ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийлэг уутны хэрэглээг халахад үйлдвэрүүд бэлэн биш байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-22

Нимгэн гялгар уутыг хэрэглэх болон импортлохыг хориглосон тогтоол ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан өчигдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон Өргөдлийн байнгын хорооны гишүүд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нийлэг уутны үйлдвэрүүдтэй танилцаж, тогтоолтой холбоотой үүрэг чиглэлийг өглөө. Ажлын хэсэг өглөө 9:30 цагт төрийн орноос хөдөлж, 10:00 цагт Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвд очив. Тус төвийн цаасны үйлдвэрт 20 гаруй хараагүй иргэн ажилладаг бөгөөд тэд төрөл бүрийн цаасан болон, даавуун уутыг үйлдвэрлэдэг байна.

Сард 100 мянган уут үйлдвэрлэх хүчин чадалтай ч гар аргаар бүтээгдэхүүнээ хийдэг учраас хүчин чадлынхаа 15 хувьд л үйлдвэрлэл явуулж байгааг тус төвийн дарга хэлж байлаа.  Тэдний гол борлуулалт нь цаасан уут гэхээсээ илүү бичиг хэргийн дугтуй байдаг аж. Цаасан уутыг зөвхөн захиалгын дагуу хийдэг бөгөөд зуны улиралд хуушуурны уут хийж борлуулдаг тухай ажилчид ярилаа. Даавуун торны үйлдвэрлэлийн хэсэгт таван оёдолчин ажилладаг бөгөөд өдөрт 7-8 төрлийн 400 уут үйлдвэрлэдэг тухай оёдлын цехийн дарга О.Нансалмаа танилцуулсан юм.

Тэдний үйлдвэрлэсэн даавуун уут материалаасаа хамаараад нэг бүр нь 400 төгрөгөөс эхэлдэг байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлмээр байгаа ч санхүүгийн байдлаас болж, байрнаасаа хөдлөхгүй байгааг тус төвийн захирал З.Болдсайхан учирлав. Тэрбээр “Манайх ганц өнгийн хэвлэх машинтай. Олон өнгийн машин авъя гэхэд багадаа 300-400 мянган ам.долларын өртөгтэй учраас ямар ч боломжгүй болчихоод байгаа юм.

Хуучны машин ашиглаж байгаа учраас үнэнийг хэлэхэд чанар, стандартын хувьд зах зээлдээ гологдоод байгаа. Үйлдвэрийнхээ хүчин чадлаа нэмэгдүүлэх төсөл боловсруулж жил бүр санал өгдөг ч манай төсөл дэмжигддэггүй юм. Үйлдвэрийнхээ технологийг шинэчилж, хэвлэх машинаа солиход ойролцоогоор 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа” хэмээн ярьж байв.  Тус төвийн үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай танилцаж, захирлын санал хүсэлтийг сонссоны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “0.35 мм-ээс нимгэн уутыг хэрэглэхийг хориглох тогтоол хэрэгжиж эхэлснээр түүнийг орлох бүтээгдэхүүний зах зээл бий болно.

Үүнийг дагаад цаасан болон даавуун торны хэрэглээ нэмэгдэх нь ойлгомжтой. Бид байгаль орчиндоо ээлтэй аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор “Эко төлбөрийн тухай хуулийн төсөл”-ийг боловсруулаад явж байна. Энэ нь байгальд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний хэрэглээнд төлбөр тогтоож, уг төлбөрийн санхүүжилтээр цугласан мөнгөний 50 хувийг байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд зарцуулах юм.” хэмээн танилцууллаа. 

Багахангай дүүрэгт шилний үйлдвэр барина

Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр бусад аюултай хог хаягдлуудын талаар хөндөж, хобогдох байгууллагуудаас ямар арга хэмжээ авах талаар санал бодлоо солилцов. Ахуйн зориулалттай сав, баглаа боодлыг олон улсын стандартын дагуу зориулалтын системтэй болгох тухайд ямар ажлыг хийж байгаа талаар ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү мэдээ­лэхдээ “Хөгжлийн банк болон аж ахуйн нэгжүүдтэй хамт­ран Багахангай дүүрэгт шил­ний үйлдвэр байгуулахаар ажиллаж байна.

Ингэснээр шилний хог, хаягдлыг дахин боловсруулж, шил үйлдвэрлэх боломжтой болох юм. Мөн ХХААХҮ-ийн яам цэнхэр савны хэрэглээг багасгах зорилгоор “Сав, баглаа, боодол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд хүнсний зориулалтаар сав баглаа боодлын үйлдвэрүүдийг дэмжих бодлого баримталж байгаа. Одоогоор цэнхэр савыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын хоёр үйлдвэр байна. Энэ хоёр үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн мэдээллээ. 

Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Эко Пак Монгол” цаасан уутны үйлдвэрттэй танилцсан юм. Тус үйлдвэр бүх төрлийн цаасан уут болон цаасан хайрцагуудыг аж ахуйн нэгжийн захиалгын дагуу үйлдвэрлэдэг байна. Зөвхөн цаасан хайрцаг л гэхэд өдөрт 18 мянгыг үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Хүнсний зориулалттай бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг Хятад улсаас авч, бусад төрлийн зориулалттай уутны түүхий эдийг дахин боловсруулах замаар үйлд­вэрлэдэг байна.

Бидний танилц­сан дараагийн үйлдвэр “ОБ Пластик” гэх гялгар уутны үйлдвэр байлаа. Энэ үйлдвэр бүх төрлийн хүнсний сав, баглааг үйлдвэрлэдэг аж. Тус үйлдвэрийн захирлын мэдээлснээр гялгар уутан тор үйлдвэрийн нийт бүтээг­дэхүүний 20 хувийг эзэл­дэг. Сард 130 тонн гялгар уут үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн торны дундаж хэмжээ 0.025 мм гэнэ. Үйлдвэрийн захирал Ж.Отгонбаяр “Торны стандартыг 0.035 мм-ээс дээш болгоно гэвэл торны үнэ хоёр дахин нэмэгдэнэ. Түүнээс гадна үйлдвэрийн бүтээмж буурна гэж харж байна. 0.035 мм-ийн зузаантай уут ойролцоогоор 20 кг-ын даацтай байна гэсэн үг. Ийм уутыг тасдана гэж байхгүй.

Энэ мэт хүндрэлүүд үүснэ. Иргэд хямд үнэтэй авсан уутандаа хогоо хийж хаядаг. Хэрэв нимгэн уутны хэрэглээг үгүй болгох юм бол хогны асуудал гарч ирэх байх гэж бодож байна. Гэхдээ төр засгийн бодлого шийдвэрийг дагана” гэв. Хэдийгээр гялгар уутан тор үйлдвэрлэдэг хэдий ч тэдний борлуулалтын гол бүтээгдэхүүн нь талх, нарийн боов, хүнсний уут байдаг аж. Гэтэл талх нарийн боовны уутыг 0.035 мм-ийн зузаантай хийх боломжгүй гэж үйлдвэрийн Ж.Отгонбаяр захирал мэдээллээ. Харин мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөгч уг тогтоолд талх нарийн боов, хүнсний бүх төрлийн уут хамаатай гэдгийг тайлбарлав.

Гэтэл үйлдвэрийн захирал “Бидний нэрлэж заншсан 10-ын уут болон улаан, цэнхэртэй эрээн уутыг л хэрэглэхийг хориглож байгаа гэж БОАЖ-ын яамныхан мэдэгдсэн учраас тэгж ойлгосон” хэмээн багагүй маргааныг үүсгэв. Ж.Отгонбаяр захирал төрийн бодлогоос зөрөхгүй гэдгээ дахин мэдэгдэж, хэрэв талхны уутанд 0.035 мм байх ёстой гэсэн стандартыг тавьж байгаа бол одоогийн зах зээлийн үнээс хоёр дахин өндөр өртөгөөр гарч, төдий чинээ үнээр борлуулна гэдгийг мэдэгдлээ. Үйлдвэртэй танилцсаны дараа маргаан дагуулсан асуудлын талаар зөвшилцөж эхний ээлжинд талх нарийн боовны уутыг өмнөх хэмжээгээр нь үйлдвэрлэхийг зөвшөөрч, тогтоолын журмаар энэ асуудлыг зохицуулахаар болов.

Гэхдээ энэ нь талх, нарийн боовны уутыг өөрчлөхгүй гэсэн үг биш бөгөөд тогтоолд заасан стандартад шат дараатайгаар хүргэнэ гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдэв. Уулзалтын төгсгөлд тэрбээр “цаасан уут өнлөр үнэтэй байх нь хамаагүй. Таван удаа нэг удаагийн тор авах уу, дахин ашиглаж болох даавуун торыг авах уу гэсэн сонголтыг иргэдэд өгч байгаа юм. Энэ салбар цаашлдаа тогтвортой байхын тулд дахин боловсруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй гэдэг үүднээс “Эко төлбөрийн тухай хуулийг санаачлан, хуулийн дагуу бэлтгэлж ажил нь явж байна.

Агаарын хэн их бохирдуулж байна тэр хүн төлбөрөө төлөх ёстой, тэр төлбөр нь дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдэд санхүүжилт болж очино гэсэн үг” хэмээн шинээр санаачилсан хуулийн талаар мэдээлэл өгснөөр үйлдвэрүүдтэй танилцах ажил өндөрлөв. Сар гаруйн дараа нийлэг уутыг хэрэглээнээс хална гэж байгаа боловч, үйлдвэрүүд үүнд бэлтгэлгүй байгаа нь үйл ажиллагаатай нь танилцах үеэр харагдлаа. Гэхдээ тэд төрийн бодлогыг хүндэлж, дагаж мөрдөнө гэдгээ илэрхийлж байна.