ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Мөнхбат: “Монцемент” үйлдвэр зээлийнхээ 60 орчим хувийг төлчихсөн

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-05-28

“Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс санхүүжсэн “Экспортыг дэмжих, импортыг орлох  888 төсөл” нэрийн дор 694 аж ахуй нэгж, хувь хүнд 284 тэрбум төгрөг олгосон байдаг. Тус төсөлд шалгарч,  зээл авсан компаниудыг манай сонин цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа 65 сая ам.долларын зээл авсан “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхбаттай уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-“Монцемент” төслийн­хөө талаар танилцуулна уу. Хэзээнээс эхэлж хэрэгжсэн төсөл вэ?

-“Монцемент Билдинг Материалс” ХХК нь “Монцемент” төслийг 2012 оноос хойш амжилттай хэрэгжүүлсэн.  Төсөл маань амжилттай хэрэгжиж,  үйлдвэрлэгч компани болсон.  Бид Европын эко хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цогц үйлдвэрийг Дорноговь аймгийн Өргөн суманд барьсан. “Монцемент” цогц үйлдвэр нь шохойн чулууны ил уурхай, цемент үйлдвэрлэх иж бүрэн хоёр шугам, технологийн явцаас гарах хаягдал дулааныг дахин боловсруулж, 5МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Монгол Улсын анхны WHR систем нэвтрүүлсэн.  Хаягдал хийг ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэх Дулааны цахилгаан станцыг Монгол Улсaд анх удаа байгуулсан. Төслийн хоёрдугаар  шатны хүрээнд  хоногтоо 3000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Улаанбаатар хотод барьж,  ашиглалтад оруулан бүтээгдэхүүнээ харилцагчдаа нийлүүлээд эхэллээ. Төсөл 250 сая орчим  ам.долларын хөрөнгө оруулалттай.  65 сая ам.долларын урт хугацааны санхүүжилтийг бондын эх үүсвэрээс авсан.  Төслийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болгосон. Шууд бусаар 2500 орчим ажлын байр бий болсон байна.  “Монцемент” үйлдвэр нь өнөөгийн цаг үед байгаа хамгийн том шийдлүүдийг агуулсан гэдгээрээ онцлогтой.  Мөн Франц, Энэтхэг, Швейцари улсын цементийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг инженерүүд гүйцэтгэлийн хяналт тавьж ажилладаг тул олон улсын чанартай төсөл юм.

-Бондын зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байна уу?

-Хөгжлийн банкнаас авсан бондын зээлийн эргэн төлөлтийг  хуваарийн дагуу хийж байгаа. Тэр ч битгий хэл хугацаанаасаа хоёр жилээр түрүүлж эргэн төлөлтөө хийж байгаа  бөгөөд зээлийнхээ 60 орчим хувийг төлсөн.

-Зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө төлөх шалтгаан нь юу вэ.  2015 онд ашиглалтад орсон үйлдвэр  зардлаа ийм хурдан нөхсөн гэсэн үг үү.

-Зах зээлийн хувьд их эрэлт хэрэгцээтэй 2013, 2014 оны үед манай улс жилдээ хоёр сая тонн цемент хэрэглэж байсан. Харин одоо  1-1.5 сая тонн цемент хэрэглэж байна. Гэтэл манай улсад нэг сая тонн цемент үйлдвэрлэх  хүчин чадалтай дөрвөн үйлдвэр баригдсан. 2013 онд техник эдийн засгийн үндэслэл хийж байх үетэй харьцуулахад,  макро эдийн засгийн үзүүлэлт харьцангуй таатай биш болсон. Биднийг анх ТЭЗҮ-ээ хийж байх үед төгрөгийн  ам.доллартай харьцах ханш 1400-1600 байсан.  Гэтэл өнөөдөр 2400 төгрөгтэй тэнцэж байгаа. Төгрөгийн ханшны зөрүүнээс бид бараг 30-40 хувийн алдагдал хүлээж байна. Энэ утгаараа валютын өндөр хүүтэй зарим нэг зээлээ урьдчилж төлж,  зардал хэмнэх бодлого хэрэгжүүлсэн. Монгол Улсын Хөгжлийн банкны зээл арилжааны бусад банкнуудтай харьцуулахад,  хүү нь харьцангуй бага.  Гэхдээ  Европын Сэргээн босголтын банкны хүүнээс өндөр байгаа. Дээрээс нь,  ам.долларын ханш  ихээр  нөлөөлж байгаа учир эргэн төлөлтийг тодорхой хэмжээнд  урьдчилан  хийх шийдвэр гаргасан нь энэ юм. Мөн цахилгаан эрчим хүчний үнэ тариф 2013 онтой харьцуулахад,  94 хувиар нэмэгдсэн. Түлш, түүхий эдийн үнэ бас өссөн. Төмөр замын тээвэрлэлт шат дараатайгаар 30 гаруй хувиар нэмэгдсэн. Гэх мэт  хүндрэлүүд байна. Гэсэн хэдий ч бид зөв удирдаж,  тухайн нөхцөл байдалдаа тааруулж шийдвэр гаргаснаар төслөө амжилттай дуусгасан.

-Бондын хөрөнгө та бүхэнд бодит дэмжлэг болж чадсан уу?

-2012, 2013 онд төрийн буруу шийдвэрээс болж гадаадын хөрөнгө оруулалт багассан байсан үед бид хөрөнгө босголоо. Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бондын хөрөнгө оруулалт орж ирсэн нь  бодит дэмжлэг болсон.
 

-Үйлдвэрийн цаашдын зорилго юу вэ?  

-Өнөөдрийн байдлаар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Ойрын нэг, хоёр жилдээ зах зээлээс шалтгаалан хүчин чадлаа нэмэгдүүлнэ. ОХУ-ын алс Дорнодын бүс нутгаас манай цементийг хэрэглэх захиалга ирсэн. Барилгын материал импортлоход ОХУ-ын тохирлын гэрчил­гээ шаардлагатай байдаг.  Тиймээс  тохирлын гэр­чил­гээг гаргуулахаар ажил­лаж байна. Ирэх жилээс бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлнэ. Ингэснээр валютын гарах урсгалыг хаахаас гадна, гаднаас валют оруулж ирэх стратегийн ач холбогдолтой ийм төсөлд бондын хөрөнгөөс дэмжлэг авсан юм. Мөн дотоодын цементийн хэрэглээгээ 100 хувь хангаснаар жилд 60-70 сая ам.долларын валютын гарах урсгалыг эх орондоо авч үлдэж байна. Бид бүтээгдэхүүнээрээ импортыг орлоод тогтохгүй экспортод гаргах зорилготой.

-Үндэсний хэмжээний хэдэн төслийн багтай хамтран ажиллаж байна вэ?

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад манай цементийг  дангаар нь  хэрэглэж байна. Дэд бүтэц, зам, ложистикийн бүтээн байгуулалтад мөн манай цементийг  хэрэглэж байгаа. Улаанбаатар хотод барьж  буй Яармагийн болон  Замын цагдаагийн гүүр гэх мэт томоохон бүтээн байгуулалтад ч  бас хэрэглэж байна.
 

-“Монцемент” үйлдвэр ашиглалтад орохоос өмнөх болон дараах Өргөн сумын байдлыг  харьцуулж хэлбэл...?

- Хамгийн түрүүнд ундны усны асуудлыг шийдсэн. Мөн 20 тонн хур их хогийг зайлуулж,  нөхөн сэргээлт хийсэн. Өргөн суманд эртнээсээ уул уурхай байсан учир инженер техникийн чиглэлийн  мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдсэн байна. Харамсалтай нь манай төсөл эхлэхийн өмнө уулын үйлдвэр зогссон байсан тул ихэнх оршин суугчид нь шилжээд явчихсан,  700 гаруй хүнтэй орхигдсон хот байсан.  Үйлдвэр баригдаж ашиглалтад орсноор 2000 гаруй хүнтэй болсон. Хүн амын тоо өсөхийн хэрээр үйлчилгээний байгууллагууд нэмэгдэж,  орон нутгийн иргэдийг  ажлын байраар хангаж эхэлсэн. Мөн орон нутгийн үл хөдлөх хөрөнгүүд эдийн засгийн эргэлтэд орж,  нутгийн хүмүүс түрээсийн орлоготой болсон.  “Монцемент” төслийн хүрээнд орон сууцны хороолол, хүүхдийн цэцэрлэг, худалдааны төв ашиглалтад орсон. Өргөн сумын ард иргэд энэ төслөөс их үр өгөөж хүртэж байгаа. Үйлдвэрийн ажилчдын 60 хувь нь  сумын иргэд байдаг.  Төслийн хүрээнд орон нутагтайгаа хамтдаа хөгжиж дэвжээд явж байна даа.
 

-Цаашид  үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төр засаг бодлогын төвшинд юуг анхаарах ёстой гэж таны хувьд боддог вэ?

-Засгийн газрын зүгээс томоохон төслүүд дээр урт хугацааны санхүүжилтээр дэмжих нь маш зөв. Төрийн хууль эрхзүйн орчин маш ойлгомжтой баймаар байна. Төсөл хэрэгжүүлэхэд  тулгамдаж  байгаа асуудлаа хэлэхгүй байж чадахгүй нь.  2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд  барилгын материал үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг гааль болон татвараас чөлөөлнө гэсэн заалт байдаг.  Хуулийн дагуу  татвараа чөлөөлүүлнэ гэж тооцоод,  гадны хөрөнгө оруулагчидтай уулзаж, “Манайд хөрөнгө оруулаач,  бид татварын ийм хөнгөлөлтүүд эдэлнэ. Манай улсын Засгийн газраас  ингэж  дэмжиж байгаа”  хэмээн танилцуулаад,  хөрөнгө босгодог. Ингээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлтэл хууль нь хэрэгж­дэггүй.  Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтүүд бодит байдал дээрээ хэрэгжихгүй байна.  Энэ ойлгомжгүй байдлаас болоод гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын төр засагт итгэх итгэл нь алдарч байна. Үүнд шат шатандаа анхаармаар байгаа.  Хоёрдугаарт,   бондын хөрөнгөөс санхүүжилт авсан үйлдвэрүүдэд үнэ тарифын хувьд уян хатан хандаж,  цогцоор нь дэмжиж өгмөөр байна. Тээвэрлэлт болон цахилгааны үнийн шат дараатай нэмэгдлүүд нь жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэгчид ашгаа олж эхлээгүй байхад нь дарамт болж,  эргэн төлөлтөө төлж чадахгүйд хүртэл хүргэж байна.