Монголын үндэсний "Нүүдэлчин" эсгийчдийн холбооны анхдугаар их хурал амралтын энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, эсгий урлаачид маань нэгдсэн холбоотой болохоор ажиллаж байна.
Тус холбооны анхдугаар их хурлын хүрээнд өнөөдрийн энэ билэгт сайн өдөр Нийслэлийн Төр захиргааны цогцолборын үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсын шилдэг эсгий урлаачдын нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Нийслэл Улаанбаатар хот 2023 онд ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд "Ардын урлаг ба гар урлал"-ын төрлөөр нэгдэн орсон бөгөөд эсгий урлалыг нарийвчлан бүртгүүлсэн.
Ийнхүү тус сүлжээнд нэгдсэн дэлхийн 355 хотын гар урлаачидтай монголын эсгий урлаачид маань харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэх албан ёсны байгууллага буюу холбоотой болж байна.
Энэ дашрамд дуулгахад Монголын үндэсний "Нүүдэлчин" эсгийчдийн холбооны анхдугаар их хурал болон Монгол Улсын шилдэг эсгий урлаачдын нэгдсэн үзэсгэлэнгийн зохион байгуулалтад НЗДТГ, НСУГ дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.