Сүүлийн үед цахим тоглоом буюу шинээр гарсан PUBG тоглоомонд өсвөр насны хүүхдүүд донтох нь ихэссээр байгаа талаар мэдээлэл гарч байна. Үүнээс болж сэтгэл санаанд нь өөрчлөлт орж, хичээл номоо таслах, гэр орондоо ирэхгүй хэд хоногоор алга болох нь хэвийн үзэгдэл болсон талаар албаны хүмүүс сэрэмжлүүлж байгаа. Энэ талаар СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эмч П.Энхчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-Компьютер тоглоомын хор уршгийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Тэр дундаа PUBG тоглоомонд донтох хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо?
-Компьютер тоглоом буюу сүүлийн үед их түгээмэл болоод байгаа PUBG гэх тоглоом хүний мэдрэл, бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэх боллоо. Mанайд хандан эмчлүүлэх хүүхдүүд жилээс жилд ихсэж байгаа. Kомпьютерын дэлгэцийн ард удаан хугацаагаар сууснаар мэдрэлийн ядаргаанд орж, анхаарал төвлөрөхгүй их цочромтгой, биеэ барьж чадахгүй гэх мэт янз бүрийн үйлдэл, авир гаргах байдал үүсдэг. Ингэж удаан хугацаагаар явах юм бол яваандаа сэтгэцийн өөрчлөлттэй болно. Тэр нь юу гэсэн үг бэ гэхээр, хүүхэд үүрэг хариуцлагаа хойш тавих, хичээл номоо тасалж, олон цагаар тоглох, тоглоомоо тоглохын тулд худлаа ярьдаг болдог. Цаашлаад хулгай хийж, үл бүтэх хүүхдүүдтэй нийлэх гэх мэтчилэн зан авир, төрх үйлдэлд нь өөрчлөлт гардаг болж байна.
-Ихэвчлэн хэдээс хэдэн насны хүүхдүүд ирж эмчлүүлдэг вэ?
-PUBG болон компьютер тоглоомонд донтсоны улмаас өсвөр насны эрэгтэй хүүхдүүд хандаж, тусламж үйлчилгээ авдаг. Эдгээр хүүхдүүд гэр бүлийн хараа хяналт сул байгаагаас найз нөхөддөө уруу татагдаж, донтох нөхцөл байдал их байна.
-Яг PUBG тоглоомонд донтоод эмнэлэгт хэвтсэн хүүхэд байгаа юу?
-Одоогийн байдлаар дан ганц PUBG тоглоом гэлтгүй бусад цахим тоглоомнуудаас болж цөөнгүй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Яг тэд гэж хэлэх тоо баримт одоохондоо алга байна. Гэхдээ бусад жилүүдээс ихсэж байгаа нь шинээр гарсан PUBG тоглоомтой холбоотой байх.
-Компьютер тоглоомын хор уршгийг тайлбарласан сэрэмжлүүлгийг танай эмнэлэгийн зүгээс эцэг, эхчүүдэд болон ЕБС-ийн сурагчдад өгдөг үү?
-Ерөнхийдөө цахим орчны хэрэглээг бууруулах, зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэл өгдөг. Мөн сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэгийн хүүхдүүдэд гар утасны хэрэглээг бүр хориглох ёстой гэдэг мэдээллийг өгдөг юм. Зохистой хэрэглээ буюу өдөрт хоёр цаг компьютер тоглож, зурагт үзэж өнгөрөөх юм бол ямар нэгэн хор уршиггүй гэж үздэг. Үүнээс хэтрээд явчихаараа дээр дурдсан асуудлууд үүсэж эхэлнэ.
-Компьютерт донтсон хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Нойргүй олон хоног явснаас болж ухаан алдах, зан авир нь өөрчлөгдөх, ээж, аав нь шаардлага тавихаар эсэргүүцэн бухимдаж уурлах шинж тэмдэг илэрдэг. Даамжрахаараа хичээлээ олон хоногоор тасалж, сургуульд нь асуудлууд үүсчихсэн байдаг. Ихэнх эцэг, эхчүүд бага дээр нь сайн анзаарч байх хэрэгтэй. Хүүхдээ чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөж байгааг нь анхаардаггүйгээс болоод донтох хүртэл хэмжээнд хүрчихсэн байдаг юм.
Д.Баттогтох