ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын хувийг тав болгоё

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-12-26

Сугалаа... Ингэж хэлэхээр социализм л санаанд ороод байдаг юм. Долоохон үсгэнээс бүтдэг энэ үгний цаана азаа үзье гэж санах хүмүүний сэтэхүйгээр наадах бизнесийн далд арга цухалздаг. Ер нь хүн өөрийнхөө азыг сорих дуртай. Ингэж  л сэтгэлээ зогоодог сэтгэхүй дээр тоглолт явуулж, мөнгө босгох бизнесийг сугалаа гэж сайхан нэрлээд удлаа. Социализмын үед сугалаа ид цэцэглэсэн. Улаан загалмайн сугалаа, Хүүхдийн фондын сугалаа гэх мэт янз бүрийн нэртэй сугалаа жилдээ 5-6 удаа ирнэ. Үүнийг нь заавал авна. Цалингаас мөнгийг нь авдаг болохоор дуртай ч дургүй ч шахдаг гэсэн үг. Ард түмний халааснаас хэдэн төгрөг тоншиж, мөнгө босгодог байлаа. Зах зээл эхлээд нэг үе долоо хоног тутмын болон зарим өдөр тутмын сонинууд захиалагч нарынхаа дунд сугалаа явуулдаг байв.

Харин сүүлийн жилүүдэд сугалаа гарах нь багасаад байна. Ийм олон сугалааг дамжиж ирсэн иргэд сугалаа гэж бодохоор л цаанаа ямар нэг бизнесийн болон ямар нэгэн нууц хуйвалдаан бий гэсэн сэтэхүйтэй болсон. УИХ Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах,зорилгоор 2015 оны долдугаар сарын 9-ны өдөр баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг авдаг болов. Мөн НӨАТ-ын сугалааг явуулж ирсэн. Энэхүү хууль хэрэгжсэн анхны жил буюу 2016 оны улсын төсөвт урьдчилсан байдлаар 1.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 35.0 хувь буюу 537.5 тэрбум төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татварын орлого байгаа гэсэн статистик мэдээ бий. Эндээс харахад хууль гарсан анхны жилээсээ улсын төсвийн тэр дундаа нэмэгдсэн өртгийн албан татвар нэмэгдэж зохих үр дүнгээ өгчээ. Энэ тоо жил бүр өсч байгаа. Тэгэхээр энэ хууль үр дүнгээ өгч байна гэсэн үг.

Харин ард түмэнд хүртээмжтэй, өгөөжтэй байж чадсан уу. Иргэд татвар төлөгчийн хувиар хяналт тавьж байна гэхээсээ илүү татварт төлсөн мөнгөнийхөө багахан хувийг ч гэсэн эргүүлж олж авья гэдэг үүднээс НӨАТ-ын баримтаа үйлчлүүлсэн газар болгоноосооо нэхэж авдаг боллоо. Харин тэр сугалаа гэдэгт итгэх хүн өдөр ирэх бүр багасач байгаа. Нэгэн тоог эргэж харья.

Энэ оны эхний 11 сарын байдлаар 618.862 иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн 18 удаагийн сугалааны тохирлоос 83.000 мянган иргэн азтан болж сугалааны урамшуулал авчээ. НӨАТ-ын баримтыг идэвхитэй баталгаажуулдаг 708,040 хүн байгаагаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд 269.666 хүн л азтан болсон байна. Гэхдээ энэ хүмүүсийн хэд нь азтаныхаа мөнгийг авсан бэ гэдэг нь эргэлзээтэй санагддаг.

Сугалаанд 20 мянган төгрөг хожсон арав гаруй хүн лав надтай тааралдаад мөнгө нь ороогүй гэв. Хүн 20 мянган төгрөгийн төлөө хөөцөлдөөд яваад байх хэцүү. Тийм болохоор хаячихдаг. Ийм тохиолдол хааяа гарч болно. Гэхдээ л нөгөө сугалааны “но” мэдрэгдээд хүмүүс НӨАТ-ын сугалааны тохирол явагдана гэхээр “худлаа даа” гэсэн сэтгэхүй нь давамгайлаад тэр бүр тоохоо болиод байна. Харин өгсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авах идэвхи нь буураагүй байгаа юм. Жилд нэг иргэн дунджаар 100-150 мянган төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авдаг гэсэн тоон үзүүлэлт бий. Мөн сар бүр НӨАТ-ын сугалааны урамшуулалд 1-1.5 тэрбум төгрөг зарцуулдаг гэнэ.

Тус хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш нийт хичнээн тэрбум төгрөгийн буцаан олголтыг иргэдэд өгсөнийг  хүснэгтэд харуулав. Эндээс харахад буцаан олголтод багагүй мөнгө олгодог юм байна. Гэхдээ сугалаа нэрээр хэдэн хүнд сард 1.5 тэрбум төгрөг урамшуулалд зарцуулдаг гэж бодохоор нэг жилд 17 тэрбум төгрөг хэнд очиж байгаа нь мэдэгдэхгүй алга болж байна гэж иргэд харддаг. Энэ ч бас буруутгах аргагүй. Сугалааны ард бизнесийн далд санаа явдаг гэдгийг өмнө хэлсэн.

Үүнийг л ард түмэн мэдээд байгаа юм. Тэгэхээр хар дагуулсан сугалаагаа зогсоож, харин НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгое. Тэгвэл НӨАТ-т тавих иргэдийн хяналт сайжирч, улсын төсөвт орох мөнгөн дүн ч нэмэгдэнэ. Эцсийн үр дүн нь энгийн иргэд төлсөн татварынхаа таван хувийг авна гэдэг сэтгэлд өег, халаас зузаан болно гэсэн үг. Үүнээс гадна иргэд татварынхаа буцаан олголтыг жигд хүртэх боломж нээгдэж, НӨАТ өгдөггүй газрыг хянадаг тогтолцоо улам бүр сайжирна гэсэн үг билээ.