ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Сүхболд: Мөнгөтэй, танил талтай, нэр нөлөө бүхий хүмүүсийн мөнгө угаасан хэрэг шийдэгдэхгүй уддаг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-31

“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төрийн ордонд болсон билээ. Энэ хурлын үеэр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболдтой ярилцлаа.

-Монгол Улс дахь мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-УИХ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталлаа. Мөн Засгийн газраас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг гаргасан. Түүнээс гадна, Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх 327 дугаар тогтоолыг энэ онд гаргалаа. Ингэснээр мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулж байгаа хэрэг. Тогтолцоо сайжирснаар мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, шалгах боломж, бололцоо нэмэгдэнэ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгө угаах гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохгүй. Одоогийн нөхцөл байдлын талаар би хуралд тавьсан илтгэлдээ дурдсан. Сүүлийн зургаан жилээр мөнгө угаах гэмт хэргийн нөхцлийг авч үзвэл 2013 онд хоёр гэмт хэрэг гарч байжээ. 2015 онд ес, 2017 онд найман удаа мөнгө угаах гэмт хэрэг гарч, цагдаагийн байгууллага шалгасан. Гэтэл 2018 оны эхний зургаан сарын сарын байдлаар цагдаагийн байгууллага шалгасан мөнгө угаах гэмт хэргийн тоо 26 болж нэмэгдсэн.

Гэхдээ энэ бол гэмт хэрэг өсч байгаа гэсэн үг биш.  2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийн дагуу гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан. Шилжүүлсэн, эх үүсвэрийг нуусан үйлдлүүд мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчлэгдэж байгаа учраас ахуйн шинжтэй хулгай, дээрэм зэрэг нь мөнгө угаах гэмт хэргийн суурь хэрэг болчихоод байгаа юм. Энэ төрлийн хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад илүү хялбар, цаг хугацаа бага ордог. Прокурор хянах, шүүхээр таслах хугацаа нь ч богино учраас шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж байгаа. Цаашид олон улсын түвшинд үйлдэгдэж байгаа хэргийг илрүүлэхэд гадаадын орнуудтай хамтран ажиллах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтрах, богино хугацаанд гэмт хэргийн мэдээллийг хүлээж авах хэрэгтэй байна. Ингэж чадвал мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх боломж нэмэгдэнэ.

Цаашлаад мөнгө угааж болзошгүй, терроризмыг санхүүжүүлж магадгүй гэсэн эрсдэлтэй орны тооноос гарна.   Гадаадынхан манай улсын эрсдэлтэй орон гэж тооцоод байгаа. Энэ эрсдэлээсээ гарахын тулд ийм ажил хийгээч. Хууль, эрх зүйн тогтолцоогоо сайжруул гэх мэт олон зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу бид Олон улсын хурал хийгээд, мөнгө угаах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх вэ гэдгээс авахуулаад цөөнгүй асуудлыг ярьж байна.

-Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн шалгаж байгаа гэмт хэргийн хүрээ нь хэр өргөн байгаа вэ. Иргэд бол авлига, албан тушаалын хэрэгт л илүү анхаарлаа хандуулахыг хүсээд байгаа. Харин танай хэлтэст албан тушаалтны хэргийг шалгах, мөнгө угааж байна уу гэдгийг илрүүлэх боломж байна уу?

-Цагдаагийн байгууллага мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, чиг үүргийг боловсруулж байгаа. ЦЕГ, удирдлагууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг боловсруулж, бид тэрийг нь хэрэгжүүлнэ. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх албан хаагчдаа яаж сургах вэ гэх мэт асуудлаа шийдвэрлээд ажиллаж байна. Мөн манай хэлтэс бүлэг зохион байгуулалттайгаар, нууц далд аргаар үйлдэж байгаа, олон улс дамжсан шилжүүлэг, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж байгаа. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа мөрдөгч нараа чадавхжуулахын зэрэгцээ энэ төрлийн хэргийг хаана, хэрхэн яаж үйлдэж байгааг тогтоохын тулд ээдрээ төвөгтэй олон зүйлийг шалгаж байна.

Хүмүүсийн яриад байдаг оффшор данс, авлига, хээл хахууль, албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргүүдийг шалгаж байгаа. Гэхдээ бид Эрүүгийн хэргийг хянан шалгах тухай хууль, прокурорын байгууллагаас гаргаж өгсөн зааварчилгааны хүрээнд л ажилладаг. Цагдаагийн байгууллагын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ийм ийм хэргийг шалгана гээд заагаад өгчихдөг. Түүнд нь, зохион байгуулалттай үйлдэгдэж байгаа мөнгө угаах гэмт хэрэг. Улс үндэстэн дамнасан мөнгө угаах хэрэг. Бидний тэмцэж байгаа хэргийн ихэнх нь нууц, далд аргаар үйлдэгдэж байгаа. Хохирогч араас нь явдаггүй, хохирогчгүй байдаг.

-Мөнгө угаахтай холбоотой 10 гэмт хэргийг шалгаад, долоог нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл байсан. Ямар гэмт хэрэг юм бол, хохирлынх хэмжээ хэдэн төгрөг байсан бэ?

-Цагдаагийн байгууллагын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хуульд зүйлчилж өгснөөс хойш энэ төрлийн хэрэгтэй тэмцэж байгаа. Жишээлбэл, манай Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2011 онд гарсан МИАТ-ийн “Дайны эрсдэлийн сан”-гийн мөнгийг шамшигдуулсан хэрэг. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчөөд, 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан хэрэг байна. Гадаадад гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө Монголд оруулж ирж, цэвэршүүлээд, зочид буудал авсан хэрэг. Халамжийн байгууллагын албан тушаалтнууд сангийн мөнгийг хувьдаа ашиглаж байсан гэх мэт мөнгө угаах олон төрлийн гэмт хэргийг шалгасан. Энэ хэргүүд мөнгө угаах гэдэг зүйлчлэлээр шүүхээр шийдвэрлэгдээгүй. Учир нь 2013, 2014, 2015 онд хуульд тодорхой зааж өгөөгүй байсан.

Дээрээс нь прокурор, шүүхэд мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчилж, ял оноодог практик байгаагүй учраас зөвхөн суурь гэмт хэргээрээ л шийдвэрлэгдэж байсан юм. Залилан, албан тушаалын, ашиглах гэх мэт суурь гэмт хэргээр зүйлчлэгдэж байлаа. Мөнгө угаах гэмт хэрэг заавал суурь хэрэгтэй байдаг. Шууд мөнгө угаана гэж байхгүй. Та хүнээс мөнгө залилж аваад, түүнийгээ цэвэршүүлэх. Хууль ёсны орлого гэж харагдуулахын тулд өөрчилж, хувиргадаг. Өөр хэн нэгний дансанд оруулаад, зээлж авах гэх мэт үйлдэлтэй байдаг. Суурь гэмт хэрэг нь юу ч байж болно. Гагцхүү энэ мөнгийг гэмт хэрэг үйлдэж олж авсан шүү гэдгийг хүлээн авч байгаа хүн нь мэдсэн тохиолдолд мөнгө угаах болчихоод байгаа юм.

-Долоон хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн гэсэн. Тэр нь ямар хэрэг байсан талаар та мэдээлэл өгөлгүй орхилоо?

-Хулгай, залилангийн гэмт хэрэг байсан. Хулгайн хэргийн хохирлыг би нарийн санахгүй байна. 20-30 сая хүртэлх төгрөгийн хохирол гарсан ч бий. Залилангийн гэмт хэргүүд нь 300, 400, 500 сая төгрөгийн хохирол учруулсан нь ч байгаа. Дээрээс нь, дээрмийн гэмт хэргүүд байна. Дээрэм хийж олсон эд хөрөнгө, утас байлаа гэхэд түүнийг нь мэдсээр байж авчихаад, гэрийг нь солиод, зарж байгаа хэрэг ч байгаа. Гэх мэт хэргүүд шүүхээр шийдвэрлэгдсэн. Яагаад нууц, далд аргаар үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэхгүй байна вэ гэдэг асуултыг олон хүн асуудаг. Энэ хэргүүдийн хохирол маш их. Хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Хоёрдугаарт, бүлэглэж үйлдсэн, мөнгөө гадагшаа гаргаад, буцааж оруулж ирсэн байдаг.

Дээрээс нь, гэмт хэрэг үйлдсэн хүмүүс санхүүгийн хувьд боломжтой учраас мэдлэгтэй өмгөөллийн баг ажиллуулдаг. Улс төр, албан тушаалтныг таньдаг, танил тал ихтэй. Гэх мэт шалтгааны улмаас хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширдаг. Гэхдээ бид тэр хүн хэн бэ, ямар танилтай вэ гэдгээс үл шалтгаалан хэргийг нотлоод, прокурор, шүүхэд шилжүүлээд ажиллаж байгаа тохиолдол олон байна. Одоо прокурорт хянагдаж байгаа, шүүхэд шилжсэн хэрэг ч цөөнгүй байна. Би шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нь тэр хүн, тийм компанитай холбоотой гэж мэдээлэл өгч, нэр дурьдаж болохгүй байна.