ХХААХҮЯ-ны албан тушаалтнууд өчигдөр Итали улсын Эдийн засгийн хөгжлийн яамтай нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Манай улсын ноос, ноолуурын салбарын хөгжил ямар түвшинд байгаа вэ. Мөн шинэ төвийн талаар тодруулахгүй юу?
-Манай холбоо нийт ноолуурынхаа 70 гаруй хувийг нь угаасан байдлаар Хятад улс руу, 12 хувийг самнасан байдлаар Итали руу, 12-15 хувийг эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулдаг. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бага түвшинд байгаа нь аж ахуй нэгж байгууллагуудын эргэлтийн хөрөнгө дутмаг байгаатай холбоотой юм. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт боловсон хүчин болон ажилчдаа чадваржуулахад удахгүй хийгдэх технологи дамжуулалт чухал үүрэг гүйцэтгэнэ. Технологийн түвшинд маш олон шийдвэрлэх асуудлууд байгаа. Самнасан ноолуурынхаа хялгас агууламжийг 0.3-аас доош байлгах шаардлагатай. Манайд суурилагдсан ээрэх хүчин чадлын дийлэнх нь 26-28 номерын бүдүүн ээрмэлээр ээрдэг. Хагас нарийн буюу нарийн ээрмэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн эцсийн бүтээгдэхүүний гүйцэтгэлийг сайжруулах шаардлага бий. Энэ асуудлуудыг шинээр барих технологи дамжуулах төвөөр шийдвэрлэж чадна гэсэн зорилт тавьсан. Ер нь сүүлийн жилүүдэд ээрмэл бүтээгдэхүүний чанар төдийлөн тогтворжихгүй байна. Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг чайжруулах шаардлагатай юм. Манай улсад ноолуурын салбарын 40 гаруй зөвлөх инженерүүд байдаг. Мөн 1200 гаруй зөвлөх инженерийн ажилтнууд байна. Эдгээр ажилчдаа чадваржуулахад шинээр оруулж ирж байгаа төхөөрөмжүүд хэрэг болно.
-Хэзээ ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа вэ?
-Ер нь хоёр жилийн хугацаанд ярилцаж байгаа. Ирэх намар гэхэд ашиглалтад орчих болов уу гэсэн итгэлтэй байгаа.
-Яг ямар төрлийн төхөөрөмжүүд орж ирж байгаа юм бол?
-Ээрмэл утасны чанрыг сайжруулах шаардлагатай байгаа учраас ээрэх, самнах, хагас нарийн ээрэх гэсэн бага оврын тоног төхөөрөмжүүд байгаа. Түүнээс гадна түүхий эддээ дүн шинжилгээ хийх ёстой. Түүхий эдийн видео анализ, хэрэглээний шинж чанарыг тогтворжуулах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавьсан гэж өмнө нь хэлсэн шүү дээ. Энэ хүрээнд нэхмэл бүтээгдэхүүний хэрэглээний шинж чанарыг тодорхойлох тоног төхөөрөмжийг авч байгаа юм. Энэ төв нь ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа инженер техникчдийг чадваржуулахаас гадна суралцаж оюутнуудыг дадлагажуулах, судалгааны ажил хийлгэх доктор, мастерын зэрэг хамгаалж байгаа хүмүүст шат дараалсан сургалтыг зохион байгуулна. Ноос ноолуурын холбооны дэргэд үйл ажиллагаа явуулна. Гүйцэтгэгч нь Ноос ноолуурын холбоо байх юм.
-Тоног төхөөрөмж хэдэн төгрөгөөр орж ирэх вэ?
-Өнгөрсөн жил гэхэд л бид 10.7 сая еврогийн тоног төхөөрөмжийг Итали улсаас худалдаж авсан. Цаашид мөн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх хэрэгтэй болно. Ганцхан Италиас худалдан авалт хийнэ. Тус улс нь ноолуурын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг.Тиймээс өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг эзэмшихэд шинэ баригдах технологийн төв чухал үүрэг гүйцэтгэнэ. Итали улсын 100 хувийн буцалтгүй тусламжаар, тус улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр барьж байгаа. Ноос ноолуурын салбарын тоног төхөөрөмжийн 70 хувь нь Италийн тоног төхөөрөмж байдаг.
-Шинэ төв баригдсанаар ажлын байр бий болно гэж ойлгож болох уу?
-Технологи дамжуулах төвөөр ажлын байр бий болно гэж ойлгож болохгүй. Ер нь бол “Ноолуур” хөтөлбөрийн гол зорилт нь ноолуурын салбарт боловсон хүчин, ажлын байр нэмэгдүүлэх явдал.
-“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд энэ салбарт төрийн зүгээс дэмжлэг хэрхэн үзүүлж байгаа вэ. Дорвитой өөрчлөлтүүд юу хийгдэв?
-Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг 2018 оны хоёрдугаар сард баталсан. Үүнээс хойш жил бүр л үйлдвэр аж ахуй нэгжүүд “Гарааны тэнцвэр алга байна. Хятадын үйлдвэрлэгчид болон, зуучлагчидтай өрсөлдөж, түүхий эдээ цуглуулж чадахгүй байгаа” талаар ярьж байна. Нэн тэргүүнд Засгийн газраас эргэлтийн хөрөнгийн зээлийн асуудлыг шийдэж өгөх шаардлагатай юм. Өнгөрсөн онд 194.4 тэрбум төгрөг буюу 20 гаруй аж ахуй нэгж эргэлтийн хөрөнгөөс зээл авсан. Энэ жил Хөгжлийн банк гуравдугаар сарын 1 гэхэд эргэлтийн хөрөнгийн зээлийг өгнө гэж төлөвлөж байсан ч бага зэрэг хойшлох бололтой. Жилд дунджаар 1200-2000 тонн ноолуур бэлтгэдэг байсан бол өнгөрсөн жил зээл олгосноор 9000 гаруй тонн ноолуур бэлдсэн. Эргэлтийн хөрөнгөө шийдчихсэн, одоо техник технологи хөрөнгө оруулалтын зээлийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавиад байгаа. Мөн экспортын хэмжээ өнгөрсөн жил 20 хувь өссөн нь том амжилт юм.
-Ноолуурын ханш энэ хавар хэдээс эхлэх бол?
-Өнөөдөр /өчигдөр/ ноолуурын үнийн асуудлаар хуралдаж байгаа. Ер нь бол өнгөрсөн жил маш өндөр үнээр авсан. Тэр ноолуур маш их үлдэгдэлтэй байгаа учраас эрэлт хэрэгцээ төдийлөн өсөхгүй байгаа. Энэ жил дахиад ноолуур өндөр үнээр авч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Түүнээс гадна Засгийн газарт угаасан ноолуурын үнэ ханшид зохицуулалт хийж өгөх хүсэлт гаргасан. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, татвараа төлж буй аж ахуй нэгжүүдэд угаасан ноолуурын лиценз зөвшөөрлийг өгөх талаар санал гаргасан. Нэг кг угаасан ноолуураас тодорхой хэмжээний татвар авах нь эргээд малын эрүүл мэнд, бэлчээрийг хамгаалах бодлоготой уялдуулсан арга хэмжээ болно.
Д.Жамъяндагва