ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Н.Лүндэндоржид олголоо

O.Admin
2024-01-12

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр (2024.01.12) Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо.


Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар захирамжаар судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох журмыг батлан гаргасан билээ.


Б.Чимидийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн туурвисан бүтээлээ ирүүлдэг бөгөөд энэ оны шалгаруулалтад нийт зургаан бүтээл иржээ. Үүнээс урьдчилсан шалгаруулалтын баг гурван бүтээлийг сонгож, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулснаар сонгон шалгаруулалтыг хийсэн байна.

Энэ оны Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” бүтээл туурвисан Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Нанзаддоржийн Лүндэндоржид олгохоор шийдвэрлэжээ.

Б.Чимидийн нэрэмжит шагналд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас доктор, профессор Н.Лүндэндоржийн 2023 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндсэн хууль - Шинжлэх ухааны тайлбар” хэмээх бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шагнал гардуулах үеэр хэлэхдээ, Б.Чимид агсан Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр, шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад эхийг баригчаар ажилласан гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэхээр түүний нэрэмжит шагналыг Улсын Их Хурлаас жил бүр олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн шагнал Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн жилд болж байгаагаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн арга хэмжээ энэхүү нэр хүндтэй шагналаар эхэлж байгааг дурдав.