Төрийн ордны гадна, дотно түжигнэсэн Д.Энхтүвшин нарын гишүүдийн төсөв данхайсан гэх улс төрийн сүртэй мэдэгдлүүд, угаарын хийн хордлогоор амиа алдсан гэр бүлийн үхлийг улстөржүүлсэн гэх Ч.Лодойсамбуугийн огцруулах албан бичиг, Төрийн ордны гаднах уяачдын жагсаал тэмцэл хийгээд засгаас гаргасан “бөөрөнхий” албан бичиг, түүнийг дагасан нулимстай уянгын халил, эцэс сүүлд нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгт хаягласан уу эсвэл Л.Оюун-Эрдэнийг огцруулах уу гэдгээ ч ялгаж салгахаа больсон холимог хуурга шиг жагсаал гээд энэ өвөл цөөхөн хэдэн монголчууд бид юу эсийг үзэв ээ.
Хэн нь хэнийхээ эсрэг жагсаж тэмцээд байгаа, хэд нь яг органик тэмцэгч болохоо ч ялгаж салгахгүй болтлоо хэдүүлээ утаатай хотдоо тултлаа улстөржлөө. Гэхдээ энэ бүх тархи эргүүлсэн пиар, хоржоонтой улс төрийн нүүдлүүд дунд цор ганц үнэн байсан нь “Л.Оюун-Эрдэнэ ба түүний Засгийн газар хэнд гай болсон бэ” гэдэг асуулт байсныг эрхбиш ялгаж салгачихаад сууж байгаа нь харин талархууштай юм.
Угтаа Засгийн газраас соёрхон баталж, УИХ-аар дэмжлэг аваад өвлийн наадам зохион байгуулагдаж буй БНХАУ-ын Харбин хотноо цана, чарганы нүргээнтэй хамт чимээтэйхэн баталсан “Харбины гэрээ” буюу Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболт болон бусад төмөр зам хийгээд боомтуудыг сэхээнээс гаргах тухай хамтын ажиллагаа буюу “боомтын бойм”-ыг жинхэнэ утгаар нь тайлж чадах том гэрээ энэ бүх уянгын халилтай, уршиг төвөгтэй, урсах нулимстай тэмцэл, жагсаал бүрийн цаана байсныг хаврын урь орохтой зэрэгцэн хамтдаа нэг мөр ойлгож авцгаасан нь олз.
Гэвч асуудал ингээд дуусчихгүй. Тодруулбал, Монгол Улсын боомтын хүчин чадлыг хоёр дахин нэмж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх алс хэтийн мөрөөдлөө ойртуулах, нэг ч тонноор нэмэгдүүлж чадахгүй, хүчин чадлын гацаанд орсон нүүрс тээврээ 165 саяд хүргэж, борлуулалтын орлогоо 1.5 тэрбумаар нэмж чадах “том” амлалт өгөөд буцаж ирсэн энэхүү гэрээг Харбин руу нисэж очоод зурчихвал л асуудал дуусчих хэрэг биш юм билээ. Тиймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний зовлон одоо л эхэлж байна гэж тодотгоод байгаа юм.
Учир юу вэ гэж үү
Учир нь, энэ гэрээ бүхэл бүтэн 21 жил гацсан гэдгийг нэн тэргүүнд онцолъё. Танк, төмөр замын царигийн маргаан мэтгэлцээн, Тавантолгойг бүхэлд нь залгих гэсэн эрх ашиг гэх мэтээр хэчнээн олон үлгэр, хэдэн зуун улстөрчийн эрх ашгаас үүдэж энэ төсөл гацсан билээ дээ. Ерөнхий сайд ч үүнийг Харбинд хэлсэн мэдэгдэлдээ онцолно билээ.
Тэрбээр, “2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, УИХ-ын зургаан тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна” гэж тодотгов. Энэ бүх тооны ард үе, үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, улстөрчдийн эрх ашиг нуугдаж байв. “Мөнгөө төлөөд хөгжмөө захиалдаг” MCS шиг компаниуд тэр бүх хэлэлцээрийн ард нуугдаж байлаа.
Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа шиг олон улстөрч нар мэдсэн ч мэдэн будилсаар зургаан тогтоолыг үйлдэж, Засгийн газраа огцруулж “тоглосон” болж таарах нь ээ. Тийм их эрх ашиг, тэр олон жилийн тэмцлээ Харбинд очоод зурчихаар нь “За за одоо бууж өгье дөө” гээд найр тавьчихна гэвэл түүн шиг үлгэр үгүй. Тиймээс “Харбины гэрээг ингээд зурчихлаа. Одоо эцэслэн батлах уу” гэх асуудал нь хаврын чуулганы үүдээр шагаймагц аядуу зөөлөн суугаа улстөрчид ар, араасаа мэдэгдлээ хийх нь цаг хугацааны асуудал болов.
Могой жилийн эхэн сар гармагц үүрээ, үүцээ хамгаалсан олон хорт могойнууд хор, ховоо цацсаар ичээнээсээ сугарч сүрэглэн дайрах учраас зураад ирсэн гэрээгээ яг энэ хэвээр хамгаалан үлдэж чадах эсэх нь гуравдугаар сарын 15-наас хойш яригдах сэдэв болж байна. Энэ хавар амжаад бүтээн байгуулалтыг эхлүүлж чадах эсэх, нүүрсний үнээ хөвөгч ханшаар тооцож чадах эсэх, хамгийн чухал нь хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг зарлахдаа Хятадын талын саналыг сонсох уу, эсвэл тендер зарлах уу... гэх мэтээр олон маргаантай, мэтгэлцээнтэй асуудлын учгийг тайлах хүртлээ Ерөнхий сайд амар жимэр сууж чадахгүй нь ээ.
Гашуунсухайтыг гацаах эрх ашгаасаа буцаж, төмөр замын хэрүүл нь төгсгөлдөө хүрэх хүртлээ дахиад ч олон улс төрийн жагсаал, тэмцлийг дагуулах биз ээ. Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг хэдийгээр дөрөвхөн улстөрчийн гарын үсгээр тогтож, Ч.Лодойсамбуугийн ширээний нүдэнд дараастай байгаа ч хаврын хавсаргатай зэрэгцэн хүчээ авчихвал торгоож дийлэхгүй улс төр лүү түлхчих вий гэдгээ ч Ерөнхий сайд бодож суугаа байх аа. Учир нь тэр Харбинд очсон үйлдлээрээ хамаг том бүлэглэлүүдийн игзаарыг төрүүлж, өөрөө өөртөө жинхэнэ утгаараа “амаргүй” цаг үеийг дуудчихлаа.
Их тулааны өмнөх нам гүм буюу хаврын улс төр
Харбины гэрээний дараа яригдах хоёрдугаар гол асуудлыг монголчууд цугаар мэдэж буй. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын баялагтаа эзэн байх тухай “Хөх туг” аян, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын Төрийн өмчит хийгээд орон нутгийн өмчит компаниудын хувьчлал, Хуульзүйн сайд О.Алтангэрэлийн Үндэслэлгүй олсон хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл, эцэст нь Л.Оюун-Эрдэний Засгийн газрын баталсан Үндэсний баялгийн сан болон Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл нэгдэж, нийлээд ерөөсөө “Монгол хүн баялагтаа эзэн байя” гэсэн афоризм буюу стратегийн ордуудаас төр хувь эзэмших, түүгээрээ дамжуулан иргэн бүртээ хувь хүртээх эрх ашигт нэгдэж буй.
Монгол Улс өнөөдрийн байдлаар 16 стратегийн орд тоолсноос долоо нь төрд, ес нь хувьд бий. Тэгэхээр энэ хаврын улс төрд тос нэмэх хамгийн том асуудал нь эдгээр есөн ордын 34 хувийг төрд буцааж авах тухай асуудал. Стратегийн ордуудад жирийн нэг иргэн бус Монголын хамаг л өнгөтэй, өөдтэй томчууд буюу бидний сайн мэдэх өнөөх “30 гэр бүл” чинь эзэн суугаа. МАК-ийн Цагаан суварга, MCS-ийн Ухаа худаг, Гацуурт, Нарийнсухайт, Бороогийн алтны орд, Мардайн ураны орд, Төмөртэйн овооны цайр, хар тугалгын орд гэх мэтээр жагсаалт үргэлжилнэ.
Эндээс Тавантолгойн бүлэг ордын хамгийн том хэсэг болох Ухаа худагт эзэн суусан MCS-ийн зодоон та бидний нүдэн дээр ил өрнөж буй. Стратегийн хоёр том орд буюу МАК-ийн эзэмшилд байдаг Нарийн сухайт, Цагаан суваргаа хамгаалахын тулд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэр чадлаараа үзэж буй ч төмөр замын хил холболтын зодооныг бол хөндлөнгөөс ажиглана билээ. Одоо харин 34 хувийн эзэмшлийн асуудал орж ирмэгц түүний гар хөлүүд хөдлөхөөр “зэвсгээ” бэлтгэн, огцруулах албан бичгийг овоо хараандаа авчихаад сууж буй нь худлаа биш. Нэмээд “Ачит ихт”-ийн асуудал ч сөхөгдөж мэднэ. Гэлээ гэхдээ энэ бол зөвхөн дотоодын зодоон. Стратегийн бусад ордуудын цаана буй Хятад, Сингапур, Канад зэрэг улсын орд газрын эзэд өөрсдийн гар хөлөөр дамжуулан төрийг хөдөлгөхөөр санаархвал Л.Оюун-Эрдэнийг онилсон улс төрийн овоо хараа дотоодын 30 гэр бүлээр тогтохгүй болох билээ.
Тиймээс л энэ бүх тэмцэл, зөрчлийн ард эрүүл ухаанаар сэтгэдэг хэсэг бүлгийн дэмжлэг буюу олон намын төлөөллөөр орж ирсэн улстөрчдийн дэмжлэгт найдаж буйгаа өнгөрөгч сонгуулийн өмнө ил тод мэдэгдсэн билээ. Ийм том зүйлийн эсрэг өөрийнх нь нам олонхи бүрдүүлсэн 76 улстөрчтэй дайрч орлоо гээд өмнөх Ерөнхий сайдуудын эмгэнэлт хувь заяаг давтах учраас “Тогтвортой хөгжлийн төлөөх улс төрийн зориг” хэмээн гурван намаар хүч нэмэн Засгийн газраа зузаалж, намуудын төлөөллийг багтаасан 126 хүнээр парламентаа хүч сэлбэж байгаад энэ тулаанд оров.
Харин ялах уу, эсвэл гэдэг нь энэ хавар үргэлжлэх асар том улстөржилт, тэмцэл, жагсаал цуглаан, эрх ашгийн төлөөх зодоон, бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөөх зөрчилдөөнөөс харагдах нь ээ. Тэр үед харин ард түмний дэмжлэг энэ хэвээр байгаасай. Ерөнхий сайд хийгээд ард түмэн энэ тулаанд ялаасай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний гуравдугаарх зовлон бол намын дотоод асуудал. Хэдийгээр энэ бүх зодоон, тулааны дэргэд тун ажин түжин явж байгаа мэт харагдавч “Дараагийн дөрвөн жилд намаа хэн авах вэ” гэсэн зөрчилдөөн өрнөөд эхэлчихсэн. Гэхдээ тун далдуур. Хаврын хугацаанд 21 аймгийн намын дарга нар бүгд солигдох товтой буй. Нэмээд намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага тэргүүнээ солих тов гарсан. Оны өмнөхөн залуучуудын байгууллага нь тэргүүнээ солив. Дараагийн намын дарга нь Ерөнхий сайд байх тухай улс төрийн өрнөлийг дараа, дараагийн нийтлэлд онцлох учраас энд цухасхан дурдаад өнгөрье.
Төгсгөлд нь хэлэхэд, Харбины гэрээгээр хамаг бүхэн дуусах биш харин ч том улс төр, амаргүй цаг хугацааг жинхэнэ утгаар нь дуудчихсан учраас энэ цаг үед итгэж оруулж ирсэн намын нөхөд, энэ улсын төлөө зүтгэе гэж хамтраад байгуулсан хөгжлийн гэрээний ар дахь улс төрийн намуудын нэгдэл, хөгжлийн 14 мега төслөөс дөрвийг нь хөдөлгөж чадсан Л.Оюун-Эрдэний рейтинг хийгээд ард түмний дэмжлэг хамт нэг цул болж байж л ирээдүйн 30 жилд цоо шинээр хөгжих үү, эсвэл 30 гэр бүлийнхээ хатуу хяналт дор баялагтаа эзэн байх тухай мөрөөдлөө ярьсаар суух уу гэдгээ шийдэх билээ. Энэ бүхэнд харин монголчуудын эрүүл саруул ухаан хэрэг болох учиртай. Айлчлан ирж буй хавар цагт хахир хатуу өвлийн улстөржилтөөс ч илүү зүйлийг үзэж туулах нь дээ, монголчууд аа. Бүрэн мэдээллээ базааж, эрүүл ухаанаа алдчихгүйхэн энэ бүхнийг үзэж туулахсан.