ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Амарбал: Монгол Улс төрөлтийн нэгдсэн тоон мэдээлэлтэй болж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-03

“Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яам, ҮСХ, Улсын бүртгэлийн газар хамтран дөнгөж төрсөн нярайд төрөх эмнэлэгт нь регистрийн дугаар олгох үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Энэхүү үйлчилгээ нэгдүгээр сарын 01-ны өдрөөс албан ёсоор орон даяар хэрэгжиж эхэлж байна. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам нийгэм статистикийн газрын дарга А.Амарбалаас тодрууллаа. 

-Дөнгөж төрсөн нярай төрөх эмнэлэгт байхдаа регистрийн дугаараа авдаг болсон гэж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр ямар давуу тал үүсэх бол? 

-2018 оны тавдугаар сарын 23-нд “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас баталсан. Мөн оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн багц хуулиуд батлагдаад, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 11-нээс хэрэгжиж эхэлсэн. Үндэсний хөтөлбөр болон багц хуулийн хүрээнд төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэж болохгүй гэдэг асуудлыг тусгаж өгсөн. Энэ хүрээнд олон ажил хийгдэж байна. ҮСХ, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн Ерөнхий газар хамтраад иргэн бүрийг бүртгэлжүүлэх ажлыг хийж байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд ажил явж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 12 төрөх эмнэлгүүд дөнгөж төрсөн нярайд регистрийн дугаар олгож эхэлсэн. Гурван сарын хугацаанд маш амжилттай хэрэгжлээ. Ингэснээр эх, хүүхэд хоёр төрсөн цагаасаа эхлэн төрийн болон эмнэлгийн үйлчилгээг саадгүй авах боломж бүрдэнэ. 

-Тэгэхээр өчигдрөөс /энэ сарын 01-нээс/ эхлээд орон даяар хэрэгжиж эхэлнэ гэсэн үг үү?

-Тийм. Нэгдүгээр сарын 01-нээс эхлэн улс орон даяар эхэлж байна. Монгол Улсад эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах давуу талтайгаас гадна цахим үйлчилгээ бүх шатанд хэрэгжиж эхэлсний нотолгоо болж байна. Жилдээ 600-700 нярайн бүртгэл эрүүл мэндийн салбарт бүртгэгдсэн ч Улсын бүртгэлд ордоггүй байсан. Энэ бүртгэл шууд ордог болсноор хүүхдийн эрхийг хамгаалах талаар том алхам болж байна. Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн газар, ҮСХ-ны төрөлтийн мэдээллийн тоо байнга зөрдөг асуудал байсан. Одоо төрөлтийн нэгдсэн тоон мэдээлэлтэй болох нь байна. Мөн иргэн хүүхдээ төрүүлчихээд бүртгүүлэхгүй уддаг асуудал байлаа. Энэ бүхнийг арилгаж өгч байгаа нь давуу тал болж байна. 

-Өмнө нь бол нэлээд бэрхшээлтэй байсан. Дөнгөж төрсөн нярайгаа аваад ээж нь дүүрэг, хороо ордог гэх мэтээр. Энэ бүхнийг арилгасан гэж үзэж болох уу? 

-Өмнө нь бол төрийн үйлчилгээ авахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газар, дүүрэг хороо руугаа явдаг байлаа. Хөдөө орон нутагт гэхэд л бараг сарын хугацаа ордог. Нийслэлд 14 хоногийн дотор очдог байсан. Одоо бол шууд төрөх эмнэлгээс авчихаад, Улсын бүтгэлийн газарт баталгаажуулна гэсэн үг. Энэ бол дэлхий нийтэд дагаж мөрдөж байгаа зүйл. Регистрийн дугаараар шууд бүртгэдэг болсноор хүний наймаа, эд эрхтэний наймаа зэргээс сэргийлж чадна гэж дэлхий нийт үздэг. 

-Цаашдаа өөр ямар үйлчилгээг цахим болгох бол? 

-Шинэ онд бид нас барсан иргэдийн бүртгэлийг цахим болгоно. Мөн жирэмсэн эхчүүдийн бүртгэлийг цахим болгох бодолтой байгаа. Жирэмслэлтийн эхэн үеэс цахимаар хянаж, бүртгээд, мэдээлэл нь хүртэл дагаж явна гэж харж байгаа.