Энэ оноос “Насны хишиг” олгох журамд нэмэлт өөрчлөлт орж байгаа юм. Энэ талаар ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Майчимэгээс тодрууллаа.
-Энэ жил “Насны хишиг” олгох журамд өөрчлөлт орсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-“Насны хишиг” тэтгэмж нь ахмад настны тухай хуульд тусгаснаар 65 ба түүнээс дээш настай ахмадууд жилд хоёр удаа олгодог. Анх “Насны хишиг” олгох журам 2017 онд батлагдсан юм. Энэ оноос тус журамд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Насны хишиг” тэтгэмжид хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор төсөв нэмэгдэж, энэ жилийн төсөв өмнөх оныхоос нэг тэрбум гаруй төгрөгөөр илүү батлагдсан. Журамд орсон өөрчлөлтүүдийн нэг нь Монгол Улсад хууль ёсоор оршин сууж, хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гарсан, ОХУ-ын иргэдийг уг тэтгэмжид хамруулахаар болсон. Хоёр улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу өөрийн улсын иргэнтэй адилтгаж, нийгмийн халамж үзүүлнэ гэсний хүрээнд ийнхүү гадаадын иргэнд уг тэтгэмжийг олгохоор болж байгаа юм. Ахмад настны тухай хуульд жилд бүрийн нэг болон долдугаар сард “Насны хишиг” олгохоор заасан байдаг. Шинээр “Насны хишиг” тогтоолгож байгаа иргэд нэгдүгээр сард багтаан материал, өргөдлөө харьяа хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж гаргах ёстой. Өмнө нь тэтгэмжид хамрагдах иргэдийн материалыг хоёрдугаар сард хүлээж авдаг байсан бол журамд орсон нэмэлт өөрчлөлтөөр цагаан сарын баярын өмнөх “Насны хишиг”-ийн материалыг нэгдүгээр сард хүлээж авдаг болж байгаа юм. Харин улсын баяр наадмаар олгодог хишгийн хувьд материал хүлээж авах сүүлийн хугацаа нь зургадугаар сарын 30-ны өдөр байдаг.
-“Насны хишиг” тэтгэмжид хамрагдаж байгаа иргэн тэтгэмж авах бүртээ материал бүрдүүлэх ёстой юу. Эсвэл анх хамрагдахдаа л зөвхөн өгдөг юм болов уу?
-Шинээр болзол хангаж байгаа буюу 65 нас хүрч байгаа иргэд л өргөдөл, материал бүрдүүлнэ. Нэгэнт уг тэтгэмжид хамрагдаж байгаа иргэдийн хувьд системд бүх мэдээлэл нь бүртгэгдсэн байгаа учраас автоматаар дансанд нь ороод явна.
-Тэтгэмжид хамрагдах иргэдийн насыг тооцохдоо оноор нь тооцож байна уу эсвэл сараар нь тооцдог юм болов уу?
-Оноор биш төрсөн сар өдрөөр нь тооцдог. 65 нас хүрсэн өдрөөр нь тооцохгүй бол төсөв маш их гарна. Ахмад настны насыг тооцох журам энэ онд мөн өөрчлөгдсөн. Өмнө нь бид цагаан сарын шинийн нэгний өдөр болон улсын их баяр наадмын өдрөөр тооцдог байсан юм. Шинээр орсон нэмэлт өөрчлөлтөөр цагаан сарын шинийн нэгнээс шинийн гуравны өдөр хүртэл, улсын баяр наадмын хишигт долдугаар сарын 11-нээс 15-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, оноороо 65 нас хүрсэн ч тэтгэмж олгох үед сараараа 65 нас хүрээгүй бол хамрагдах боломжгүй гэсэн үг.
-Ямар материалуудыг бүрдүүлэх шаардлагатай вэ. Материалаа өгснөөс хойш хэр хугацаанд тэтгэмжийн мөнгө иргэдийн дансанд ордог юм бол?
-Насны хишиг олгох өргөдлийн маягт байдаг. Тухайн маягтын дагуу иргэний үнэмлэхний хуулбарыг өргөдлийн хамт өгнө. Хэрэв өөрийн биеэр очиж авах боломжгүй, хэвтрийн байдалтай бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тэтгэмжээ авах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж тэтгэмжээ авах бол итгэмжлэх төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг давхар хавсаргах шаардлагатай.
-ОХУ-ын иргэдийг насны хишигт хамруулна гэлээ. Зөвхөн ОХУ-ын иргэдийг хамруулах уу эсвэл манай улсад хууль ёсоор амьдарч байгаа гадаадын иргэдийг хамруулах уу?
-Хэт хавтгайруулан ойлгож болохгүй. Ахмад настны тухай хуулийн хүрээнд Монгол Улсад хууль ёсоор амьдардаг гадаадын иргэнийг хамруулж болно гэсэн үндэслэлээр ОХУ-тай хийсэн нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын ахмад настай иргэдийг “Насны хишиг” тэтгэмжид хамруулж байгаа юм. Мөн цөөхөн хятад иргэд уг тэтгэмжид хамрагдаж байгаа.