ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бөх байж болно, бүдүүлэг байж болохгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-14

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан улс,  аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Энэхүү барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлж, түүнийг давах бөх ойрд гарч ирсэнгүйг дахин баталлаа. Харин Улсын аварга Н.Батсуурь сайхан барилдаж, үзүүрлэсэн. Отгон аваргын дөрвийн даваанд аймгийн арслан Б.Лхагвадоржийг тумбарайдаж өргөөд, хүзүүг сээрээр нь нуга шидсэн барилдаан олон нийтийг хоёр талцуулж байна. Зарим нь “Н.Батсуурь аваргад ямар ч ёс зүй гэж алга. Цолыг нь хураа. Залуу хүүхдийг алах дөхлөө” гэж халагласан. Нөгөө хэсэг нь “Бөх бол тулааны спортын төрөл.

Барилдаан хэдхэн секундэд болоод өнгөрдөг. Хүн өрсөлдөгчөө зөөлөн унагах ёстой гэж бодож ч амжихгүй.  Б.Лхагвадорж зөв унаж сурах ёстой. Аварга тумбарайлдах мэх хийсэн. С.Цэрэн аварга тумбарайлдаж шиддэг байхад бөх сонирхогчид шагшин магтдаг байлаа.  Одоо нялцгандаг болж” өмөөрч байна. Хэн хэнийх нь зөв ч биз, буруу ч биз. Олон жил сайхан барилдаж, улсын наадамдаа хоёр ч удаа урамтай түрүүлсэн Н.Батсуурь аваргыг аймгийн арслантай зөөлөн барилдсангүй гэж буруутгах гэсэнгүй. Тухайн үед болоод өнгөрсөн л биз гэж.  Гэхдээ өнөөдрийг хүртэл гаргасан түүний олон үйлдэл, ааш авир, өрсөлдөгч бөхчүүддээ гаргаж байгаа хандлагад ёс зүйн дутагдал байгаа нь мэдрэгдсээр ирсэн.  Ямар ч спортод аварга гэдэг хамгийн хүндтэй цол.

Тэр дундаа бөхөд. Үндэсний бөхийн аварга, арслан, том цолонд хүрсэн тамирчин гэхээр монголчууд буурь суурьтай, үргэл дууриалалтай, ёс зүйтэй гэж хардаг. Аль эртнээс л тэгж харж, хүндэлж ирсэн. Харин Н.Батсуурь аваргад буурь суурь, ёс зүй гэж алга.  Сая Үндсэн хуулийн 27 жилийн ойн барилдаанд гаргаж байгаа ааш авир, үйл хөдлөлийг нь хараад байгаарай. Улсын аварга хүн заалны барилдаанд сорчилж ам аваад, сайхан үзчихэд яах вэ дээ.  Гэтэл тавын даваанд бэртсэн Б.Бат-Өлзий харцагыг амалж ч байх шиг. Бэртэлтэй хүнээр гар амар даваа ахих гэсэн санаа л даа. Ийм ёс зүйгүй байж болохгүй ээ.  Өмнө нь шаардлага тавьсан замын цагдааг аавтайгаа хамт зодож, цохиж, өшиглөж, машинаа асаагаад тоохгүй явах гэж оролдсон ёс зүйгүй авир гаргаж л байсан. Бичлэг нь цахим ертөнцид дүүрэн л байгаа.   Уг нь аав нь цохиж байхад салгаад, эв зүй гаргах л ёстой биз дээ. Эсвэл бөхчүүд ингэж дураараа авирлаж болно гэж хэрүүлтэй хараалтай бөхийн холбооны дүрэмд нь заагаад өгчихсөн юм уу.  Увс аймгийн 90 жилийн ойгоор юу боллоо. 2015 оны долдугаар сард Увс аймгийн 90 жилийн ой болж, одоогийн улсын заан Б.Пүрэвсайхан харцага цолтойдоо очиж барилдсан. Увсын бүх томчуудыг давсан. Шөвгийн дөрөвт аварга Н.Батсуурь /тэр үед арслан цолтой байсан/ амалж авч барилдаад, 3-4 удаа шанаадсан. Чухам юунаас болсныг бүү мэд. Гэхдээ л ямар ч спортод нэгийгээ шууд шанаадаад байдаггүй байх аа. Тэрийг спортын бус үйлдэл гэдэг юм.  Унагасан бөхөө дээрээс нь дарж нэдрэх үйлдлийг ч бас цөөнгүй гаргасан. Бөх сонирхогчид илт дургүйцэж, цахим ертөнцөөр үзэл бодлоо хангалттай илэрхийлсэн.

Аварга Ч.Санжаадамбыг завьждаж байгаа зураг ч оны шилдэг гэрэл зураг болох дөхөж байлаа.  Энэ бүх үйлдэлд нь түүнд ямар ч хариуцлага тооцсонгүй. Гэтэл хүмүүсийн бөхөөс дор гэж үзээд байгаа олон спортод энэ мэт үйлдлийг спортын бус гэж үзэж, хариуцлага тооцдог. Улаан хуудас өгч, хамгийн багадаа гурван тоглолтод оролцох эрхийг нь хасах журам хөлбөмбөгт бас байна. Уг нь бөхчүүдэд зохисгүй авир гаргасны төлөө шийтгэл оногдуулдаг. Тийм тохиолдол цөөнгүй байна. 2014 онд одоогийн улсын аварга Ц.Содномдоржийг өрсөлдөгч бөхийнхөө гарыг санаатай хөшсөн гэж үзэж, барилдах эрхийг нь дөрвөн сараар хасаж байлаа. 2012 онд хоёр Пүрэвийг олны өмнө зохисгүй авир гаргасан гэж хоёр сарын хугацаатай барилдах эрхийг хассан тохиолдол бий. Р.Пүрэвдагва өрсөлдөгч бөхийнхөө шанаа болон ар шил рүү нь цохисон гэж эрхийг нь хассан. Харин Б.Пүрэвсайханыг өрсөлдөгч бөхийнхөө гэдэс рүү тийрсэн гэж эрхийг хасч байлаа.  Улсын аварга Ч.Санжаадамбын эрхийг ч бас хоёр сараар хасч байсан түүх бий. Өрсөлдөгч бөхийнхөө хөл дээр гишгэж байж давсан учраас дүрмийн дагуу дахин барилдуулах гэтэл зөвшөөрөлгүй, тахимаа өгсөн гэдэг үндэслэлээр түүний эрхийг хасч байсан юм. 2013 онд улсын заан Б.Соронзонболд аварга Г.Эрхэмбаяртай барилдахдаа нүүр рүү хүчтэй нударсан учраас барилдах эрхийг нь хоёр сараар хассан жишээ байна.  Улсын аварга Н.Батсуурийн гаргаж байсан үйлдлүүд эднээс ялгаа байхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хүнд хариуцлага тооцсон хүн, холбоо алга.  

Уран барилдаант улсын аварга Н.Батсуурь биш уран завьждагч, түрэн мөргөгч, унагана нэдрэгч л болж хувираад байна.  Уг нь Монголын Үндэсний бөхийн аварга хүн өдийд 20 хүрч яваа залуу бөхчүүддээ үлгэрлээд, ёс зүйтэй байхыг сургаад явж байх ёстой байтал амарчилж амлаад, нугасаар нь шидээд, дургүй хүргэвэл шанаадаад явж боломгүй.  Энэ үг Ч.Санжаадамба аваргад ч бас хамаатай. Тумбарайлдах мэх гэж байгаа байгаа, их урамтай мэх юм гэсэн. Гэхдээ залуу хүүхдүүдийг нуруу нугасаар саваад, түүнийгээ бөхийн эд хав гэж байгаа бол аваргууд минь, барилдахаа болиорой.  Бөх хэдийгээр эрчүүдийн спорт, тулааны төрөлд ч орох хэдий ч Амбантаны цагаан Жигмэд шиг байж болохгүй байлтай.  “Гарьд магнай” кинонд Молиго Очир Амбантаны цагаан Жигмэд залуу бөхийг ууц нуруугаар савж унагаж, гэмтээсний дараа очиж “Жигмэд чи бөх хүн байж нэгийгээ ингэж гэмтээж явах гэж. Аагархаж, омгорхож явна гэдэг чинь бяр тэнхээгээ гайхуулж байгаа хэрэг биш дээ. Тэр дундаа шинэ соргог гарч ирж байгаа залуу бөхчүүдийн зоригийг мохоочихвол бид залгамжлах бөхчүүдээ үгүй болгоно гэсэн үг. Бөх хүнд чинь нэр төр, зөөлөн сэтгэл гэж байдаг юм” хэмээн хэлдэг. Бөх бол тулааны спорт, тумбарайдах гэдэг аатай сайхан мэх гэж омогдож яваа аварга Молиго Очир зааны үгийг нэг тунгаана биз.