ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

95 орны 4.5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-15

Үндэсний статистикийн газар өнгөрсөн оны ний­гэм, эдийн засгийн байдлын талаар өчигдөр мэдээлэл хийв. Өнгөрсөн оны ний­гэм, эдийн засгийн ста­тис­тик мэдээллээс харахад хэрэг­лээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны жилийн эцсээс 8.2 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна. Хэдийгээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэж байгаа ч ард иргэдийн өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү өссөн нь амьжиргааны өртөг сайн үзүүлэлт болж харагдахгүй байгаа юм. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны арванхоёрдугаар сарын эцэст 848.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 25.4 тэрбум төгрөгөөр өссөн нь хариуцлага гэхээс илүү иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн чадавх муудаж байгааг илтгэх биз ээ. Өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн байдал тоон хэлээр хэрхэн харагдаж буйг үзүүлэв. 

Улсын төсөв ашигтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 9.2 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого 8.2 их наяд төгрөг болж 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.5 хувийг татварын орлого, 10.2 хувийг татварын бус орлого, 6.2 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа юм. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 9.2 их наяд төгрөг болж өмнөх оноос 205.6 тэрбум төгрөгөөр өсчээ.

Төлбөрийн тэнцэл 117.7 сая ам.долларын алдагдалтай

Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2018 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам. долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеэс 662.4 сая ам. доллароор өсчээ. Харин санхүүгийн дансны тэнцэл 1.3 тэрбум ам. долларын ашигтай гарсан байна. Нийт төлбөрийн тэнцэл 2018 оны эхний 11 сард 117.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 960.9 сая ам. доллароор өссөн байна.

156 улстай гадаад худалдаа хийв

Манай улс өнгөрсөн онд нийт 156 улстай гадаад худалдаа хийсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 7.0 тэрбум ам. доллар, импорт 5.9 тэрбум ам. долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 27.5 сая ам долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 53.9 сая ам.доллароор буурсан байна. Харин импорт өмнөх оноос 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 339.9  сая ам.доллар дизелийн түлш 148.8 сая ам.доллар, машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд анги 274.1 сая ам.доллар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 206.5 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 11.4 хувиар өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 8.2 хувиар өсчээ. Тухайлбал: ундаа усны бүлгийн үнэ 9.3 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, согтууруулах ундаа, тамхины үнэ 8.0 хувь, тээврийн бүлгийн знэ дүнгээрээ 9.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 16.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 11.4 хувиар өсчээ. Харин хэрэглээний барааны үнэ Улаанбаатар хотод өмнөх оны жилийн эцсээс 9.7 хувиар өссөн байна. 

Аж ахуйн нэгжүүдийн 86.2 хувь нь 1-9 ажилтантай гэв

Статистикийн бизнес регистрийн санд өнгөрсөн оны эцсийн байдлаар 170.2 мянган аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаагийн 85.7 мянга нь үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийт аж ахуйн нэгж, байгууллагын 65.9 хувь нь нийслэлд, 11.1 хувь нь төвийн бүс, 10.4 хувь нь хангайн бүс, 8.6 хувь нь баруун бүс, 4.1 хувь нь зүүн бүсэд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9, 6.0 хувь нь 10-19, 4.9 хувь нь 20-49, 2.9 хувь нь 50-иас дээш ажиллагсадтай гэнэ. Үйл ажиллагаа эрхлээгүй 84.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 44.5 мянга нь үйл ажиллагаа эхлээгүй, 35.5 мянга нь түр зогссон, 1.8 мянга нь хаяг тодорхойгүй байдаг аж.

Малын тоо 66.5 сая хүрчээ

Мал тооллогын эцсийн дүн гарч манай орон нийт 66.5 сая малтай болжээ. Үүнээс адуу 3.9 сая, үхэр 4.4 сая, тэмээ 459.7 мянга, хонь 30.6 сая, ямаа 27.1 сая тоологджээ. Малын тоо өмнөх оноос 240.3 мянга буюу 0.4 хувиар өсчээ. Тухайлбал, адуу 229 толгой, тэмээ 25.6 мянга,  хонь 444.5 мянгаар өсөж, үхэр 7.6 мянга, ямаа 222.4 мянгаар буурсан байна. Нийт мал сүрэгт хонь 46.0 хувь, ямаа 40.8 хувь, үхэр 6.6 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үхэр, ямааны тоо буурсан үзүүлэлт гарчээ. Мөн малын тоо Увс, Дорноговь, Дундговь, Дорнод, Хөвсгөл аймагт таван төрлөөр өсчээ. Хамгийн олон малыг Хөвсгөл аймаг тоолуулсан байна.

Тариалсан талбай буурсан байна

Өнгөрсөн онд 508.1 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оноос 16.2 мянган га-гаар буурсан байна. Нийт тариалсан талбайн 366.8 мянган га-д үр тариа, 12.9 мянган га-д төмс, 9.0  мянган га-д хүнсний ногоо,44.3 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан нь өмнөх оноос хүнсний ногоо 8.6  мянган га, тэжээлийн ургамал, 20.1 мянган га-аар өсөж, үр тариа 24.1 мянган га, төмс 2.2 мянган га-аар тус тус буурсан байна. Нийт тариалсан талбайн хэмжээ буурсан хэдий ч нэг га-аас авах ургацын хэмжээ болон үр тариа, төмс, хүнсний ногоо тус бүр өссөн үзүүлэлттэй гарлаа. 

Гадны зорчигчдын тоо өсөв

Манай улсын хилээр өнгөрсөн онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 2.6 хувиар буюу 153.7 мянгаар өсчээ. Улсын хилээр орсон зорчигчдын 39.5 хувь нь Замын – Үүд, 17.8 хувь нь Буянт –Ухаа, 11.8 хувь нь Гашуун сухайт, 11.3 хувь нь Алтанбулаг, 6.1 хувь нь Шивээхүрэн, 13.4 хувь нь бусад боомтоор оржээ. Гадаадын зорчигчдын 36.2 хувийг БНХАУ, 22.3 хувийг ОХУ, 14.4 хувийг БНСУ, 3.6 хувийг Япон, 3.2 хувийг АНУ, 2.7 хувийг Казахстан, 17.6 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 15.7 их наяд төгрөг болов  

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 15.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 2.7 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөгөөр, нүүрс олборлолт 1.6 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 198.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Уул уурхай олборлох үйлдвэрийн салбарт алт, нүүрс, цайрын баяжмал, буталмал чулуу зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний олборлолт 4.1-17.3 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт самнасан ноолуур, шар айраг, малын тэжээл, архи, хиаман төрлийн бүтээгдэхүүн, вакум цонх, хаалга, банш, бууз, зүсмэл материал, ноолууран сүлжмэл эдлэл, адууны мах зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.3-79.3 хувиар өсчээ.

Гэрээгээр ажиллаж буй иргэдийн 36.6 хувь нь хятад ажилчид

Манай улсад өнгөрсөн оны арван­хоёр­дугаар сарын 31-ний байдлаар 95 орны 4.5 мянган гадаадын иргэн хөдөл­мөрийн гэрээгээр ажиллаж байгаа нь өмнөх оноос гурван орноор өсөж, ажиллагчид 201 хүнээр буурсан байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагсадын 36.6 хувь нь БНХАУ 10.5 хувь нь Австрали,6.7 хувь нь ОХУ, 6.1 хувь нь БНСУ, 5.9 хувь нь АНУ, 5.3 хувь нь БНСВУ, 3.3 хувь нь Канад, 3.3 хувь нь Англи. 3.3 хувь нь Филлиппин, 19.0 хувь нь бусад улсын харьяат иргэд байдаг ажээ.