Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан болж байна.
Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахаар болсныг онцлов.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гадны хөрөнгө оруулалт татах бөгөөд Business Friendly Mongolia буюу Монгол Улсыг бизнес эрхлэхэд таатай улс болгох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх” зорилготой юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Үндэсний баялгийн сангийн тухай хуульд стратегийн орд газруудын 34-51 хувийг төрийн мэдэлд авч, Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, Хуримтлалын сангаар дамжуулан иргэд өгөөжийг нь хүртэхээр хуульчилсан билээ.
Энэ асуудлаас үүдэн Засгийн газрыг баялаг бүтээгчдээ дарамталж, нухчин дарах гэж байгаа мэт ойлголтыг нийгэмд санаатайгаар түгээж, ард иргэдийг талцуулж байгаа энэ цаг үед бид баялаг бүтээгчид болон байгалийн баялгийг баяжих хэрэгсэл болгогчдыг ялгаж салгаж, жинхэнэ баялаг бүтээгчдээ бодитоор дэмжих нь чухал байна.
Байгалийн баялгийн хуваарилалтыг ард иргэдэд тэгш хүртээхээс өөрөөр хувийн хэвшилтэй мэтгэлцэх зүйл огт байхгүй.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гадны хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлж, тэднийг дэмжих чиглэлээр ажиллах бөгөөд энэ агуулгаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчдын төлөөлөл, бизнес эрхлэгчдийн холбоо, нэгдэл бүхий гишүүдээс бүрдүүлсэн билээ" хэмээв.