Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Автозамын барилга, байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Энэ жил хаана ямар замын байгууламж барьж, шинэчлэх вэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүх аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт багтсан. Энэ зорилтын хүрээнд баруун таван аймгийг холбох замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Тодруулбал, Говь-Алтайгаас Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр хүртэлх 129.4 км замыг Хятадын банкны хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн. Явц нь одоогоор 40 хувьтай, энэ жилдээ багтаад ашиглалтад орно. Мөн Байдрагийн гүүрнээс Говь-Алтай чиглэлийн 126.6 км замыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Концесс эзэмшигч нь гэрээгээ байгуулаад, ажлаа эхэлсэн. Завханы Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 114 км замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Энэ ажил 60 хувьтай үргэлжилж байгаа. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад орох байх. Түүнчлэн, Завханаас Хяргас нуурын хөвөө хүртэл 300 гаруй км зам тавина. Одоогоор үүний 135.5 км зам барих ажил нь 80 хувийн явцтай байна. Энэ жилдээ ашиглалтад орно. Харин үлдсэн 167 км зам нь 2019 он гэхэд ашиглалтад орох юм. Эдгээр замууд баригдаж дууссаны дараа Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Баянхонгор аймгууд хатуу хучилттай автозамаар холбогдоно гэсэн үг.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдал жилийн жилд л шүүмжлэл дагуулдаг. Тус замын шинэчлэлтийн ажил ямар шатандаа байна вэ?
-Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай автозамын засварын ажлыг хийх, өгсүүр хэсгүүдэд нэмэлт эгнээ барих ажлыг гүйцэтгэх хэлэлцээр хийгдэж байгаа. Ажил нь энэ ондоо багтаад эхэлчих байх. Ерөнхийдөө 200 км замын засвар шинэчлэлтийг хийх юм.
-Энэ чиглэлийн замыг өргөтгөж, засах ажил өнгөрсөн жил эхлэхээр байсан. Гацсан шалтгаан нь юу юм бэ?
-Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг нэгдүгээр ангилалын дөрвөн эгнээтэй болгож шинэчлэхээр концессын зээлийн жагсаалтад оруулаад явж байсан юм. Гэтэл энэ нь төсөвт нэлээд дарамт учруулахаар тооцоо гарсан. Тиймээс Засгийн газраас өндөр өртөгтэй замыг шууд барьж, шинэчлэх нь буруу, харин хөнгөлөлттэй зээлээр барих нь зүйтэй гэж үзээд, цуцлах шийдвэр гаргасан. Тэгээд энэ жил Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр засварлахаар болсон хэрэг.
-Нэмэлт эгнээ барина гэсэн үү?
-Тус замын өргөн нь зургаан метр. Харин Азийн хөгжлийн банкны зээлээр тус замын өгсүүр хэсгүүдийг долоон метр болгож өргөтгөх юм.
-Дархан чиглэлийн замын хэлэлцээрийн явц нь ямар шатанд яваа юм бэ?
-Хэлэлцээрүүд хийгдэж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 200 км замын зарим хэсэгт нь шинэчлэлт хийгдчихсэн. Хөгжлийн банкны зээлээр зургаан км автозамыг шинэчилсэн. Эдгээр замуудыг дахиж шинэчлэх шаардлагагүй шүү дээ. Тиймээс яг аль хэсэгт нь шинэчлэлт хийх, аль хэсэгт нь гадаргуун боловсруулалт, хучилт хийх вэ гэдгээ Азийн хөгжлийн банктай манай мэргэжилтнүүд тохирч байгаа. Огцом, налуу хэсгүүдийг өргөтгөх техникийн асуудлаа ч тохирч байна. Энэ чиглэлийн зам 1970-1980 онд анх тавигдсан. 2000 онд засвар хийгдсэнээс хойш нэг ч удаа засвар хийгээгүй.
-Замын насжилтыг сайжруулахыг тулд засвар, шинэчлэлтийг хэчнээн жилийн мөчлөгтэйгөөр хийх ёстой байдаг юм бэ?
-Зам ашиглалтад орсноос хойш зургаан жилд нэг удаа гадаргуун боловсруулалт, хучилт хийх ёстой. Харин 12-13 жилд их засварт оруулах норм, дүрэмтэй байдаг. Түүнчлэн, жил бүр урсгал, засвар арчлалтыг норм стандартын дагуу хийхэд замын насжилт сайжирна.
-Зам тавьсан компаниуд арчлалтыг хэдэн жил хариуцдаг вэ. Өнгөрсөн жилээс мөрдөгдөж эхэлсэн хуульд энэ талаар өөрчлөлт орсон уу?
-Замын компаниуд хуулийнхаа дагуу гурван жил технологийн хувьд бүрэн хариуцах ёстой. Хэрэв энэ үүргээ биелүүлж чадахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авдаг. Автозамын хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны долдугаар сарын 1-нд гарсан. Үүний дагуу зураг зурж байгаа байгууллага, магадлал хийсэн хүн, барьж буй болон ашиглаж буй компани, хэрэглэгч бүгдэд хариуцлага ногдуулах эрхзүйн орчин бий болсон. Замаа чанаргүй барих, буруу ашиглахад ямар хариуцлага ногдуулахыг тусгайлан журамлаж өгсөн байгаа.
-Налайх чиглэлийн замыг хоёр урсгал, дөрвөн эгнээтэй болгож шинэчлэх ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн байдаг. Гэхдээ бодитоор хэрэгжсэн зүйл алга байна. Энэ ажлын явц ер нь ямар шатандаа явна вэ?
-Энэ талаар нийслэлийн Авто замын газраас тодруулах хэрэгтэй. Нийслэлийн замын байгууламжийн асуудлыг нийслэлийн захирагч өөрөө хариуцна. Үүнийг хуульчилж өгсөн байгаа.
-ОХУ, БНХАУ, Монголыг дамжин өнгөрөх олон улсын транзит тээвэрлэлттэй холбоотойгоор авто замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулна гэсэн. Энэ талаар та тодруулахгүй юу?
-Манай яамнаас гурван улсын тээврийн хэлэлцээрийн хүрээнд өнгөрсөн жилийн есдүгээр сард туршилт хийсэн. Тэр дагуу тээвэрлэлт хийнэ. Гэхдээ тээвэрлэлт хийх замыг шинэчлэх нь бидний нэн тэргүүний зорилт болж байна. Замыг шинэчлэх ажлын хүрээнд энэ жил 550 км замын хэвтээ тэмдэглэгээ, 6323 ширхэг анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөж байна. Мөн 230 гаруй ширхэг олон улсын жишигт нийцсэн мэдээлэх самбарыг байрлуулна. Энэ ажил тавдугаар сарын 1-нээс эхэлнэ. Ерөнхийдөө нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл замын тэмдэг, тэмдэглэгээний судалгаа хийсэн. Тэр дагуу 2014 оны стандартын дагуу тэмдэг тэмдэглэгээг Замын цагдаагийн албатай хамтран шинэчилнэ.