Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын охидын зөвлөл хамтран Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж охидод хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө бүхий “Охидын чимээ” өдөрлөгийг зохион байгуулжээ.
Тус өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн 800 гаруй охин өөрсдийнхөө эрхийн төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэж, охидын сонирхсон асуудлаар мэргэжилтнүүд зөвлөгөө өгсөн байна. Тус өдөрлөг гурван хэсгээс бүрдсэн байна. Эхний хэсэгт охид мэргэжлийн сэтгэлзүйч, эмч, хуульчаас хувь зөвлөгөө авч, ярилцжээ.
Харин хоёр дахь хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монголын Охидын зөвлөлийн ахлах зөвлөх Б.Ану-Үжин, дуучин, продюсер Д.Уламбаяр (УКА), “Ариун Оюун” академийн гүйцэтгэх захирал О.Ариунзаяа, “Happy z clinic” охид, өсвөр үеийн эмнэлэгийн зөвлөх эмч Н.Мөнхзул, “Андра” академийн гүйцэтгэх захирал Б.Мөнхчимэг, "Отгонтэнгэр" их сургуулийн сэтгүүлзүй, Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Г.Золзаяа, АСЕ эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Т.Ганчимэг нар тодорхой сэдвийн хүрээнд ярилцаж, зөвлөгөө өгөхийн сацуу охидын сонирхсон асуултад хариулжээ.
Харин гуравдугаар хэсэгт охидын дунд QR-аар нууц асуулт явуулж, салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.