МЗЭ-н шагналт зохиолч , яруу найрагч С.Эрдэнэчимэг “Дэндүү гэгээн хайр” “Хөлчүү цагаан хүсэл”, “Гэрэлт хайрын цэцэг”, “Хөх хун”, “Надад итгэ” зэрэг яруу найргийн түүвэр, Вильгельм , Луйяа Хей Амьдрал бол гайхамшиг түүхэн роман бичсэн. Мөн “Амьдралын дараачийн учрал” роман, “Ил Хаан Хүлэг”, “Ил хаан Өлзийт”, “Тэнгэр уулын монгол цэрэг” түүхэн сэдэвт роман туурвисан уран бүтээлч билээ. Олон орноор явж уран бүтээлийнхээ санааг олдог тэрбээр хэдийнэ өөрийн гэсэн уншигчидтай болсон. Тиймээс найрагч бүсгүйн уран бүтээл цаанаа л амттай өгөөжтэй байдаг юм. Ингээд түүний яриаг уншигчиддаа хүргэе.
-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ ?
-Одоогоор судалгааны ажил хийж байна. Ил хаадын сэдвээр хоёр түүхэн роман бичсэн мөн өөр түүхэн сэдэвтэй роман ч бий. Түүхэн роман бичье гэвэл сайн судлах хэрэгтэй. Уншигчдыг сэтгэл хөдлөлөөр адал явдал хөөлгөсөн түүхэн үйл явдлаас гажууд түүхэн үнэн танин мэдэхүйг бүрхэг болгож төөрүүлсэн зүйл бичихийг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь түүхийн мэргэжил эзэмшсэн хүний хувьд ийм байдлаар хандаж болохгүй .
-Тэгвэл нууц биш бол таны судалгааг сонирхож болох уу?
-Нууц биш ээ, гэхдээ нууц. Дилова хутагт Жамсранжав хэмээх түүхт хүний ээдрээт амьдралын тухай бичих юмсан гэж бараг дөрвөн жил явлаа. Түүхийн хүрээлэн Тагнуулын төв газар төрсөн нутаг нь болох Ойгон нуурын хөвөө гээд нэлээд явсан боловч нэг их шинэ мэдээлэл олсонгүй. Төрийн нууцтай холбоотой баримтууд 60 жил болоод олонд ил болдог гэж сонссон боловч таг дарсаар байна. Хүмүүс төөрөлдөж байна. Нэг хэсэг нь монгол төрийн төлөө зүтгэж, Монгол Улсыг НҮБ-д элсэхэд том хувь нэмэр оруулсан гэх мэт сайнаар дурсаж байхад зарим нь урвагч тагнуул гээд янз бүрээр нэрлэх юм. Тэгэхээр баримт олдвол үнэнд нэмэр болохоор зүйлийг бичихсэн гэсэн зорилго маань хараахан биелэл муутай байгаа. Саяхан нэгэн судлаачтай уулзсаны дараа хэтэрхий оройтсон судалгааны ажлаа хийх шаардлагагүй юм байна гэж бодогдсон. Яагаад гэвэл ах нь 40 жил судаллаа. Чи цагаа үрэхийн нэмэр гэж хэлсэн. Энэ үг надад шударга шулуухан амар шийдвэр байлаа.
-Судалгаа хийнэ гэдэг барьцгүй зүйл юм биш үү?
-Ном бичихийн тулд хэдхэн жилийн судалгаа хийж, бүхий л цаг хугацаа хөдөлмөр амьдралаа зориулан судалж суугаа жинхэнэ судлаачийн дэргэд багахан зүйл дээ. Гэвч амьдралынхаа олон өдрүүдийг өнгөрсөн түүхийн үнэн мөнийг олоход зориулж байгаа минь заримдаа буруу санагдах үе бий. Хүмүүсийн ойлгохгүй сэдэв. Жишээ нь, Эмир Төмөрийн нутгаар энэ намар яваад ирлээ. Тийш явах шалтгаан олон байсны дотор нууц нь олдоггүй Үлэгбэх хэмээх цуутай одон оронч Төмөрийн ач хүүгийн тухайд юм.
-Та тэгээд эрсэн эрлээ олов уу?
-Олохоор барах уу. Чингис хааны ул мөр тодхон байгаа тэр гайхамшигт улс орноор бахдал дүүрэн явсаар олз омог ихтэй ирлээ.
- Манай түүхэн дурсгалууд байх юм уу?
-Цагаадай хаан ордондоо заларч байгаа юм шиг Бухар хотын ордон нь хүний хөлөөр дүүрэн байна. Чингис хаан үржил шимтэй энэ нутгийн шинэ жимс амтлан бага зэрэг гайхаж байгаа юм шиг түүний дүр ойрхон байна.
-Монголын эзэнт гүрний нэг хэсэг биз дээ?
-Тийм ээ, Монголын эзэнт гүрэн Юань гүрэн буюу Хархорин нийслэлээ шилжүүлсэн Хубилайн улс, Дундад Азийн Цагаадайн улс, Иран төвтэй Ил хаант улс буюу Хүлэгү хааны улс, Зүчийн буюу Алтан ордны улс.
-Тэр ордонд ороход танд хамгийн түрүүнд юу бодогдов ?
-Өвөг дээдэс минь ухааны хүчтэй сэтгэлийн хаттай байж дэлхий дахинаа хуулийн хүчийг ашигласнаар хаадын хаад болж чадсан. Энэ нь монгол хэмээх цөөхөн ард бидэнд дэлхийн хэмжээний түүхийн дархлаа тогтоож өгч дээ, маш их баярлалаа хүндэтгэж байна хэмээн амандаа шивнэсэн дээ.
-Эмир Төмөр гэж та түрүүн хэллээ, үүний учрыг хэлж өгөөч?
-Төмөр бол Барлус хэмээх монгол угсааны хүн. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр Чингис хааны дээд өвөг Хабул , Төмөрийн дээд өвөг Хачула нар харилцан тохирсны дагуу Хабул хаан болж Хачула баатар цэрэг тохируулан засагч болсон байдаг. / Хачула буюу Качула баатар Түдэн хааны хүү гэж тэмдэглэсэн байна/ Төмөр бол өвөг дээдсийнхээ өргөсөн тангарагт үүрд үнэнч явсан гайхамшигт хүн. Тэр феодалын задралыг 100 гаруй жил удаашруулж, Цагаадайн хаант улсын нутаг дэвсгэрийг тэлэн өргөн уудам нутгийг засан эзэн сууж байсан боловч өөрөө болон үр хойчис нь Эмир буюу цэргийн жанжин хэвээр үүрд үлдэж Алтан ургийн хэн нэгэн ноёноор хаан өргөмжилж явсан байдаг. Ёс төдий харагдах алтан ургийн хаан нь төрийн үйлэнд бараг оролцдоггүй боловч хүндэтгүүлж баян тансаг амьдарч суусан түүхтэй.
-Гайхалтай түүхэн хүн юм аа?
-Төмөр хааны бунханд ойртож очоод хэсэг хугацааны турш манай хөтөчийн надад ярьж өгсөн түүх их сонин байлаа. Түүхийн ухааны цол хэргэмтэй түүхч хүн үнэнээс холуур ярьж байсан даа. Төмөр бол Азийн их хаан Чингисээс илүү газар нутаг эзэлж байсан гээд л. Самаркандад болсон энэ яриа Ташкентэд бас Бухарт үргэлжилсэн. Хөтөч хийж яваа тэр хүмүүсийн яриаг сонсоод өөрийн эрхгүй хөл гар бадайрч самсаа шархираад байдаг юм билээ. Хөтөч нарыг яриулж яриулж дараа нь үнэн түүхийг хэлж өгөхөд гайхаад, Монголоос тийм ч олон хүн ирдэггүй ирсэн хүмүүст нь ингээд яриад өгөхөөр толгой дохиод яваад өгдөг гэсэн. Энэ үг монголчууд бид өөрийн түүхээс холдон одож үлгэр домог хачирхал болгон дураараа ярьж буй сонирхол татам ярианд итгэх болсны илрэл юм. Хэрвээ Самарканд Бухар мэтийн түүхэн газраар аялах гэж зорьж буй хүмүүс байвал түүхээ сайн уншаад яваарай гэж захиж байна.
-Жуулчид тэдний ярьсан түүхэнд итгээд буцдаг байх даа?
-Хамгийн харамсалтай нь тэр. Би гурван хөтчид үнэн түүхийг хэлж өглөө гээд өдөр бүр олон мянгаараа ирж буй жуулчдад хөтөч хийж яваа тэр хүмүүс сонсох бил үү. Нөгөө гурав маань ирээд явсан онгироо монгол хүүхэн юу юу гэсэн билээ гэж санах уу. Тэд буруу зөв ярьж байгаа боловч бидний өвөг дээдсийн үлдээсэн соёл хийсэн бүтээсэн зүйлийг шарил бунханг нь хүртэл хүндэтгээд хадгалаад байж байна. Үүнд нь талархаж байна.
-Төмөрийн бунханг байнга арчилдаг гэж сонссон ?
-Долоо хоног бүр арчилгаа хийж хэврэгшихээс хамгаалдаг гэсэн. Зөвхөн Төмөр эмир биш түүний эрэгтэй талын бүх хүмүүсийн бунхан самаркандад байна. Төмөрийн аав Тарагайн бунхан тэр үеийн Кешь одоогийнхоор бол Шахрисябз хотод байна билээ. Шахрисябз гээд нэг дуу байдаг даа, тэр хот. Бухарт Төмөрийн улсын дараа ирж суурьшсан Зүчийн Бат хааны тувдугаар хүү Шейбаны удмынхны бунхан нэлээд олноороо байна. Шейбан зуу гаруй жил засагласан түрэгжсэн монгол байсан гэж тайлбарлаж байсан.
-Аавынх нь тухай ярих уу?
-Тарагай ноён бол Чингис хааныг 1219- 1225 онд Бухар Самарканд тэргүүтэй энэ нутаг дэвсгэрийг эзэлхэд дагаж очсон барлус, жалайр хоёр аймгийн нэгэн болох барлус хэмээх монгол овгийн ноён. Кешь каршийг захирагч эмир байсан угсаа гарал өндөртэй язгууртан чинээлэг эрхэм.
-Төмөр эмирийн нутаг ямар хил хязгаартай байсан нь сонин байна?
-Цагаадайн улсын зүүнгар, Долоон голын саваас урагш өнөөгийн шинжаан уйгарын нутаг дэвсгэрт оршино. Самарканд хотоор нийслэлж байсны учир Төмөр эмирийн асар том суумал хөшөө хотын төвд нь бий. Ташкентийг дайлаар авсны учир морьт хөшөө нь Шахрисябзт төрж өссөн учраас асар өндөр зогсоо буюу босоо хөшөө нь сүндэрлэж байна. Узбек улсад Төмөргүй билэг тэмдэг алга. Монголын Чингис хаан юм даа тэнд.
-Төмөрийн хатдын тухай ярих уу?
-Монголчууд хүргэн Төмөр гэж ярьдгийн учир бол Алтан ургаас хатан буулгасанд оршдог. Барлус овог бол алтан ураг биш харин Өүлэн эхийн садан овог гэж бичсэнийг уншиж байсан. Самаркандад байрлах алтан ургийн хатандаа зориулан босгосон Бибихана хэмээх медресе буюу сургууль сургалтын цогцолбортой асар том ордон гэрийг барихдаа энэхтэгээс 500 заанаар барилгын материал гоёл чимгийг нь зөөж авчран өөрөө хянан бариулсан гэж үздэг. Хөтөч нь манай Бибихана бол маш ухаалаг хараад ханашгүй үзэсгэлэнтэй алтан ураг буюу Чингис хааны удмын хатан байсан. Үзэсгэлэнгээс нь болж хардаж сэрдэж байсан тохиолдол бий хэмээн жишээ хэлж байсныг санаж байна. Өдий зургаан зуу гаруй жил оршин байгаа тийм үнэ цэнэ бүхий ордонг зориулан сүндэрлүүлсэн нь тухайн хатныг ямар хэмжээнд хүндлэн хайрлаж байсны гэрч юм. Энэ ордныхоо ойролцоо Бибихана хатны болон хатны ээжийн бунхант ордон байдаг юм билээ.
-Төмөрийг бичиг үсэггүй байсан гэж ярьдаг?
-Сурвалжит том ноёны хүү бичиг үсэгтэй боловсролтой байсан нь тодорхой. Шашны сургууль медресе төгссөн гэж тэмдэглэсэн төдийгүй түүх, оддын зурхай сонирхож уран барилга судалдаг шүлэг бичдэг байсан төдийгүй цэргийн урлагийг төгс эзэмшсэн том жанжин байсан нь түүний түүхээс тодорхой харагддаг. Төмөрийн аян дайны түүхээ өөрөө бичүүлсэн гэгддэг Зафарнаме буюу Ялалтын ном хэмээх сурвалж үүнийг бүрнээ гэрчилнэ.
-Төмөрийн аян дайны түүхээс хамгийн содноос нь өгүүлбэл ?
-14-р зууны түүх л дээ. Өнөөгийн узбек, казак, киргиз, туркмен, Армян, гүрж гэх мэт арван тав зургаан улсын нутгаар явсан урт аяны түүх дотор олон итгэмээргүй үйл явдлууд байдаг. Гиндукуш уул өөд замгүй газраар хадан хавцал туулсан аян байдаг. Зуны сар учраас цас мөс хайлан морьд хальтирхаас сэргийлэн өдөр нь эсгий дэвсэн амрааж шөнө нь цас царцахад ахисаар оргилд нь хүрсэн бөгөөд буух нь маш аюултай байсан тул олсоор дүүжлэгдэн буусан гэдэг.
-Маш сонирхолтой түүх байна. Энэ мэт түүхэн үйл явдлууд түүхийн сургамжууд орчин үед ямар ач холбогдолтой вэ?
-Өнгөрсөн үетэй зууралдаад цаг үрсэн дэмий зүйл гэж үзэх хүмүүс бий. Өнгөрсөн бол сургамж бахархал зөв алхах зам ирээдүй бол барих барьцгүй хоосон орон зай учраас баримжаагаа тэндээс авах ёстой гэж үздэг.
-Ингэхэд таны аялсан хотуудын өнөө цагийн хөгжлийн тухай сонирхож байна л даа?
-Киргизээр дайраад Узбек орсон. Киргизийн нийслэлд алдарт зохиолч Чингиз Айтматовын гэр музей болон ихсийн газар нэртэй өвөг дээдэсдээ зориулсан цогцолборыг нь сонирхож явахдаа манайх ийм газартай болох юмсан гэж санаархаж байлаа. Узбек бол маш олон зүйлийг дотроо үйлдвэрлэдэг чадалтай бэхэжсэн эдийн засагтай орон байна. Шевролит маркийн машинууд сүлжилдэж уул уурхайн болон барилгын олон техник өөрсдөө хийж ,самар жимс жимсгэнэ гадаад зах зээлд гаргаж байна. Гар урлал асар өндөр төвшинд хүрсэн хээ хуаргүй газар гэж алга. Нимгэн тансаг торго гоёмсог шаазан эдлэлүүд нь нүд унагам тансаг юм. Одоогийн ерөнхийлөгч Шавкат Мирзеев гэдэг хүн байдаг бөгөөд ардчилсан хувьсгалаар тодорч гарсан ерөнхийлөгч агсан Ислам Каримовд зориулан маш том цогцолбор бунхан байгуулсан байдаг юм байна.
-Өнгөрсөн түүхээ их хүндэлдэг юм байна?
-Тийм ээ. Цай торгоны их замыг амар тайван болгож асар их баялаг энэ замаар буюу “Монголын амар амгалангаар” урсан өнгөрөх бүх нөхцөл боломжийг зөвхөн дундад Азийн энэ гайхамшигт оронд төдийгүй дэлхий дахинд нээн өгсөн бидний өвөг дээдсийн гавъяа их юм.
Д.Нэргүй