ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батзориг: Бага хүүтэй мөнгө зээлж аваад, ББСБ ажиллуулах боломжгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-06

Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга, Хууль зүйн ухааны доктор Б.Батзоригтой ярилцлаа.

-Монголбанкны Ерөн­хийлөгч Н.Баяртсайхан байнгын хорооны хурлын үеэр “ФАТФ Монгол Улсыг буруутгаж байгаа шалтгааны нэг нь хэтэрхий олон ББСБ-тай. Түүнийгээ хянадаг газар байхгүй” гэж үзсэн гэсэн мэдээлэл өгсөн. ББСБ-уудыг Санхүүгийн зохицуулах хороо хянах үүрэгтэй шүү дээ?

-2012-2016 оны үйл ажиллагааны дүнг Н.Баяртсайхан Ерөнхийлөгч ярьсан боловч  одоо ББСБ-уудыг хянахгүй байгаа гэсэн юм шиг ойлгогдсон байж магадгүй. Олон улсын байгууллага 2016 оны долдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх Монгол Улсын нөхцөл байдлыг үнэлсэн гэсэн үг.  Улмаар 4-5 сарын хугацаанд Монголд ирж ажиллаад, хүмүүстэй уулзаж, мэдээлэл авч байгаад гаргасан дүгнэлт юм. Энэ дүгнэлт 2017 оны долдугаар сард гарсан. Монгол Улсад ийм ийм эрсдэл байна гэж үзсэн дүгнэлт. Тэд бүтэн жилийн хугацаанд биднийг үнэлдэг. Манайх руу тайлан ирүүлнэ.

Бид эндээс “Та нар үүнийг буруу ойлгочихож. Ийм учиртай юм. Зарим зүйлийнх нь орчуулга нь ойлгомжгүй байх шиг байна. Хуулийн энэ заалтыг та нар ингэж ойлгосон бололтой” гэж харилцан ярилцаж, мэдээллээ өгдөг. Ингэж явсаар 2017 онд дүгнэлт гарсан. Улмаар 2017 онд Монгол Улсыг хар, саарал жагсаалт руу оруулах эрсдэл үүссэн. Тэгэхээр нь бид 2016 оны наймдугаар сараас 2017 оны долдугаар сар хүртэл хийсэн ажлаа Шри-Ланкад болсон хурлын үеэр танилцуулсан. “Та нарыг шалгаж байх үед нөхцөл байдал ийм байсан нь үнэн. Гэхдээ 2017 онд бүтэн жилийн хугацаанд бид ийм ийм ажил хийлээ” гээд 44 улсын өмнө тайлан тавьж, мэдээлэл өгсөн.

Тэгээд 2017 оны долдугаар сард “Монгол Улс хүчин чармайлт гаргаж, сайн ажиллаж байгаа юм байна. Тиймээс хар, саарал жагсаалтад оруулахаа больё. Эрчимжүүлсэн хяналтад оруулъя” гэсэн шийдвэр гарсан. Гэтэл өөрийнхөө улсад хурал зохион байгуулсан Шри-Ланк хар, саарал жагсаалтад орж байсан шүү.   

-Бүтэн жилийн хугацаанд ямар ажил хийж, засч сайжруулсан юм бол?

-Нөхцөл байдал ямар байсан талаар Олон улсын байгууллагын дүгнэлтээс харж болно. Хоёр, гурван жил хяналт шалгалт хийгээгүй, огт хянаагүй байна. Үндсэндээ ББСБ, Хадгаламж, зээлийн хоршоодоо хаячихсан байна гэж тэр дүгнэлтэд  дурьдсан байсан. Тэгээд бид шалгаж эхэлсэн. Хуулиараа бид шалгах үүрэгтэй. Хоёр, гурван жил шалгуулаагүй, бараг л онгон зэрлэг болчихсон хүмүүс чинь эсэргүүцэж таарна биз дээ. Эсэргүүцэл ч маш их гарсан. ББСБ-ууд мөнгөн гуйвуулга, валют арилжаа хийдэг учраас эрсдэл байсан. Тэр эрсдэлийг арилгах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос сургалтууд зохион байгуулж эхэлсэн. Мөнгө хүлээж авч байгаа хүн, дамжуулж байгаа банк нь бүртгэлтэй байх ёстой юм байна.

Мэдээллээ манай санхүү мэдээллийн алба руу явуулж байх ёстой гэх мэт зайлшгүй хийх ёстой процессыг нь хэлж өгсөн. Нэгэнт 2-3  жил хяналт, шалгалт огт хийгээгүй учраас тэр чиглэлийн мэдээллийг өгөөгүй байсан. Хүмүүс нь ч энэ талын ойлголтгүй болчихсон. Олон улсын байгууллага үнэлгээ хийхдээ энгийн л арга хэрэглэнэ. Төрийн байгууллагууд нь “Бид ийм мундаг ажил хийсэн” гээд ярьдаг. Тэгэхээр нь ББСБ-ынхнаас очоод асуучихна. “Та мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой журам мэдэх үү” гэхээр “мэдэхгүй” гэж хариулахгүй юу.

“Танайд шалгалт ирсэн үү” гэж асуухад нь “Ямар шалгалт” гэж гайхсан байгаа юм. Ингээд л  хяналт, шалгалт, сургалт сурталчилгааны ажлаа хийгээгүйг нь мэдчихдэг. Түүний дараа үнэлгээ хийж, дүгнэлтээ гаргадаг байхгүй юу. Нэг үе зохицуулалтын байгууллагууд зохицуулалтаа хийж чадахгүй байсан. Зүгээр л цүнхтэй мөнгөтэй л банк бусууд байсан гэсэн үг. Үүнийг зохицуулахын тулд Санхүүгийн зохицуулах хороо хамгийн түрүүнд бодлогын шийдвэр гаргасан. Дүрмийн санг нь нэмсэн. Асар их эсэргүүцэлтэй тулсныг та бүхэн мэдэж л байгаа байх.  

-Дүрмийн санг нь гурав дахин нэмэгдүүлсэн санагдаж байна?

-800 сая төгрөг байсныг  2.5 тэрбум болгосон. Дүрмийн санг нь нэмээд өгөхөөр тэр хүмүүс 2.5 тэрбум төгрөгийг цүнхлээд яваад байж чадахгүй. Нэг газар сууж ажиллах шаардлагатай болж эхэлсэн.  Энэ мөнгөө үр дүн зарцуулж, ашиг орлогоо олохын тулд мэргэжлийн санхүүч нарыг ажилд авдаг болсон. Бохир мөнгө эргэлдэж байна уу гэдгийг хянадаг ажилтантай болох шаардлагатай болж эхэлсэн. Тайлан мэдээгээ манай хорооны Санхүү мэдээллийн албанд хүргэх шаардлага гарч ирсэн. Татвараа ч ном журмынх нь дагуу тушааж эхэлсэн. Нэг үе ББСБ руу бөөн бөөнөөрөө хошуурч эхэлсэн бол тэр урсгал татарсан. Бүгд ном журмынхаа ажилладаг болсон.

-Дүрмийн санг гурав дахин нэмснээр ББСБ-уудын тоо буурсан уу?

-Буураагүй. Гэхдээ огцом нэмэгдээгүй.  Одоогоор Монголд 540 орчим ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ энд ломбард орохгүй. Ломбардыг бид хянахгүй шүү дээ. Харин том ломбардууд ББСБ болж байгаа. 

-ЖДҮХС-гаас бага хүүтэй их хэмжээний зээл аваад, өөрсдийнхөө ББСБ-аар өндөр хүүтэй зээлж, ашиг олдог гэдэг яриа гарах боллоо. Тийм боломж байдаг юм уу. Танай байгууллага мэдээж хянадаг байх?

-ББСБ дүрмийн сангаа нэмэгдүүлж байгаа тохиолдолд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хуулиар энэ мөнгө хуулийн дагуу орж ирсэн байна уу гэдгийг шалгадаг. Гадны хөрөнгө оруулагч орж ирж байгаа тохиолдолд тухайн улс руу нь хандаж, хууль ёсны мөнгө оруулж ирсэн байна уу гэдэг мэдээллийг нь авдаг.  Дээрээс нь, ББСБ-ыг мөнгө зээлж байгуулахыг хориглосон байдаг.  Хэрвээ зээл аваад байгуулна гэвэл хүн бүр л ББСБ-тай болно биз дээ. 

-Нэгэнт ББСБ байгуул­чихсан эрх мэдэлтэй хүн ЖДҮХС-гаас зээл аваад, мөнгө эргэлдүүлэх боломж байна уу гэж асуугаад байгаа хэрэг?

-Санхүүгийн зохицуулах хороо улирал тутамд ББСБ-уудын тайлан тэнцлийг өөрийн программаар авч, хянадаг. Тусдаа программ хянана. Тайлан тэнцэл нь алдагдаад эхэлбэл манайхаас очиж шалгана. Яагаад гэнэт бэлэн мөнгө орж ирэв. Танайд бэлэн мөнгө байна уу гэдгээс авахуулаад. Тэгээд ч өөр газраас бага хүүтэй зээл аваад, ББСБ-аар дамжуулж, мөнгө угаах боломж бага. Хуулиар хориглочихсон, байнга хянаж шалгаж байгаа гэдэг утгаараа.  Санхүүгийн үйл ажиллагаа гэдэг чинь өөр. Гэхдээ санхүүгийн байгууллагыг дэмждэг өөр сангууд байдаг. Тэр сангаасаа мөнгө авахыг хориглохгүй. Мөнгө угаах процесс чинь олон шат дамжина. Олон шат дамжаад мөнгө оруулаад, ашиг олсон байвал манайх мэдэхгүй байх магадлалтай. Тэр болгоныг шалгах хүч хүрэхгүй. Түүнийг тагнуулын байгууллага л илрүүлэх боломжтой.

-Банкнаас бусад салбарт мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж манайд байна уу. Ямар аргаар урьдчилан сэргийлэх вэ?

-Их олон арга бий. Мөнгө угаах хамгийн анхны процесс нь санхүүгээр байгууллагаар мөнгө нь дамждаг. Санхүүгийн байгууллагад харилцагч­тай ажилладаг ажилтан гэж байдаг. Тэр ажилтан энэ мөнгө бохир уу, цэвэр үү, сэжигтэй зүйл байна уу гэдгийг хамгийн түрүүнд шалгаж байдаг.  Энэ хүн ажлаа сайн мэддэг байх ёстой. Санхүүгийн салбарт хоёр том хяналт байдаг. Санхүү, тайлан тооцоо нь зөв явж байна уу гэдгийг хянах хяналт. Сэжигтэй мөнгө орж байна уу. Сэжигтэй мөнгө орж ирвэл яаралтай яаж мэдэгдэх вэ. Санхүүгийн луйвар тэнд орсон уу гэдгийг хянадаг тусгай дотоод хяналтын тогтолцоо байдаг. Дотоод хяналтын тогтолцоог бий болгох замаар мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх нь Санхүүгийн зохицуулах хорооны үүрэг байдаг юм байна.

Тиймээс бид дотоод хяналт хийх хүмүүсээ чадавхижуулъя. Банкнаас бусад санхүүгийн салбарт хяналтын тогтолцоогоо бий болгоё гэж байгаа юм. Санхүүгийн байгууллага өөрөө дотоод хяналтаа сайжруулчихвал дарх­лаатай болж эхэлнэ. Заавал СЗХ “Та нар ингэх ёстой, тэгж ажилла” гэж торгохын оронд тогтолцоо нь эрүүл ажиллаж байдаг болгохын төлөө ажиллах шаардлагатай. Тухайлбал, иргэд ам.доллар солиулахдаа иргэнийн үнэмлэхтэйгээ очдог бил үү. Үгүй шүү дээ. Тийм болохоор дотоод хяналтын ажилтан иргэний үнэмлэхийг нь авч, бүртгэж байж валют сольдог тогтолцоог бий болгохын төлөө ажиллах ёстой. Хууль, журмаа мөрдүүлэхийн тулд тэр ажилтан санхүүгийн өндөр мэдлэгтэй байх шаардлагатай болно. Иргэдийг ч гэсэн хууль журмын ойлголттой болгох хэрэгтэй. Дотоод хяналтын ажилтан нь хууль, санхүүгийн нарийн мэдлэгтэй, сэжигтэй гүйлгээг  таних чадвартай байх ёстой. Иргэд ч хуулийн дагуу шаардлага тавьж байна гэдгийг мэддэг байх ойлголцлыг л бий болгохын төлөө ажиллаж байна.

-Валют арилжааны төвүүдийг танайх хяна­даг байх аа. Валютын төвүүдээр их хэмжээний мөнгө солиулах, мөнгө угаах эрсдэл байж болно шүү дээ?

-Манайх хяналтаа тавьдаг. Валют арилжааны төв­үүд манайд мэдээллээ өгөх ёстой байдаг. Бид сэжигтэй гүйлгээг мэдээлж байна уу гэдгийг нь хянадаг. Валютын арилжаа хийж байгаа, Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан хүн бүр мэдээлэх үүрэгтэй. Манайд зургаан төрлийн мэдээлэх үүрэгтэй этгээд байдаг. ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо, даатгал, Үнэт цаасны оролцогч, хөрөнгө оруулалтын сан менежментийн компани, үл хөдлөх хөрөнгө зуулчлалын компаниуд манай хяналтад байдаг. Валют арилжааны төвүүд­ийн ажилчид гаднаа зогсоод арилжаа хийдэг тохиолдол бий. Хэрвээ зөвшөөрөлгүйгээр хэн нэг хүг валютын арилжаа хийвэл бид шалгана. Тэрийг маш сайн шалгадаг шүү.