ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

SCMP: MCPT компани ЖДҮХС-гаас зээл авсан бол бүтээгдэхүүнээ Япон руу экспортлох байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-12

БНХАУ-ын Өмнөд Хятадын өглөөний сонинд манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд жижиг дунд бизнес эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгох зориулалт бүхий ЖДҮХС-гийн мөнгийг өөрийн хамаарал бүхий компанид хэрхэн  олгосон, мөн эсрэгээр жинхэнэ ЖДҮ эрхлэгчид бага хувийн хүүтэй зээл авч чадалгүй үлдэж буй талаарх мэдээллийг нийтэлсэн байна. Уг мэдээллийг уншигчиддаа орчуулан хүргэе. 

Монголын авлигатай тэмцэх газар Засгийн газрын сайд нар, парламентын гишүүд өөрсдийн гэр бүл найз нөхөддөө нэг сая гаруй  ам.долларыг өгсөн гэх хэргийг шалгаж эхэлжээ. Үүний улмаас өнгөрсөн долоо хоногт нэг сайд огцорсон бол мөн өөр нэг сайдыг ч огцруулж магадгүй байна. 

Дээрх мөнгө нь 18 жилийн өмнө байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн мөнгө байжээ. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд иргэдэд 12-30 хувийн хүүтэйгээр зээл олгодог бол тус сан нь гурван хувийн хүүтэй зээл олгох зориулалттай аж. 

2018 оны байдлаар тус санд 65 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Гэвч, хоёр долоо хоногийн өмнө “Ikon.mn” мэдээллийн сайт байгалийн асар их баялагтай тус улсын эрх мэдэлтнүүд тус сангийн мөнгийг өөрсдийн гэр бүлийнхний компанид хуваарилах, эсвэл өндөр хүүтэй дансанд  хийх  зэргээр ашиглаж байсныг анхлан мэдээлсэн юм. 

Тэдгээр албан тушаалтнуудын дунд Засгийн газрын сайд, парламентын гишүүд, Ерөнхий прокурор, Ерөнхий аудитор, Тагнуулын байгууллагын хуучин дарга хүртэл байгаа аж. Улмаар өнгөрсөн баасан газарт ЖДҮХС-гийн дөрвөн албан тушаалтныг баривчилсан байна. Мөн ЖДҮХС-гийн асуудалтай холбоотойгоор  Хүнс, Хөдөө аж  ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг эрх баригч МАН-аас ирүүлсэн шахалтын дагуу албан тушаалаасаа огцорсон бөгөөд парламент мягмар гарагт хэлэлцэж, 76 гишүүний 85 хувь нь  түүнийг огцруулахыг дэмжсэн юм. 
Тэрбээр эхнэрийнхээ эзэмшдэг тээврийн компанид тус сангаас 1.4 тэрбум төгрөгийг олгосон байжээ. 

Түүнчлэн, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн хөдөө аж ахуй болон санхүүгийн байгууллагад 950 сая төгрөгийг зээлсэн нь илэрсэн байна. Тэрбээр уг мөнгийг гурван сая хүн амын гол нэрийн хүнс болох мал аж ахуйг хөгжүүлэхэд зарцуулсан гэж тайлбарлажээ. 
Нөгөөтэйгүүр, эхнэрийнхээ байгуулсан тансаг зэрэглэлийн эмчилгээний төвд мөн сангаас 950 сая төгрөгийг авсан нь илэрсний дараа Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын албан тушаал ч ганхаж эхэлсэн юм. 

Гэхдээ МАН АТГ-ын мөрдөн шалгалтын ажлын үр дүнг хүлээж байна. Я.Содбаатар эхнэрээ эрүүл мэндийн шалтгааны улмаас тус эмчилгээний төвийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа, зээл авсан талаар мэдэхгүй хэмээн үгүйсгэж байгаа ч, АТГ-т албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбээр тус эмчилгээний төвийн 100 хувь эзэмшигч хэмээн мэдүүлсэн байгаа юм.  

Хөдөө аж ахуй, уул уурхай, зэс нүүрсний олборлолтоос ихээхэн хамааралтай Монгол Улс эдийн засгийн өсөлтийг хангахын тулд эдийн засгаа солонгоруулахыг эрмэлзэж буй. Түүхий эдийн үнийн уналт, гадны шууд хөрөнгө оруулалт буурсны улмаас 2014-2016 онуудад эдийн засаг нь уналтад орсон ч,  ОУВС-гийн мэдээллээр энэ жил таван хувийн өсөлттэй гарчээ. 

Жижиг дунд үйлдвэрлэл нь ДНБ-ий 17, нийт экспортын 2.3 хувийг эзэлдэг боловч, өндөр хувийн татвар, валютын ханшийн уналт зэрэг асуудалтай тулгардаг байна.   Монголын модны нүүрс үйлдвэрлэлийн “MCPT”  компанийн үүсгэн байгуулагч Д.Бямбадашийн хэлснээр түүний компани сүүлийн гурван жилийн турш ЖДҮХС-гаас зээл авахаар хүсэлт гаргасан ч, авч чадаагүй байна. Түүний компани шорлог, мах шарахад хэрэглэгдэх модны нүүрс үйлдвэрлэдэг. 

Тэрбээр компанидаа сайн чанарын тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор зээл хүссэн байна. Хэрэв түүний зээл бүтсэн бол эдүгээ сард 20 тонныг үйлдвэрлэдэг модны нүүрсээ 200 тонн болгон нэмэгдүүлж, экспортод гаргах боломжтой болох байжээ. “MCPT” компанийн мэдээлж буйгаар тэдний бүтээгдэхүүн нь нэлээд эрэлттэй, нэг япон түнш нь сард 200 тонн нүүрс экспортлох хүсэлт тавьснаас гадна БНХАУ руу  ч ийм хэмжээний бүтээгдэхүүний эрэлт байгаа гэдгийг батлах баримт бичгийг ч ЖДҮХС-гийн удирдлагуудад үзүүлж байсан гэнэ. Өмнөд Хятадын өглөөний сонинд Д.Бямбадаш “Хэрэв бид гурван хувийн хүүтэй санхүүжилт авсан байсан бол өнөөдөр олон хүнийг ажлын байраар хангаж, үйлдвэрлэлээ өргөжүүлэн Япон, БНХАУ, БНСУ руу бүтээгдэхүүнээ экспортлож байх байсан” хэмээн ярьсан юм.