Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн дугаар тоотод амьдарч байсан өрх толгойлсон эмэгтэй гурван хүүхэд, хамтран амьдрагч 51 настай С, мөн хамаатны охины хамт зургуулаа угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тус айлаас ганц амьд үлдсэн цэрэг явсан хүү нь өчигдөр мэдээлэл хийсний дараа цахим орчинд хүүгийн ээжийг архины хамааралтай байсан, хүү өөрөө хулгайч байсан гэх цагдаагийн алба хаагчийн тайлангийн хуудас цацагдсан. Тэгвэл энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр ХЗДХ-ийн яамны байранд мэдээлэл хийлээ.
О.Алтангэрэл сайд хэлэхдээ “Хилчин байлдагчийн ар гэрт тохиолдсон энэ эмгэнэлтэй үйл явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Хохирогчтой биечлэн уулзаж хамгаалалтад авах, санал хүсэлтийг нь сонсохыг хүссэн. Ар гэрийнхэн нь эргээд холбогдоно гэсэн. Хил хамгаалах албатай хамтран ажлын хэсэг гарсан. Хохирогчоор тогтоох асуудлыг ярина. Тухайн үед хугацаат цэргийн албан хаагч байсан учраас тухайн үед хамгийн ойр дотны хүнийг нь хохирогчоор тогтоосон.
Байлдагчийг Сүхбаатар аймгаас ирэх хооронд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах ёстой учраас хамгийн ойрын хүнийг томилсон юм билээ. Хоёр офицер байлдагчийг хүргэж өгсөн. Хил дээр алба хааж байсан учраас сэтгэл санааны байдлыг нь харгалзан үзэж, Улаанбаатар хот хүртэл алба хаагчид хэлээгүй. Хугацаат цэргийн алба хаагч ямар нэг байдлаар оргож, зугтаагүй. Маш үлгэр жишээ албаа хааж байсан.
Хохирогчдын зарим мэдээлэл худал ташаа. Хохирогчийг архины хамааралтай мэтээр бичсэн нь гүтгэлэг. Зарим нь цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл байна лээ. Авга ахтай нь холбогдсон, авга эгчийндээ байгаа юм билээ. Хохирогчийн эмзэг мэдээллийг агуулсан мэдээлэл өчигдөр 21.00 цагийн орчимд цацагдсан. Хуулийг ноцтой зөрчсөн эрүүгийн хэрэг хүлээлгэх үйл явдал боллоо.
Хувь хүний нууцыг задруулсан уг хэрэгт тав хүртэлх жилийн хорих ял оноодог. Хүнд бэрхийг туулж яваа үед нь албаны журмаар задруулсан бол бид хариуцлага тооцно. Цагдаагийн удирдлагуудтай хариуцлага ярина. Энэ асуудлаар өчигдөр ажлын хэсэг байгуулагдсан. Нэг албан хаагчийг торгож, хариуцлага тооцоод өнгөрөх зүйл биш. Хохирогчийг бид бүх талаар дэмжинэ, хамгаална. “Хил хамгаалах сургуульд суралцаж болно, хилчин нөхөд, ХХЕГ чамтай хамт байгаа шүү” гэдгийг ч ангийн удирдлагууд нь хэлсэн юм билээ” гэлээ. Мөн шахмал түлшний асуудлаар “Тавантолгой түлш” компанийн үе, үеийн удирдлагуудыг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд 29 төрлийн химийн бодист шинжилгээ хийж байгаа аж. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд түүхий нүүрс болон шахмал түлшнээс нийтдээ 779 хүн угаартаж амиа алджээ.