Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгээс тодрууллаа.
-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар иргэд мэдээлэл муутай байдаг. Ямар, ямар тохиолдлуудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой вэ?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувьдаа орон сууц худалдаж авсан, эсвэл шинээр барьсан татвар төлөгчид 2007 оноос хойш нэг удаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Мөн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгч энэ хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй. Өөрийн хөдөлмөрийн орлогоор оюутан өөрөө сургалтын төлбөрөө төлсөн бол мөн хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Хуульд зааснаар татвар төлөгч нийт 19 төрлийн чөлөөлөлт эдлэх боломжтой байдгаас орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдын тулд тусгай материал бүрдүүлж эдэлдгээрээ онцлогтой. Бусад чөлөөлөлтийг суутгагч нь орлого олгохдоо тухай бүрд нь эдлүүлээд явчихдаг. Жишээлбэл, НӨАТ-ын урамшууллын орлогыг олгохдоо ямар нэгэн татвар суутгахгүйгээр олгодог. Тэгэхээр татварын чөлөөлөлтөө тухайн иргэн эдэлчихэж байна гэсэн үг. Ийм байдлаар бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг эдэлдэг. Зөвхөн орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтийг зайлшгүй тусгай материал бүрдүүлж байж эдэлдэг. Татвар төлөгч иргэд тухайн оны нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 15-ны хооронд өмнөх жилийнхээ тайланг гаргаж өгөх үүрэгтэй. Тайлангаа гаргаж өгөхөд тухайн татвар төлөгч татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөл бүрдсэн байвал нэмэлт материал бүрдүүлээд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагддаг. 2017 онд 70 мянга гаруй татвар төлөгч 40 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байдаг.
-Бүрдүүлэх материалд орон сууц худалдаж авсан и-баримт шаардаж байгаа юм билээ. Хувь хүнээс орон сууц авсан бол и-баримт яаж авах вэ?
Орон сууцны чөлөөлөлт эдэлж байгаа татвар төлөгчийн хувьд дотроо ялгаатай. Шинэ баригдсан орон сууц авах ашиглалтад байсан орон сууц авч, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахад бүрдүүлэх материал өөр өөр. Хэрэв шинэ орон сууц худалдан авсан тохиолдолд тухайн орон сууцыг борлуулж байгаа компаниас заавал и-баримт авах ёстой. Бүрдүүлэх материалд и-баримт заавал шаардана гэсэн үг. Ашиглалтад байгаа орон сууцыг иргэн иргэнээсээ худалдан авсан бол одоогоор и-баримт шаардахгүй байгаа. Иргэдийг чирэгдүүлэхгүй гэдэг үүднээс худалдан авалт хийсэн гэрээ зэрэг бусад материалуудыг үндэслээд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулж байгаа. Харин ашиглалтад байсан орон сууцыг байгууллагаас худалдан авсан тохиолдолд и-баримт авчрахыг шаардаж байгаа. Бүрдүүлэх материалууд ТЕГ-ын цахим хуудсанд бүгд байгаа учраас тэндээс харах боломжтой.
-Иргэн өөрөө шинээр орон сууц, байшин барьсан бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой гэсэн. Хуучин байшин худалдаж авбал энэ чөлөөлөлтөд хамрагдах боломжтой юу?
-Боломжтой. Ашиглалтад байсан орон сууц худалдан авсан үед бүрдүүлдэх материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Харин шинээр орон сууц барьсан татвар төлөгч тухайн байшин барихдаа худалдаж авсан барилгын материалын үнэ, и-баримтыг аль болох авчрах ёстой. Мөн тухайн орон сууцаа үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байх шаардлагатай. Тухайн орон сууц хэдэн төгрөгийн өртөгтэй вэ гэдгийг үнэлүүлж байж, тайландаа тусгах ёстой.
-Татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахад орон сууц худалдаж авсан үнийн дүнгийн хэдэн хувийг нь олгодог вэ. 30 дээшгүй сая төгрөгт хөнгөлөлт, чөлөөлөлт олгоно гэсэн байдаг юм билээ. Энэ нь ямар учиртай юм бол?
-Хуульд зааснаар банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр болон өөрийн хөрөнгөөр барьсан эсвэл худалдаж авсан орон сууцны 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг татвар ногдох орлогоос чөлөөлнө гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл 80 сая төгрөгийн байр худалдан авсан бол түүний 30 сая нь хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана гэсэн үг. Тухайн жилд иргэн хэдэн төгрөгийн татвар төлөх ёстой байсан, түүнээсээ хэдийг нь төлсөн бэ гэдгээс шалтгаалан хөнгөлөлт, чөлөөлөлтийн мөнгөн дүн шалтгаална. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэдэг нь төлсөн татвараа буцааж авч байна гэсэн үг юм. Иргэд 30 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа юм чинь гурван сая төгрөгийн татвар буцааж авна гэж ойлгоод байдаг. Үүнийг хэлэх боломжгүй байдаг. Тухайн татвар төлөгч тайлангаа гаргаж, төлвөл зохих татвараа бүрэн төлсөн үү, дутуу байна уу гэдгээс шалтгаалж энэ тооцоо гарч ирнэ. Татвараа бүрэн төлсөн бол гурван сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
-Иргэд татварын хөнгөлөлтөөр хамгийн ихдээ тухайн худалдан авалтынхаа үнийн дүнгийн 10 хувийг буцааж авах боломжтой гэж ойлгож болох уу?
-Татвар төлөгч иргэн орлогынхоо 10 хувиар татвар төлдөг. Тиймээс төлсөн татвараа буцааж авч байгаа учраас 10 хувь болж байгаа юм.