ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.ШИЖИР: Иргэн бүрд жилдээ 5-6 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараах боломж бий

O.Admin
2025-02-17

АН-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамтаар баялагтаа эзэн байх тухай буюу "Хөх туг" аяныг санаачлан, орон нутгаар тойрч буй билээ. Тэгвэл энэхүү аяныг талаар болон баялгийн тэгш бус хуваарилалтын талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Стратегийн ордуудыг 1950, 1960, 1970, 1980, 1990 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийн олж нээсэн. Тэгтэл өнөөдөр энэ ордуудыг маш олон хувийн компани өөрсдөдөө авсан. Тэр компаниудын эздийн хүүхэд нь ханиад хүрэхэд Солонгос руу нисдэг. Энэ нь нийт иргэдийн баялаг байх ёстой. Тэрийг баялгийн сан хэлбэрээр дахин төвлөрүүлье. Өнгөрсөн 2024 оны сүүлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас чамлахаар чанга атга гэж 100 гаруй мянган төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр иргэдэд тараасан.

Тэгвэл энийг 55-аар үржүүлбэл жилдээ иргэн бүр 5-6 сая төгрөгийг зөвхөн ногдол ашгаас хүртэх боломжтой. Бид стратегийн 55 ордтой шүү дээ. Ковидын үед хил хаалттай хүнд хэцүү цаг үеийг энгийнээр хэлэхэд “Эрдэнэт” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хүчээр давлаа. Хэрэв энэ компаниуд төрд бус хувьд байсан бол яах вэ.

Үндсэндээ бид маш их баялагтай мөртлөө түүндээ эзэн болж чадахгүй байна. Түүнээс олж байгаа орлого Монголын ард түмэнд хүртээлгүй байна. Өнөөдөр бид маш олон асуудалтай нүүр тулж байна. Цалин, тэтгэвэр дорвитой нэмэгдэж өгдөггүй.

Энэ нь байгалийн баялаг тэгш бус хуваарилагдсан болохоор тэр. Тийм болохоор баялгийн сан гэж гарч ирсэн, энэ нь өөрөө юуг хэлж байна гэхээр стратегийн 55 ордоо хуульд заагдсан хэрэгжилтийнх нь дагуу буюу хамгийн багадаа 34 хувийг нь төр эзэмшээд, орлогыг баялгийн сандаа төвлөрүүлэх юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд иргэд та бүхэнд саналын хуудас тараасан энэ саналыг дэмжээрэй гэж хүсэж байна.

Нэг жишээ хэлэхэд, Булган аймгийн хэмжээнд 176 мянган га талбайг лизенц хэлбэрээр олгосон байна. Үүнээс наймыг нь 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг. Одоо ашиглалтын лицензтэй 79, хайгуулын лицензтэй 34 орд байна. Энэ баялгийн 34 хувийг Булган аймгийн иргэд хүртдэг болъё гэж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрт Булган аймаг ус нийлүүлснийхээ төлбөрт 30 гаруй тэрбум төгрөг авдаг болсон. Тэгтэл Эрдэнэт үйлдвэр шиг 55 орд байвал яах вэ. Булган аймаг 50 дахин илүү хурдан хөгжинө гэсэн үг.

Энэ хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа нь санаатай үйлдэл. Иргэдтэйгээ уулзахын өмнө бид Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр асуудал тавьсан. Эхнийх нь хуулийн хэрэгжилтийн талаар энэ хууль үнэхээр хэрэгжиж байгаа юу, яагаад хэрэгжихгүй байна, хувийн компанид лицензийг нь хэн хэзээ олгосон зэрэг мэдээллийг асуусан. Энэ хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулна.

Хоёрдугаарт нь төрийн эзэмшлийн тухай асуудал байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК зургаан орд газартай байсан, нэгийг нь хувийн компани авсан. Одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний зүгээс яагаад хувийн компанид олгосон гэдгийг сонсголоор хэлэлцүүлж иргэдэд нээлттэй болгоно. Энд нэг зүйлийг сануулж хэлэхэд бид хэн нэгний өөрийн хөрөнгөөр босгосон эсвэл өөрийн хөдөлмөрөөрөө босгосон ямар нэгэн бизнес, хөрөнгийг авах гээгүй юм. Та бидэнд өвөг дээдсийн үлдээсэн, бид ирээдүйд үлдээх энэ их баялгаас иргэн бүр нь ашиг хүртдэг, эзэмшдэг болъё л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХК, Эрдэнэт үйлдвэр шиг 55 орд УИХ-ын тогтоолтой байна. Баялгийн эзэн болцгооё" хэмээжээ.