Букингемийн ордноос эдүгээ 75 настай Чарльз хаан хорт хавдар өвчнөөр оношлогдож, эмчилгээ хийлгэж эхэлсэн тухай мэдээлжээ.
Тэрбээр түрүү булчирхай томорсон гэх оноштойгоор эмчлүүлж, өнгөрсөн сарын 29-нд дөнгөж эмнэлгээс гараад байсан юм. Букингемийн ордон “Чарлес хаан түрүү булчирхайн мэс засалд орсон. Түүний дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Одоогоор эмчилгээг цаг алдалгүй эхлүүлээд байна” хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ яг юуны хавдраар өвдсөн эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Эмч нарын хувьд хааныг албан үүргээсээ түр хугацаанд чөлөө авахыг зөвлөсөн ч, улс орны хэрэг, бичиг баримттай холбоотой ажлаа үргэлжлүүлэн хийх аж. Хааныг хорт хавдартай болсныг олон нийтэд зарласны дараа түүний хүү хунтайж Харри ойрын хугацаанд хаанд бараалхахаар болжээ.