ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үерийн далан дагуух аж ахуй нэгжүүдийг албадан нүүлгэж эхэллээ

Т.САНДАГ-ОЧИР
2018-05-25

Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо бидний нэрлэж заншсанаар Баянбүрдийн тойргийн өгсөх зам дагуу  авто засвар, авто угаалгын газрууд үерийн далантай зэрэгцэнэ. Засварын газрын хашааны хаалганаас даланг дамнуулан цементэн хавтан тавьж, гатлах гүүр болгожээ.

Далан руу ойртон очвол архи,ундааны савнаас авахуулаад элдэв хаягдлууд үзэгдэх бөгөөд угаадас боловуу гэмээр хар лаг шавартай холилдон өмхий үнэртэх аж.  “Чухал амжилт” сургалтын төвийн зүүн урд талд нь үерийн далангийн  дээр саарал контейнер тавьсан харагдана. Замын ойролцоо кранууд байрлаж,  ажлын хувцастай хүмүүс ,хэсэг сэтгүүлчид цуглажээ.  2018 оны тавдугаар сарын  24-ний өдөр Геодези усны барилга байгууламжийн газраас ЧД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хотыг үерээс хамгаалах байгууламжийг зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэд аж ахуй нэгжийн контейнер, ТҮЦ-ийг  албадан нүүлгэх, даланг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа нь энэ ажээ.

Геодези усны барилга байгууламжийн ОНХА-ны мэргэжилтэн Ц.Тагарваа “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлт, хамгаалалтын журам гэж бий. Тэр журамд үерийн хамгаалалтын далан сувгийн гадна ирмэгээс 10 метрийн зайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно  гэж заасан байдаг. Бид энэ газруудад удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хүлээн аваагүй учир өнөөдөр албадан чөлөөлөх үйл ажиллагааг явуулж байна” гэсэн юм.

Мөн айл бүр дураараа хавтан тавьж, тэр хавтангууд нь ашиглалтын шаардлага хангахгүй, гамшгийн үед машин техник орох зай талбай байхгүй байгаа нь иргэдийн нийтлэг эрх ашигт аюул учруулж байгааг тэд хэлж байлаа.

Харин далангийн хажууд Автозасвар ажиллуулдаг З.Төмөр “Анхнаасаа энэ газруудыг ингэж хөөж туух байсан юм бол яах гэж өгсөн юм.  Анх энэ далан модон гүүртэй л байсан. Маш олон айлууд дээш доошоо гардаг байсан. Бид өөрсдөө цементэн хавтан тавьсан. Хууль журам, стандартынх нь дагуу явахаар төвөг чирэгдэл ихтэй, хаанаас яаж зөвшөөрөл авах нь тодорхойгүй байдаг” гэв. Тухайн газруудад яагаад газар эзэмших зөвшөөрөл өгсөн эсэх талаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулагч Г.Шүхэртээс тодруулбал,  “Газрын албанаас үерийн далангийн хамгаалалтын бүс гэх зүйл заалтыг дараа нь тогтоосон. Өмнө нь өмчилсөн зөвшөөрөлтэй айлууд байгаа” гэх мэдээллийг өглөө.

 

Б.Энхтуяа