-Энэ онд 80-100 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж ажиллаж байна. Энэ нь 30-40 мянган өрхийг хангах юм-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” ХХК 2018-2019 онд Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангахаар ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-60 хувиар боломжтой аж. Тус компанийн ахлах зөвлөх Г.Бадамхатанг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулахаар сайжруулсан шахмал түлшийг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Улаанбаатар хотын гэр хороололд 200 гаруй айл өрх амьдарч байна. Энэ тооны зуух, яндан ашиглаж, түүхий нүүрс хэрэглэж байна шүү дээ. Гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрсийг хэрэглэж байна. Үүнээс үүдэлтэй агаарын бохирдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрсэн. Засгийн газраас 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод ирэх оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, худалдаалахгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” ХХК-ийг өнгөрөгч зургадугаар сараас байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд шахмал түлш хийх жор орц, стандартыг шинэчилж, тогтоосон бөгөөд үйлдвэрлэлээ эхлүүлээд явж байна.
-Энэ онд хэчнээн тонн шахмал түлш үйлдвэрлэх вэ?
-80-100 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж ажиллаж байгаа. Энэ нь 30-40 мянган өрхийг хангах юм. Шахмал түлшээ Сонгинохайрхан дүүргийн 8,9, 11, 24, 25, 26, 27 зэрэг хороотой гэрээ хийж, нийлүүлэхээр ажиллаж байна. Бусад дүүргүүдэд үйлдвэрлэсэн хэмжээгээр борлуулалт хийх зорилт тавин ажиллаж байгаа.
-Үйлдвэрийн хүчин чадлаа өргөтгөх, нийт өрхийг шахмал түлшээр хангахад хэчнээн үйлдвэр хэрэгтэй бол?
-Жилдээ 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хоёр үйлдвэрийг барьж байна. Тухайлбал, нэгийг нь энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Нөгөө нь 2019 оны гуравдугаар сар гэхэд ашиглалтад орно. Нийтдээ 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 1.2 сая тонн түүхий нүүрсийг орлуулж, ажиллах зорилт тавиад зүтгэж байна даа.
-Шахмал түлш хийж байгаа түүхий эдийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Гол түүхий эд хамгийн чухал шүү дээ?
-Шахмал түлш хийж байгаа түүхий эд нь “Тавантолгой” ордын Ухаа худгийн угааж, баяжуулсан сайн чанарын нүүрс. Өмнө нь Улаанбаатарт Налайх, Багануур, Алагтолгойн нүүрсээр хийсэн, шахмал түлшийг ашиглаж байсан түүхтэй. Өмнөхөө бодвол хийж байгаа түүхий эд нь маш олон давуу талтай. Тухайлбал, илч нь дээр дурдсан ордуудыг бодвол хоёр дахин өндөр. Идэмхий бодис нь хоёр дахин бага. Чийглэг нь 6-7 дахин бага байгаа юм. Бид дээрээс нь 2-3 төрлийн нэмэлт бодис хийгээд, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
-Утааг бууруулах олон арга хэрэгсэл бий. Даанч утаатай тэмцсэн дүр исгэж, гамшгийн хэмжээнд хүргэлээ. Энэ удаа үр дүнгээ өгөх болов уу?
-Тийм ээ. Нэн тэргүүнд иргэдийг орон сууцжуулах ёстой. Мөн төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл хэрэглэх арга бий. Тухайлбал, цахилгаан тоног төхөөрөмж, шалны халаалт зэрэг байна. Үүнийг иргэд хэрэглэж болох ч эдийн засаг, мөнгө төгрөгтэй холбоотой учраас нэг дор богино хугацаанд шийдвэрлэхэд хүндрэлтэй. Тэгэхээр сайжруулсан шахмал түлшийг нийтээрээ хэрэглэснээр утааг 50-60 хувь бууруулах бодит бололцоо байгаа. Энэ нь харьцангуй хямд зардал, өртгөөр асуудлыг шийдвэрлэх боломж юм.
-Үнийн хувьд ямар байх вэ?
-Түүхий нүүрсний үнэтэй дүйцүүлж, борлуулна. Иргэдэд үнэ болоод эдийн засгийн хувьд асуудал тулгарахгүй. Тиймээс үнийн хувьд боломжийн гэж үзэж байгаа. Шахмал түлшний давуу тал нь түүхий нүүрстэй харьцуулахад орцын хувьд хоёр дахин багасна. Бүх л төрлийн зууханд туршилт хийсэн. Судалгааны дүнгээс харахад, дунджаар дөрвөн кг түлш долоон цаг орчим хугацаанд шатаж, дулаанаа барьж байна. Тэгэхээр хүйтний улиралд 2.5-3 тонн сайжруулсан шахмал түлш байхад нэг айлын хэрэгцээг бүрэн хангана. Түүхий нүүрсний хэрэглээнээс харахад нэг айл 4-5 тонн нүүрс түлж байж, өвлийг давдаг байжээ. Үүнээс үзвэл түлэх нүүрсний хэмжээ хоёр дахин буурч байгаа. Мөн нэг өрх өвөлдөө 500-800 мянган төгрөгөөр нүүрсээ худалдаж авдаг. Манай түлшийг хэрэглэснээр гурван тонн нь 450 мянган төгрөгт багтана гэсэн үг. Түүхий нүүрс түлсэнээс ч илүү хэмнэлт гарах боломжтой юм.
-Шахмал түлш нь ямар, ямар давуу талтай байдаг вэ?
-Шахмал түлш нь орц багатайгаас гадна шатаж байх үедээ утаагаар хаягдах агаар бохирдуулагч бодис буюу азот, хүхэр, угаарын хийнээс гадна яндангаар сорогдож хаягддаг хатуу тоосонцор нэлээд хэмжээгээр буурна. Тухайлбал, 1.8-3 дахин буурч байгаа. Хатуу тоосонцрын хэмжээ 30-аад хувиар буурах юм. Үүнээс үзвэл агаарын бохирдол 50-60 хувь буурна гэсэн судалгааг гаргасан. Мөн шахмал түлшнээс хөө тортог, элдэв янзын үнэр танар, үнс үртэс гарахгүй. Анх ямар хэлбэртэй байсан тэр чигээрээ шатдаг. Өөрөөр хэлбэл, хаягдал багатай. Ашиглалтын үед хаягдал гардаггүйгээрээ онцлогтой.
-Өмнө нь шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн туршлага бий. Борлуулах цэг нь тодорхойгүй, үйлдвэр нь хангалтгүй гэх мэт олон шалтгаанаас болж, хэрэглээнд нэвтэрч чадаагүй. Энэ алдааг дахин давтах вий дээ гэсэн болгоомжлол байна?
-Ийм болгоомжлол ард иргэдэд бий. Гэхдээ өмнөх шахмал түлшийг хувийн хэвшлийн байгууллагууд өөр өөрсдийн арга барил, түүхий эдээр хийсэн. Үйлдвэрлэж байсан хэмжээ нь тухайн үеийн нүүрсний хэрэглээний нэг хувьд ч хүрээгүй. Тиймээс хүртээмж муутай байсан гэсэн үг. Мөн шахмал түлшний стандарт болон чанар нь манайхтай харьцуулбал, хамаагүй доогуур үзүүлэлттэй. Манай үйлдвэрийн шахмал түлш олон улсын стандартыг хангасан байгаа. Энэ стандартынхаа дагуу үйлдвэрлэж байна. Үүнийгээ бариад ажиллавал өмнөх алдааг давтахгүй. Хэрэглээнд нэвтрэхээр давуу тал нь харагдана. Монгол Улсад мөрдөж байгаа стандарт гэж бий. Нийт зургаан үзүүлэлт байдаг. Бүх үзүүлэлтийг нь ханган ажиллаж байна. Тиймээс бид сайжруулсан шахмал түлш гэж нэрлэсэн.
-Худалдаанд гарсан уу?
-Ирэх сарын 01-нээс худалдаанд гарна. Нөөцөө бэлдэж байна. Түлшээ 25 кг-ын шуудайд савласан. Манай компанийн хаяг, холбоо барих дугаар, хэрэглэх заавартай нь хүргүүлнэ. Мөн их хэмжээгээр авах хүмүүст нэг тонноор борлуулах боломжтой. Ер нь бололцоогоороо авах боломжийг нь ханган ажиллаж байгаа. Он гараад, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдээд эхлэхээр Улаанбаатар хотын зургаан дүүрэгт байгаа борлуулалтын цэгээр дамжуулж, зарна. Аль болох хэрэглэгч нарт үйлчилгээг ойртуулна.
-Зуух голох уу. Утаанаас үүдэлтэй олон төрлийн зуухыг хэрэглээнд нэвтрүүлсэн шүү дээ?
-Голохгүй. Би дээр хэлсэн. Нийтдээ найман төрлийн зууханд шахмал түлшээ түлж, туршилт хийсэн. Харин төслийн зууханд шахмал түлшээ доор нь хийчихээд асуух ноцоох зүйлээ дээр нь тавьж, асаана. Энгийн зууханд нүүрс түлдэг шиг хийж, хэрэглэнэ. Энэ оны хувьд нийт хэрэглэгчийг хангаж чадахгүй учраас туршилтын жил болж байгаа юм. Харин ирэх онд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад, нийт өрхийг хангасан үед сайжруулсан шахмал түлш хэрэглээнд бүрэн нэвтэрнэ. Тиймээс агаарын бохирдол мэдэгдэхүйц буурна гэдэгт итгэлтэй байгаа.