ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ онд 1072 хувьцааны ногдол ашиг өгнө

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-09

Төр муу менежер. Төрийн өмчийн аж ахуйн нэгж хэзээ ч сайн ажилладаггүй. Тиймээс төрийн өмчийг бүгдийг нь хувьчлах хэрэгтэй гэж ярьдаг, боддог хүмүүс олон байдаг. Гэтэл сэтгэл гаргаж ажиллах юм бол болдог гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК харуулж, өнгөрсөн онд 720 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ компани бол монголын үүцэн дээр 2010 онд байгуулагдсан төрийн өмчийн аж ахуйн нэгж. Дэлхийд ховорт тооцогддог коксжих нүүрсний асар том ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг тус компанийн ашгаас хувь хүртэх эрхийг АН төр барьж байх үед буюу Н.Алтанхуягийн Засгийн газар ард түмэндээ олгосон билээ. 

Энэ хувьцааг “чулуу” болгох үүргийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК хүлээсэн ч сураг  алдраад өнөөдрийг хүрсэн билээ. Харин тус компани өнгөрсөн онд 720 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Тиймээс энэ оны дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, нэгж хувьцаанд хэдэн төгрөг ногдох вэ гэдгээ тодорхой болгох аж. Үүний дараа иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг тараах юм байна. Гэхдээ энэ бол нэг л жилийн ашиг. Харин цаашид хэрхэн ашигтай ажиллаж, Тавантолгойн орд газрын хар алтыг эргэлтэд оруулж, компаниа ашигтай ажиллуулах вэ гэдэг нь өөр асуудал. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2016 онд Хятадын Чалко компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллароор нийлүүлдэг байжээ. Энэ үнийг өсгөх бодлого баримталж 2017онд 59.33 ам.доллар, 2018 онд 61.0 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнэ 2.5 дахин өссөн нь ийнхүү ашиг нэмэгдсэн байна.  

Дэлхий зах зээл гарах бэлтгэл бүрэн хангагджээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны ажлын тайлан, ирээдүйд хүрэх үр дүнгийн талаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Компани сүүлийн гурван жил дараалан БНХАУ-д нийлүүлэх нэг тонн нүүрсний үнийг байнга нэмэгдүүлж, 2019  оны нэгдүгээр улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлэх гэрээ хийгээд байна. Мөн Цанхийн баруун уурхайн амнаас худалдах нэг тонн нүүрсний үнэ 2016 оны нэгдүгээр улиралд 23.2 ам.доллар байсныг үнийн нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний долоон гэрээг тус тус байгуулсан нь өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүллээ. Үүнээс гадна 2018 оны наймдугаар сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг ЭБМЗ-өөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 байсан нөөцийг 6.3 тэрбум хүргэж тооцуулснаар “Жорж” стандартад шилжсэн дүн­гээр найман тэрбум тонн буюу түүнээс дээш нөөцтэй байх боломж­ийг бүрдүүлсэн. Ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг / ТЭЗҮ / бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөх тооцоо судалгааг хийж  зарим ТЭЗҮ-ийг Засгийн газарт танилцуулахад бэлэн болоод байна. Бид нөөцөө тогтоолгож авлаа. Мөн хүний нөөцийн асуудлыг онцгой анхаарч компаний сайн засаглалыг хэрэгжүүлж чадлаа. Санхүүгийн хувьд ашигтай ажиллаж байна. Энэ бүхэн бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК дэлхийн зах зээлд гарах бүрэн боломж, бололцоо, тохироо нь бүрдсэн гэсэн үг. Бид удахгүй Засгийн газраас тогтоосон хувь хэмжээний хүрээнд компанийн тодорхой хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа гэв. Компанийн засаглалыг сайжруулах, ил тод нээлттэй байдлыг бий болгох зорилгоор Эрдэмтдийн зөвлөл, Олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, Төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн чадавх дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээнд хүрсэн ч өөрийн гэсэн оффисгүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж иржээ. Иймд өөрийн ажлын байртай болох зорилгоор 20 орчим тэрбум төгрөг төлөвлөөд байгаа аж. Компани өөрийн байртай байна гэдэг дэлхийн санхүүгийн зах зээлээс мөнгө босгож байгаа аж ахуйн нэгжийн хувьд маш том үзүүлэлтийн нэг байдаг аж.  

Таван толгойд 100 мянган хүнтэй хот байгуулна

Таван толгойн орд газрыг бүрэн эргэлтэд оруулж, иргэд газрын доорх баялгаас хувь хүртэх боломжийг бүрдүүлэхийн тулд дэд бүтцийн төслүүдийг яаралтай эхлүүлэх нь нэн чухал гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолсон. Тус компанийн төлөвлөж байгаагаар Таван толгойн орд газрыг түшиг­лэсэн 100 мянган хүн оршин суух хотыг байгуулах гэнэ. Мөн ногоон говь хөтөлбөрийг хэрэгжүүлж, одоогоор 100 гаруй мянган мод тариад байгаа ажээ. Мөн нүүрсээ олон улсын зах зээл хүргэхийн тулд Таван толгой-Гашуунсухайт-Ганц модны чиглэлийн төмөр замыг яаралтай барих нь чухал гэв. Энэ чиглэлийн төмөр замын ажил одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа юм байна. Мөн 100 мянган хүн амтай хотыг хангах усан хангамж, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Цахилгаан станц барих төслийн ТЭЗҮ нь бэлэн болжээ. Энэ төслүүдийг нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай болоод байгааг ганцхан жишээгээр тайлбарласан юм. Өнгөрсөн онд ОХУ-д нүүрсээ гаргахаар нээлттэй тендер зарласан юм байна. Гэтэл нүүрсээ хүргэх гэхээр уурхайн амнаас Говьсүмбэр хүртэл шороон замаар 462 километр газар тээвэрлэх шаардлагатай болжээ. Үүний тээврийн болон бусад зардлыг тооцохоор ямар ч ашиггүй гарч энэ ажил зогсчээ. Одоо эдгээр төслийг хэрэгжүүлэхэд ашгийн хэдэн хувийг зарцуулж, хэдэн хувийг нь зах зээлээс босгох уу. Хувьцаа эзэмшигч нарт ашгийн хэдэн хувийг ногдол ашиг хэлбэрээр тараах вэ гэдэг асуудлыг удахгүй болох Удирдах зөвлөлийн хурлаар оруулж, Засгийн газраар шийдүүлэх гэнэ. Дээрх төслүүдийг хэрэгжүү­лэх “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компаниуд байгуулагдаад байгаа юм байна. Энэ төслүүдийг компанийн өөрийн хөрөнгө, олон улсын зах зээлээс босгох хөрөнгө, хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах гэсэн гурван хэлбэрээр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Улаанбаатарын утаа 40-50 хувиар буурна

Нийслэл хотод энэ оны тавдугаар сарын 1-ээс эхлээд түүхий нүүрс оруулахыг бүрэн хориглосон шийдвэрийг Засгийн газар гаргаад байгаа билээ. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг түшиглэн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулаад байгааг албаны хүмүүс онцлон ярьдаг ч энэ түлш хаана хэзээ борлогдоод байгааг хэрэглэгчид одоо хүртэл олж хараагүй явна. Сэтгүүлчид энэ үйлдвэрийн талаар болон шахмал түлшээ борлуулж эхэлсэн эсэхийг тодруулахад Б.Ганхуяг захирал “Жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулагдаад одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Бид одоогоор нийслэлд борлуулалт хий­гээгүй. Ирэх өвлийн хэрэглээний шахмал түлшний нөөцийг бүрдүүлж байна. Энэ оны намраас эхлээд Таван толгойгоос сайжруулсан нүүрс оруулж, нийслэлийн хэрэглэгчдийг хангана. Ингэснээр Улаанбаатар хотын утаа 40-50 хувиар буурна. Би баталгаатай хэлж байна. Манай нүүрс бүрэн шаталттай, утаа, утаанаас гарах хорт хийн агууламж маш бага байдаг. Эцэг өвгөдөөс үлдээсэн ийм сайхан боломжийг ашиглах цаг нь болсон” гэж ярилаа.  

Хувьцаагаа зарж болохгүй

“Эрдэнэс-Тавантолгой” ХК компа­ни өнгөрсөн оны тавдугаар сард “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг байгуулжээ. Тус төв үүдээ нээснээс хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 гаруй мянган иргэнд үнэт цаасны данс нээх боломжийг нь бүрдүүлж өгчээ. Сүүлийн үед “1072 хувьцааг өндөр үнээр авна” гэсэн зар их явах боллоо. Энэ хувьцаа эргэлтэд орсон юу гэсэн сэтгүүлчийн асуултад Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани бол хаалттай хувьцаат компани. Юун дээр вэ гэхээр ганцхан 1072 хувьцаа нь хаалттай гэсэн үг. Бусад үйл ажиллагаа нь олон түмэнд нээлттэй байгаа. 1072 хувьцаа бол хаалттай байгаа. Худалдаж болохгүй гэсэн үг. Одоо ногдол ашиг өгөөд эхлэхээр хувьцааны үнэ өснө. Тэгэхээр үүнийг зарж болохгүй. Таны санхүүгийн нэрийн хуудас Тавантолгой байх болно” гэв.