Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор уг өвчний талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн тусламж үйлчилгээний зохицуулагч эмч Б.Бат-Амгалангаас тодрууллаа.
-Эмнэлгүүдийн ачаалал одоогийн байдлаар хэр байна. Ханиад томууны дэгдэлт ямар түвшинд байна вэ?
-Эмнэлгүүдийн ачаалал маш их байна. Энэ долоо хоногт л гэхэд өмнөх долоо хоногоос 0.5 хувиар ачаалал ихэссэн. ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасаг 40 ортой. Өнөөдрийн байдлаар үүн дээр нэмэлт тасаг нээгээд 58 хүүхдийг эмчилж байна. Энэ нь ханиад, томуугийн тархалт их байгааг харуулж байгаа юм. Ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн өндөр халууралттай, ханиалгасан байдалтай ирж байна. Бид тухайн хүүхдийг үзэж, яаралтай шинж байвал хэвтүүлэн эмчилж, яаралтай биш бол гэрийн нөхцөлд эмчилгээ бичиж өгч байгаа. Эцэг эхчүүд гэрээр эмчилгээ хийхдээ заавал эмчийн заавраар эм, бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай. Эмийн зохисгүй хэрэглээнээс шалтгаалаад тухайн өвчний эдгэрэлт удаарах, эмэнд дасалтай болох зэрэг маш сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд ихэвчлэн ханиад, томууны үед эмчийн зааваргүйгээр антибиотик хэрэглэдэг. Ханиад болгон амоксицилинд эдгэрдэг гэж ойлгож болохгүй.
-Аюултай болон яаралтай шинж тэмдэгтэй бол эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна гэлээ. Яаралтай шинж тэмдэг гэдэг нь ямар шинж тэмдгүүд байдаг юм бол?
-Аюултай ерөнхий шинж тэмдэг гэдэгт өндөр халуурах, удаан хугацаагаар халуурснаас үүдэн халдвар хордлогын байдалд орох, таталт өгөх гэх мэт хүндрэлүүд орно. Хэрэв хүүхэд 38.5 хүртэл халуурч, халуун нь буурахгүй бол эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй юм. Үүнээс гадна амьсгалын тоо олшрох, амьсгалахдаа яраглаж байвал яаралтай эмнэлэгт хандах ёстой. Аюултай шинж тэмдгүүдийн талаар эх хүүхдийн ягаан дэвтэрт дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
-Өндөр халуурч байгаа тохиолдолд гэрийн нөхцөлд халууныг хурдан хугацаанд буулгах, таталтаас сэргийлэх ямар аргууд байдаг вэ?
-Хүүхэд өндөр халуурч байгаа тохиолдол хамгийн түрүүнд хувцасыг нь нимгэлж, шингэн бүлээн юм өгөх хэрэгтэй. Үүний дараа халуун бууруулах төрлийн эмийг насанд нь тохируулан хэрэглэнэ. Мөн хөлийн ул, гарын алга зэргийг спиртээр арчих нь таталтаас сэргийлдэг.
-Халуун бууруулах үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн эм байдаг. Аль нь хүүхдэд илүү тохиромжтой байдаг юм бол. Ямар хэлбэрээр хэрэглэх нь зөв бэ?
-Халуун бууруулах хэд хэдэн төрлийн эм байдаг. Парацетамол л гэхэд лаагаар, сиропоор, таблеткаар гэсэн гурван янз байдаг. Гэтэл эцэг эхчүүд адилхан үйлчилгээтэй эмийг өөр өөр хэлбэрээр нь давхардуулан хэрэглэх нь түгээмэл тохиолддог. Сиропоор нь хэрэглээд, давхар лаа хийх зэрэг алдаа их гаргадаг. Энэ нь хүүхдийг эмийн хордлогод оруулах эрсдэлтэй учраас үүнийг сайн анхаарах ёстой. Парацетамол болон ибупрофен нь адилхан халуун бууруулж, өвчин намдаах үйлчилгээтэй эмүүд. Тухайн хүүхэд алинд илүү мэдрэг байна вэ гэдгийг шинжилгээгээр тогтоож, аль тохирохыг нь хэрэглэвэл илүү үр дүнтэй.
-Хүүхдийн хоолой өвдсөн үед түрхлэгийн шинжилгээ өгөх шаардлагатай гэдэг юм билээ. Ингэснээр тухайн хүүхдэд ямар антибиотик хэрэглэх нь тодорхой болдог гэсэн. Энэ шинжилгээг хоолой өвдсөн тохиолдол бүрт өгөх шаардлагатай юу. Шинжилгээг хаана өгөх вэ. Төлбөртэй байдаг юм боловуу?
-Үүнийг бактерилогийн шинжилгээ гэж нэрлэдэг. Хоолойг өвчлүүлж байгаа тухайн үүсгэгч ямар антибиотикт мэдрэг вэ гэдгийг тодорхойлдог шинжилгээ юм. Энэ шинжилгээг өгөхдөө тухайн хүүхэд сүүлийн 14 хоногт антибиотик хэрэглээгүй байх шаардлагатай. Шинжилгээний дүнд үндэслэн эмчилгээ хийвэл хурдан хугацаанд, маш сайн үр дүнг үзүүлж бүрэн эмчлэх боломжтой. Дүүргийн эмнэлгүүд болон ЭХЭМҮТ-д ирж, үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх боломжтой.
-Урьдчилан сэргийлэх ямар аргууд байна вэ?
-Ханиад, томуугийн үед халдвараас сэргийлэх хамгийн энгийн, үр дүн өндөртэй арга бол ариутгалын уусмалаар амаа зайлах юм. Соданы уусмалаар хүүхдийнхээ болон өөрийнхөө амыг тогтмол зайлж хэвших нь урьдчилан сэргийлэх маш сайн арга байдаг. Гэрийн нөхцөлд 250 мл буцалсан бүлээн усанд нэг халбага хүнсний сода хийж, тухайн уусмалаар өглөө оройдоо амаа зайлвал халдвараас сэргийлэх боломжтой. Мөн олон нийтийн газраар явахгүй байх, гадуур явахдаа амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг аргуудыг хэрэглэх хэрэгтэй.