол 3-5 жил хасна. Зорчих эрхийг 1-3 жил хязгаарлана. Эсвэл хорино.
Тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ хүний амь насанд хүрч улмаар хоёр ба түүнээс дээш хүний амь насанд халдвал эрхийг 5-8 жил хасаж, 2-8 жил хорьдог байсныг 8-12 жил эрхийг хасаж өөрчилсөн. Харин ялын хэмжээ хэвээр байгаа" гэлээ.