ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Дэлгэрсайхан: Үеийн үед сонгуулийн өмнөх жилийн төсвийг тэлж ирсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-09

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.

-УИХ-аар ирэх оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байна. Хэт их өөдрөг төсөөлөлтэй, орлогын гол эх үүсвэрээ уул уурхай болон татвараас бүрдүүлнэ гэж тооцсон байна. Мэргэжлийн эдийн засагч хүний хувьд өөдрөг төсөөллийг юу гэж харж байна вэ?

-Юуны өмнө төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх тогтолцоо буюу циклийг харах цаг болсон. Төсөв гэж юу болох, яаж төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэдгээ бодох ёстой. Өнөөг хүртэл манай улсын төсөв маш их тэлсээр ирсэн. Тэр дундаа сонгуулийн өмнөх жилийн  төсөв маш  өндөр тэлэлттэй байдаг. Зөвхөн энэ удаа ч биш үеийн үед ийм байж ирсэн. Өмнө нь ч гэсэн орлого, зарлагаа зөв төлөвлөж чаддаггүй байсан. Орлогыг хэт өөдрөг байдлаар төсөвлөж, түүний хэрээр зарлагыг нэмдэг. Тухайн жилд нь эдийн засгийн нөхцөл байдал муудсан  үед улсын орлого маш их тасардаг талтай. Үүнээс болоод төсвийн төлөвлөлт төлөвлөсний дагуу хэрэгжиж чаддаггүй. Мөн алдагдал нэмэгддэг. Алдагдал нэмэгдэхээр өр зээлийн эх сурвалжаар алдагдлаа санхүүжүүлдэг шүү дээ. Энэ нь эргээд Монгол Улсын өрийн дарамтыг нэмэгдүүлдэг. Төсвийг буруу төлөвлөх нь асар их сөрөг үр дагавартайг харах ёстой.

Ирэх оны төсөвт өмнөх онуудын алдаанууд давтагдаж болзошгүй  байна. Төсвийн орлогыг уул уурхайн салбарын экспорт, гааль болон татварын шинэчлэлийн хүрээнд нэлээд их орлогыг нэмэгдүүлнэ гэж ерөнхий байдлаар тайлбарласан байна билээ. Тухайн өөрчлөлтүүдээс нь хэрхэн яаж, татварын орлогыг нэмэгдүүлэх юм бэ гэсэн нарийн тооцоо байхгүй. Ерөнхий таамаглалууд бол байна. Энэ нь өмнөх жилүүдийн   төсөвтэй ерөнхийдөө адилхан. Өмнөх жилүүдийг ажиглавал сонгуультай холбоотой жилүүдэд төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлсэн байдаг. Харин дараа жилийнх нь эдийн засгийн нөхцөл байдал тааруухан байснаас төсвийн орлого их наядаар тасалдах, тодотголыг байнга хийх байдал сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болсон. Зөвхөн 2018 оны төсвийг тодотгоогүй. Бусад жилийн төсвийг 1-2 удаа тодотгож ирсэн шүү дээ. Тэгэхээр ирэх оны төсөвт энэ байдал давтагдаж магадгүй харж байна.

-Ирэх онд эдийн засаг тодорхой хэмжээгээр сэргэнэ гэсэн нааштай мэдээлэл байгаа. Эдийн засгийн өсөлтийг төсвийн бодлоготой  хэрхэн уялдуулсан байна вэ?

-Энэ талаасаа ирэх оны төсөв өмнөх жилүүдээс бодвол сайжирчээ. Дэлхийн зах зээлд гарч байгаа  таамаглалууд, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн байна. Үүндээ үндэслэн орлого, зарлагын чиглэлд хийх ажлуудыг нарийн тодорхой заасан зүйл бий. Гэхдээ Монгол Улсын төсвийн бодлого гэдэг зүйл байхгүй явсаар өнөөг хүрсэн. Төсөв гэдэг нь цуглуулаад тараадаг хэдэн төгрөг биш. Төсөв гэдэг нь Монгол Улсын төрийн үүргийг гүйцэтгэх санхүүгийн гол эх сурвалж. Төрийн үйл хэргийг үргэлжлүүлэх гол арга механизм  юм. Нийгэм эдийн засагт ямар үр өгөөж авчрах юм бэ.

Түүний үр дагавар нь ямар байх вэ. Хэрвээ чадахгүй бол хариуцлага нь хаана байх юм бэ гэдэг төсвийн нэгдсэн бодлого  ерөнхийдөө алдагдсан. Төсөв нь макро эдийн засаг болон  нийгмийн үр ашигтай байх ёстой. Бид үүнийг хэт ерөнхий байдлаар авч үзсээр өнөөг хүрсэн. Төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөвт байгаа макро эдийн засгийн зорилго гэж хэлж болохуйц хоёрхон тоо бий. Тухайлбал, ДНБ-ий өсөлтийг хэдэн хувьд хүргэнэ, инфляцийг тэдэн  хувьд барина гэсэн хоёрхон тоо байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэл гаргаад, хязгаар тогтоодог, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд төсвийг хийж байгаа гэж тайлбарладаг. Хэлбэрийн хувьд тогтолцоо нь байгаа боловч төсвийн цогц бодлого гэдэг зүйлийг эргэн харж, авч үзэх ёстой юм. Төсвийн тогтолцоог шинэчлэх хөндөх цаг нь болсон гэж харж байгаа.

-Бодлогогүй төсөв гэхээр эвгүй сонсогдож байна. Бодлогогүй, зорилгогүй зүйл хэзээ ч ахиж, дэвшиж байсан удаагүй. Энэ хэрээр явбал цаашид юу болох юм бэ. Үүний хор хохирлыг хэн амсах вэ?

-Арай хатуухан хэлсэн байж магадгүй. Уг нь үнэндээ хууль, бодлогын баримт бичгүүдийг нь харвал Монгол Улс бодлоготой мэт. Гэтэл бодит байдал дээр хэрэгжих боломж, хэрэгжилт үнэндээ хангалтгүй байгаа. Иймээс Монгол Улс нэгдсэн чиг баримжаатай хөгжлийн болон иргэндээ чиглэсэн бодлогогүй байна гэж хэлээд байгаа юм. Бодлого үнэхээр байдаг бол тэр нь хэрэгждэг эдийн засаг, нийгмийн үр ашиг авчирдаг байх ёстой. Гэтэл ийм бус байгаагийн үр дагаврыг ард түмэн хангалттай амсаж байна. Харамсалтай нь, хангалттай урт удаан хугацаанд амсаж байна шүү дээ. Үүнийг бид хэдхэн тоотой харьцуулаад мэдэх боломжтой. Монгол Улсын төсөв хэд дахин өсөв.

Төсвийн хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдлээ. Нөгөө талд байгаа иргэдийн амьжиргаа, төрийн үйлчилгээний чанар, засаглалын чадамж, авлигал, хээл хахууль нь буурсан юм уу гэх мэтээр нэрлэж, өргөн цар хүрээгээр нь харах юм бол төсөв болон бусад бодлогууд хэрхэн хэрэгжиж ирснийг харж болох юм. Энэ бол ард түмний амьдралд бодитоор илэрч байгаа зүйл шүү дээ. Бодлогогүйн гайгаар Монгол Улсыг хөгжүүлж чадахгүй байна. Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж чадахгүй байна. Эрүүл мэнд, боловсрол гэх мэт нийгмийн чухал үзүүлэлт улам доройтож байгаа. Энэ бүх үзүүлэлт чинь бид болохгүй байгааг харуулж байна шүү дээ. Үүнийг зөвхөн дотооддоо хэдэн эдийн засагчид яриад дүгнээд байгаа биш гадаадын байгууллагуудын судалгаа, түүний үр дүн давхар баталж байгаа.

-Эдийн засаг жаахан сэргэхээр үр ашиггүй зарлагыг их нэмэгдүүлдэг. Ирэх оны төсөвт хөдөө, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, төрийн албаны  бүтцийг нэмэгдүүлж, улам данхайлгах юм. Нийгмийг тэр чигт нь орхигдуулдаг зүйл байна. Энэ гажуудлыг яах вэ?

-Үеийн үед бид зардлаа хэмнэж байна, үр ашигтай төсөвтэй болно гэх зэргээр сайн тал руу нь чиглэсэн үгийг их хэрэглэдэг. Нөгөөтэйгүүр, урсгал болон хөрөнгө оруулалтынх нь зардал улам нэмэгдээд байдаг. Тухайлбал, ирэх оны төсөв дөрвөн ерөнхийлөн захирагчаас бусад бүх хүний урсгал зардал нэмэгдсэн. Гэтэл боловсрол, эрүүл мэнд нийгмийн үйлчилгээ талдаа хүндээ чиглэсэн төсөв бага байгаа нь үнэн. Зөвхөн тухайн эрх баригчид болон ерөнхийлөн захирагчийн эрх мэдэл нэмэгдүүлсэн  байдлаар асуудлыг шийдээд явж байгаа нь ч үнэн.

Гэтэл тэр нь байгаа онож хүндээ хүрч байгаа нь эргэлзээтэй. Харин орон нутагт эрх мэдлийг шилжүүлэхийн хувьд зарим эрх мэдлийг төвлөрүүлэх, буцаан хуваарилах зарчмаар явж байгаа нь үр ашигтай тогтолцоог гажуудуулах нэг үндэс болж байна гэж үздэг. Сүүлийн жилүүдэд төсөвт орон нутагт тодорхой эрх мэдлийг олгож ирсэн. Ирэх жилийн төсөв ч гэсэн ашигт малтмалын орлогыг орон нутагт үлдээх, боловсрол, соёл урлагийн чиглэлийн ажилд төсвийн удирдлагыг орон нутагт чиглүүлэхэд тодорхой ажил хийхээр дурдсан байна лээ. Гол нь төсвийн олон өөрчлөлт, шинэчлэлтүүд нь бидний хүсэн хүлээгээд байгаа орон нутаг дахь төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын чанарын асуудалд хэрхэн нөлөөлсөн, нөлөөлөхийг тооцох хэрэгтэй. Эргээд үр дүнг хянах, хариуцлага тооцох механизм байх ёстой. Мөн хариуцлагын асуудал төсвийн хүрээнд бараг байхгүйтэй адил. Төсөв тэлж, тасарч л байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийг тогтолцоо болон циклийнх нь хувьд бүрэн эргэж харах цаг болсон гэдгийг хэлмээр байна.

Төсвийн хүрээний мэдэгдэлд дурдагдаж батлагдсан тоонууд өөрчлөгдөөд, намар төсөв батлагдах үеэр УИХ-аар хамт ордог. Дараа жил төсөв биелэхгүй болохоор дахиад төсвийн хүрээний мэдэгдлээ дур мэдэн өөрчилдөг. Нэгхэн жилийн хугацаатай хийж байгаа Монгол Улсын төсвийн чиг баримжаа байнга өөрчилж байна. Хавар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлдээ, намар нь батлах төсвөө уялдуулж орж ирэх ёстой. Гэтэл эсрэгээрээ төсөвтөө төсвийн хүрээний мэдэгдэл нь захирагдаад байгаа мэт. Үеийн үед ингэж явж ирсэн. Тэгэхээр ядаж богино дунд хугацаандаа эдийн засаг нь чиг баримжаатай байж чадахгүй байна гэдэг нь харагдаж байна. Ийм байдлыг өөрчилж чадахгүй бол Монгол Улсын төсвийн  орлого, зарлага буруу төлөвлөгдсөөр зарлага хэтэрсэн гэсэн хэлбэрийн зүйл ярьсаар чанарын шинэчлэл хийж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр бидэнд тогтвортой бодлого чухал.

-Монгол Улс тодорхой бодлогогүйгээс болоод гадны байгууллагаар удирдуулахад хүрчээ гэж хэлж болох уу?

-Монгол Улс 20 гаруй жил эдийн засаг болоод нийгмийн зохистой, тогтвортой бодлоготой чадаагүйгээс удаа дараагийн хямрал, хүндрэлд өртсөн. Түүнээс болоод бид өнөөдөр хүндрэлээ бие даан шийдвэрлэх боломжгүй болчихсоны улмаас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Үүний төлөө гадны байгууллагыг буруутгах нь зохистой зүйл биш. Бид өөрсдийн буруугаас болоод ийм зүйлд хүрсэн. Төр засгийн зүгээс ч ОУВС-гаас асууна, тохиролцоно гэдэг зүйлийг хэлдэг болсон. Харин ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар зарим дур зоргоороо авирладаг зүйлийг хязгаарлаж байна. Гэвч ийм байдалд хүрсэн нь бахархах зүйл биш гэдгийг хэлмээр байна.