"Нэтфликс" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical Asia" шоунд анх удаа монголчууд оролцож, тэр хэрээрээ нийт олноороо монгол багаа дэмжиж, огшиж омогшиж, онгирсон өдрүүдийг ардаа үдлээ.
Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппиний тус бүр зургаан хүнтэй баг оролцож, хүч, ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд шилдэг дөрөвт БНСУ, Япон, Монгол, Австралийн багууд шалгарч үлдээд байв.
Тэгвэл гурван сая гаруй монголчуудаа төлөөлж оролцсон Монгол Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай "Дайчид мориндоо" гэх Монголын баг тамирчид маань бахдам амжилт үзүүлж, шоуны дэд байрт шалгарсан сайхан мэдээг дуулгахдаа таатай байна.
“Go Mongolia” хэмээн улсын төсвөөс хэдэн зуун тэрбумыг цацахгүйгээр, энд тэндэхийн инфлүүзэр гэх нэртэй нөхдийг төсвийн мөнгөөр урьж залахгүйгээр, Английн хөлбөмбөгийн багт мөнгө төлөхгүйгээр ердөө шавилхан биетэй зургаан монгол залуу телевизийн нэг шоугаар дамжуулан эх орноо тултал сурталчилж, монгол хүний уужуу ухаан, төрөлхийн дасан зохицох ур чадвар, ядарсан нэгэндээ урам өгдөг, өрөвч нинжин сэтгэл, биеийн хүчээр бус сэтгэлийн хүчээр ч ялж болдог гэдгийг дэлхий дахинд сурталчилав.
Жил гаруйн хугацаанд энэхүү шоунд захидал илгээж, араас нь уйгагүй хөөцөлдсөнөөр Монголын багаа оруулж чадсан "Spark agency" төслийн баг хамт олонд ч талархах нь зүйн хэрэг. Төв Азийн цээжинд орших ердөө гуравхан сая гаруй хүн амтай Монгол Улсаас тэд олон зүйл хүсэхгүй нь мэдээж.
Сая, сая үзэгч бидэнд байхгүй. Хэдэн зуун сая ам.долларын ашиг ч олж чадахгүй. Гэвч ондоошил, өв соёл, язгуур үндэс нь өөр гэдгээрээ танигдсан энэ улсыг дэлхийн хэмжээний том шоундаа урьснаараа “Нэтфликс” компаниас илүү монголчууд хожиж үлдэж байна.
Угтаа, циркчин, сагсчин, волейболчин, холимог тулаанчин, үндэсний бөхийн спортын төлөөлөл гээд олон янзын спортын шилдгүүдийг тэд илүү ч үгүй, дутуу ч үгүй нягт нямбай сонгожээ. Нэг нь стратегиар удирдаж байхад нөгөөх нь эв нэгдлээр, өөр нэг нь багаа сийрэг ухаан, туршлагаар чиглүүлж байхад нөгөө нэг нь монгол эмэгтэй хүний уужуу ухаан хийгээд тэсвэр тэвчээрийг харуулж байв. Монголчууд төдийгүй дэлхий дахин олон зуун үзэгчдийн хамгийн хайртай баг нь Монголын “Дайчид мориндоо” баг болж чадлаа.
Тэр хэрээр ч олон зуун хүмүүс ирэх зунаас эхлэн эх орныг маань үзэхээр зорин ирэх нь дамжиггүй. БНСУ-д гэхэд л Б.Орхонбаярын фэн клуб хүртэл нээгдэж, монгол залуусыг үнэлсэн, хүндэлсэн олон зуун шүтэн бишрэгчид нь ирэх зун заавал үндэсний бөхийг нь очиж үзнэ хэмээн сэтгэгдлээ үлдээж байх ажээ.

Тухайлбал, “Солонгос Азийн тэмцээнд түрүүлсэн байж магадгүй. Гэхдээ Монголын баг маш олон зүрхийг байлдан дагууллаа”, “Тэд эх орныхоо бахархлыг төрүүлсэн. Би монгол хүн биш ч гэсэн тэднээр бахархаж байна. Тэд туг далбаагаа нэр төртэй хадгалж, гялалзахдаа хүчтэй байхын тулд чанга байх албагүй гэдгийг нотолсон юм”, “Монголын баг ухаалаг, эелдэг, даруухан хүч чадал ямар байдгийг дэлхий нийтэд харууллаа.
Тэдний үзүүлбэр бол тоглолт дууссаны дараа ч чамтай үлддэг тийм үзүүлбэр” гэх мэтээр сар гаруйн хугацаанд сошиал платформууд тэр чигтээ Монголын баг тамирчдын тухай эерэг сэтгэгдлээр дүүрэн байв. Харин цөөхөн монголчууд бид л ганцхан алдаанаас нь болж волейболчин охиноо сошиалд “дүүжилж” алах шахав.
Солонгосын баг луйвардаад түрүүлчихлээ хэмээн дэлхийн сошиал платформ дээр хүртэл хэрүүл хийцгээж байна. Энтэртайнмент шоу учраас эзэн улсынхаа багийн давуу байдлыг харуулах, хэтрүүлэгтэй дүрс ашиглах гэх мэт асуудал байж болох ч тэрбум, тэрбум үзэгчдийн өмнө тийм худал зүйл хийгээд сууна гэдэг бодол зөвхөн монголчуудад төрж буй нь гунигтай.
Тиймээс тамын тогооны үлгэрээ орхиод аялал жуулчлалаа яаж хөгжүүлэх, ирэх өдрүүдэд эх орноо хэрхэн сурталчилах, зургаан залуугийн олж ирсэн нэр хүндийг унагахгүй, сэвтээхгүй үйлчлээд гарах үйлчилгээний хийгээд зан суртахууны соёлд хамтдаа суралцмаар байх юм.
Цааш, цаашдаа төрийн байгууллагууд ч төсвийн хэдэн зуун тэрбумаар биш хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажилласнаар шоу нэвтрүүлгээр ч гэсэн улсаа тултал сурталчилж болох энэ мэт ажлуудад анхаарлаа хандуулцгаая. Циркчин залуу шоуны төгсгөлд босоо үлдсэн тугандаа мөргөөд гарснаараа монгол хүний ур ухаан, сэтгэлийн хүчээр хэрхэн яаж хүний сэтгэлийг хөндөж, ялж болохыг харуулав. Хэчнээн бахархам, огшим байв аа.
Олон, олон залуус энэ шоунаас эх орноо илүү ихээр хайрлах энгийн ухаан, хил даваад гарахаараа хамтдаа хүчтэй байх сэтгэлгээг олж авсан нь дамжиггүй. Цөөхөн хэдхэн монголчууд минь хамтдаа байвал ямар хүчтэйг мэдэрч, спортоор хичээллэхийн гайхамшгийг, тэндээс олж авдаг хүмүүжил, мэдлэгийг ухаарсан нь тодорхой. Ийм сайхан шоунд эх орны маань төлөөллийг оролцуулж, дэлхий дахинд сурталчилж өгсөн БНСУ-ын талд ч мөн талархлаа илэрхийлэх нь зүйн хэрэг биз ээ.
Зориулалтын заалгүй атлаа гэртээ дасгал хийж, дэлхийд эх орноо сурталчилж яваа циркчин залуу Э.Лхагва-Очирыгоо, уурхайд ажилладаг атлаа 20 гаруй жил холимог тулаанаар хичээллэсэн Б.Энх-Оргилыгоо, монгол бөхийн хээгүй, гүдэсхэн атлаа хүүхдээрээ, гэнэн томоогүй араншинг дэлхий дахинд сурталчилсан хүчит арслан Б.Орхонбаяраараа, зэмлэл, магтаал дунд явсан ч багийнхаа хамгийн хөөрхөн, чин сэтгэлтэй, боловсролтой оролцогч байсан, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа волейболчин Г.Хандсүрэнгээрээ, монгол эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хатуужил, хүчирхэг араншинг чимээгүйхэн атлаа “чимээтэй” харуулсан ОУХМ, жүдочин А.Адъяасүрэнгээрээ, “Дийлдэшгүй Монх” хэмээх сагсчин залуу Э.Дөлгөөнөөрөө монголчууд энэ өдрүүдэд бахархлаа, омогшлоо, бас хайрлалаа.
Тэд хамтдаа хамгийн шилдэг, хүнлэг, органик, сэтгэл татам баг байж чадлаа. Баярлалаа, залуус аа. Та бүхэн монголчуудадаа сэтгэлийн том ялалтыг авчирлаа.
