Турах зорилготой спиннингээр хичээллээд нуруу өвдсөн, гэнэт нуруу татсан, түнх өвдсөн гэсэн анамнёз хэлж ирсэн хэд хэдэн бүсгүйг энэ жил үзэж зөвлөгөө өглөө. Спиннингээр хичээллэх үед нуруугаа цэх байлга гэж багш чинь хэлдэг л байх. Гэхдээ тэр бүр цэх байлгаж чаддаг эсэх нь тодорхойгүй.
-Дугуй жийх үед хөлийн булчингуудаас гадна хэвлий нурууны булчин чангардаг. Нурууны булчин чангарахаар нугалмууд татагдан ойртдог. Нугалмуудын хооронд байгаа жийргэвч шахагдана. Жийргэвчин дээр ирж байгаа ачаалал жийргэвчийн нийт гадаргууд жигд ирж байхын тулд нуруугаараа бөхийхгүй, нуруугаа цэх байлгах шаардлагатай юм.
-Бөхийх үед нугалмууд урд хэсэг буюу их бие хэсгээрээ хоорондоо ойртдог учир голд нь байрлах жийргэвч ар тал буюу мэдрэл байрлах хэсэг үрүү шахагддаг.
-Хэт огцом хөдөлгөөн хийх үед жийргэвчийн нимгэрч шахагдсан фиброзон цагираг огцом даралт ирсэнээс болж хагарч урагдах, улмаар мэдрэлээ дарах магадлал маш их.
Тиймээс
1. Нуруу өвддөг бол спиннингээр хичээллэхээсээ өмнө нурууны рентген зураг, мра зургаа авхуулж эмчид үзүүлээд спиннингээр хичээллэхэд эрсдэл байхгүй эсэхийг мэдсэн байх
2. Нуруунд ямар нэг эрсдэл үүсгэхээр өөрчлөлт бий бол багштайгаа сайтар ярилцаж дасгалаа тусгайлан сонгох, ачааллаа бага багаар дасгаж нэмэх, зарим эрсдэлтэй хөдөлгөөнүүдийг хийхгүй байхад анхаарах
3. Жийргэвч цүлхийлттэй , ивэрхийлсэн, мэдрэл дарагдсан зэрэг ноцтой өөрчлөлттэйгээ мэдэж байвал огт хичээллэхгүй байх.
4. Турах мэдээж чухал байлгүй яах вэ. Турсанаар гоё болохоос гадна нуруунд ирэх ачаалал багасна. Гэхдээ турах гэж нурууны жийргэвчээ урж, гэмтээх нь турсанаас муу үр дагавартай гэдгийг тооцох эрсдэлээ үнэлэх шаардлагатай.
Туранхай гоё харагдсан хэрнээ нуруу өвддөг байх уу? , махлаг харагддаг ч нурууны өвчингүй байх уу? Турах олон арга байдаг шүү.
Эх сурвалж: Монгол уламжлалт анагаах ухааны их эмч, нугалмын хөдөлгөөнт заслын мастер Н.Алтанхундага