ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СУРВАЛЖИЛГА: Судалгаанд суурилсан Монголын анхны их сургууль нээлтээ хийлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-06-07

Том байшин, тусгай лаборатори, нүсэр боловсон хүчин, олон мянган суралцагч, улсын төсвийн зардал шаардлагагүй их сургууль Монголд анх удаа байгуулагдаж, албан ёсоор нээлтээ хийлээ.

Тодруулбал, дэргэдээ 16 эрдэм шинжилгээний хүрээлэн, 1200 орчим ажилтан, 400 орчим докторын зэрэгтэй нарийн мэргэжлийн судлаачтай Монголын шинжлэх ухааны академийн дэргэдэх их сургуулийн /UMAS/ нээлтийн ёслол өчигдөр боллоо. Тус сургууль нь МУИС, ШУТИС, МУБИС зэрэг Монголын томоохон уламжлалт сургуулиуд шиг том хичээлийн байр, сургалтын танхимгүй, оюутан элсүүлж бакалаврын боловсрол эзэмшүүлэхгүй, улсаас тусгай татаас авахгүй.

Харин шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт нэн шаардлагатай нарийн мэргэжлээр төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, лаборатори, танхимууд болон тэнд ажиллаж буй эрдэмтэн багш нарт түшиглэн цөөн тооны магистр, доктор бэлтгэх ахисан түвшний сургалт явуулах судалгаанд суурилсан шинэ хэлбэрийн их сургууль юм.

Шинэ сургуулийн нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир нарын албаныхан оролцов.

Энэ үеэр сургууль үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр бусад их, дээд сургууль болон Засгийн газар, хувийн хэвшлийн компанийн захиалгаар өндөр түвшний боловсон хүчинг бэлтгэх боломжтой болж байгааг албаныхан онцолж байлаа.  

Д.Рэгдэл: Жилд 50-60 оюутан л сургана

- Монголын шинжлэх ухааны түүхэнд тэмдэглэн үлдэх өдөр болж байна. Зарим үйл явдал цаг хугацаа холдох тусам тодордог. Засгийн газрын 214 дүгээр тогтоолоор ШУА-ийн дэргэд их сургууль байгуулах шийдвэр гарч, өнөөдөр нээлтийг нь хийж байна. Энэ их сургууль дээд боловсролын түүхэнд яах аргагүй шинэ үзэгдэл. Засгийн газраас боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хооронд нь нийлүүлж, томсгох, тоог нь цөөлөх бодлого барьж байгаа атлаа нэг их сургууль нэмж байгуулж байгаа нь олон хүний анхаарлыг татах нь дамжиггүй.

Шинжлэх ухааны академид доктор болон түүнээс дээд цолтой 300 гаруй өндөр түвшний судлаач бий. Тэднийг Монгол Улс ахисан түвшний судлаач, багш бэлтгэхэд огт ашиглахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс ШУА-ийн дэргэдэх 16 хүрээлэнд байгаа лаборатори, сургалтын баазад түшиглэн цоо шинэ хэлбэрийн их сургуулийг байгуулахаар болсон юм. ШУА-ийн харьяа хүрээлэн болгон факультет хэлбэрээр өөрийн байрандаа доктор, магистрын сургалтаа явуулна.  Нэмэлт байр, багш бараг шаардлагагүй. Түүнчлэн, бид бусад төрийн өмчийн их сургуулиадтай гэрээ байгуулж, хамтарсан хөтөлбөрөөр хичээл орох тул танхим шаардлагагүй. Бид Монгол улсын хөгжлийг тодорхойлох нарийн мэргэжлийн ахисан түвшний судлаачдыг жилд маш цөөн тоогоор бэлтгэнэ. Жилд магистр, докторт нийтдээ 50-60 хүн сургахаар төлөвлөж байна

Л.Энх-Амгалан: Тоог биш зөвхөн чанарыг чухалчилна

-ШУА-ын Их сургууль нь ахисан түвшний сургууль учир зөвхөн магистр, докторантууд л сурна. Манай улсын шинжлэх ухааны нүүр царай, сор болсон эрдэмтэн судлаачид энд бий.

Судалгаанаас үзвэл 200 орчим эрдэм шинжилгээний ажилтнууд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад профессор багшаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, Япон, Солонгос, АНУ, Германд ажиллаж байсан өндөр түвшний судлаачид энэ сургуульд багшилна. Хамгийн гол нь бусад их, дээд сургуулийн магистр докторантурын хөтөлбөртэй давхцахгүй. Хүрээлэнд маш том лабораториуд бий. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд их дээд сургууль, шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагаа муу байсан.

Тусдаа судалгаа хийдэг, лабораторио дундаа ашиглаж чаддаггүй байсны улмаас эрдэмтэн докторуудын судалгаа, инновациуд эдийн засгийн эргэлтэд орж чаддаггүй байлаа. Хөгжил дэвшлээрээ манлайлж байгаа бүх улс орнууд ШУА-даа түшиглэж улс орны цөм тэргүүлэх судалгаануудыг хийдэг тогтолцоотой. Тэр судалгаануудыг Монголдоо бий болгохын тулд ахисан шатны их сургуулийг байгуулж байна. UMAS нь бусад их, дээд сургуультай “барьцаж” бакалаврын сургалт хийхгүй. Тоог биш зөвхөн чанарыг чухалчилна.

Д.Баттогтох: Сургуулийн санхүүжилтийг судалгааны төслүүдээс бүрдүүлнэ

 /БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

- Бусад их, дээд сургуулиудад байхгүй шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийн эрэлттэй нарийн мэргэжлийн 10 хөтөлбөрийг боловсруулсан. Ингэхдээ наймыг нь томоохон их, дээд сургуультай хамтарсан байдлаар хоёр хөтөлбөрийг нь ШУА-ын материаллаг бааз болон хүний нөөцийг түшиглэж хэрэгжүүлэхээр боловсруулаад байна.

Цаашдаа судалгааны их сургууль болж хөгжих боломжтой. Сургалт гэхээс илүү судалгаанд илүү ач холбогдол өгнө. Оюутнуудад илүү ахисан түвшний сургалт явуулна. Тиймээс тооноос илүү чанарт анхаарна. Энэ сургуулийн гол санхүүжилтийг сургалтын төлбөр гэхээс илүү судалгааны төслүүдээс бүрдүүлэх юм. Манай шинжлэх ухааны салбарт археологи, палентлоги гээд дэлхийн топ гурван түвшинд эрэмбэлэгддэг салбарууд байгаа. Энэ салбаруудад гадны оюутнууд суралцах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Энэ чиглэлүүдийг нь хангаж өгнө. Гэхдээ тоо нь олон биш учраас үүнд тохируулж их, дээд сургуулиудад хөтөлбөр нээхэд хүндрэлтэй. Тийм учраас маш цөөн тоогоор нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Тархи судлал, хиймэл оюун ухаан, хүрээлэн буй орчин, инженерчлэлийн хөтөлбөрүүдийг хамтарч болон дангаараа боловсруулаад явна. Элсэлтийг ес, аравдугаар сараас өмнө хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэний дараа зарлана.

З.Гэрэлмаа: Олон төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой

/Анхны элсэгч/

- Би биологийн хүрээлэнгийн лабораторид микробиологийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг. Биологич, биотехнологич мэргэжилтэй. ШУА-ын дэргэдэх UMAS сургуулийг сонгох болсон шалтгаан гэвэл олон улсад докторын зэрэг хамгаалсан, багшилж байсан туршлагатай боловсон хүчнээр эх орондоо хичээл заалгаж,  илүү академик мэдлэг олж авах давуу талтай гэж үзсэн. Судлаачид судалгааныхаа ажлыг үр дүнг гаргахад маш их цаг хугацаа зарцуулдаг. Харин энэ сургууль ШУА-ын материаллаг баазад түшиглэсэн сургалтын системтэй учраас цаг зав хэмнэнэ. Олон төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой гээд давуу тал олон.