Сар шинийн өмнөхөн Зүүн салаанд амьдардаг танил маань “Сар шинийнхээ буузыг хийж амжихгүй бол манай энд ажилсаг шаавай бүсгүй байна аа.Түүнд захиалга өгчих. Би хэлээд өгье. Тэрний хийсэн буузны амттай гэж яав аа. Сэтгэлээрээ хийнэ гэдэг л тэр байх” гэсээр хэн нэгнийг магтан ярив. Ингээд тэр бүсгүйг олж уулзмаар санагдаад хайтал Пүүшигийн Золзаяа гэж эмэгтэй байлаа. Сониныхоо “Хөлсний амт” буландаа таныг урих гэсэн юм гэхэд минь “ “Өө, надад тэр сонин энэ тэр дээр гарах юу байх вэ?” гэж цааргаалсан ч хуучилж амжлаа.
-Та аль нутгийн бүсгүй вэ. Хотод ирээд удаж байна уу. Ямар ажил эрхэлж байна вэ?
-Би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Хотын хүн болоод удаж байна. Бүр 1985 онд Барилгын техник мэрэгжлийн сургуульд суралцахаар ирж байлаа. Үндсэндээ тэгээд л бараг хотын хүн болсон.
-Тэгвэл унаган хотын хүн болох бараг дөхөж. Тэгээд хаана ажиллав даа?
-Би сургуулиа барилгын засал чимэглэлээр төгссөн. Тэгээд мэргэжлээрээ удаан ажиллаагүй ээ. Зах зээл ч боллоо. Барилгын салбар үндсэндээ уналтад орж эхэлсэн. Тэгээд Октябрийн район гэж байсан даа. Тэдний нийтийн хоолны трест олон арван гуанз, ресторантай байсан. Түүний нэг “Наран” ресторанд арай л ахлах тогоочийг нь хийгээгүй. Шалыг нь угаахаас эхлээд ажилласан. Тэгтэл ч өнөө нийтийн хоолны салбарууд бас л тарж бутраад, хувьсгалын юм гэж байхгүй болсон. Бүгд хувьчлагдаад. Гэхдээ нэгээс нөгөөд шилжин овоо ажилласан. Тэр хамт олонд дундаас сурсан зүйл минь надад насан туршид хэрэг болж байна. Одоо 170-р цэцэрлэгт тогооч хийдэг.
-Ам бүл хэдүүлээ байна. Цалин мөнгө нь хүрэлцэж байна уу. Нууц биш бол цалин хөлснийхөө талаар ярихгүй юу?
-Би одоо бага охины хамт амьдарч байна. Том охин АШУҮИС-ийг төгссөн боловч гэр бүлийн хамтаар Япон улсын Каназава мужид ажиллаж, амьдарч байгаа. Саяхан түр хугацаагаар хоёр зээ маань ирсэн, өнөр өтгөн л байна. Цалин мөнгө гэж нуууцлаад байх юу байх вэ дээ. Бусдын жишгээр л авч байна. Сардаа 400 жаахан гаргаад л авдаг юм. Амьдралд хүрэлцээ муу шүү дээ. Гэхдээ би ажилгүй хүний дэргэд ажилтай, орлоготой “баян” хүн байхгүй юу. Төсвийн байгууллагад цаг нартай ажилладаг хүн илүү орлого хайгаад, хийгээд явах боломж тааруу. Гэхдээ хүн өөрөө л хичээх юм бол яаж ийгээд болгоно л гэж боддог. Чөлөөт цагаараа бас жаал ажил амжуулж, өрхийн төсөвтөө нэмэрлэнэ ээ.
-Яаж?
-Чөлөө заваараа бууз хийж зардаг юм. Байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Цагаан сар, шинэ жил гээд баярын үеэр хэдэн бор юм олчихно. Одооны залуус, залуус гэлтгүй бүгд л зав хомс болж дээ. Баяр ёслол ч гэхгүй зарим үед маргааш танаас тэдэн бууз авъя гээд урд өдөр нь захиалчихдаг юм. Тэгээд л орой үдэш ажлаа тарж ирээд яаж ийгээд л тэр захиалгыг нь хийгээд өгдөг.
-Одоо ч махны үнэ тэнгэрт гарах шахам байна. Ашиг гэх юм ч тааруу байгаа байх аа даа?
-Нэг үеийг бодоход манайхан чинь цэвэрхэн, амттай сайхан хоол хүнс хэрэглэхийг эрмэлздэг болчихож. Өөрийнх нь хүссэн махаар л хийж өгнө. Гэдэс дотроор ч гэсэн часхийсэн амттай сайхан бууз, хуушуур хийгээд өгөхөд дуртай л авдаг. Ажил хийсэн хүн дандаа “Болохгүй байна, бүтэхгүй байна, ашиг муу байна” гээд гонгиноод байх дэмий. Болно шүү дээ. Миний хувьд буузнаасаа 10-15 хувийн ашиг гаргадаг. Мах гайгүй хямд олдвол 20 хувийн ч ашиг гарна. Хамгийн гол нь маш амттай, цэвэр сайхан хийж өгөх хэрэгтэй. Хоол гэдэг чинь хүндээ хэрэгтэй, тэжээлтэй байх ёстой. Тэрнээс биш ямар хогийн сав руу хог чихэж байгаа юм шиг ходоод руугаа элдэв юм хийхгүй шүү дээ. Сайхан гурилтай, сайн махтай, аятайхан амталсан буузыг хэн ч л гэсэн авах дуртай. Санаагаар болдог бол өөрийн гэсэн жижиг хоолны газартай болохсон гэж мөрөөддөг юм. Болно биз дээ.
-Таны бизнесийн нууц энэ юм байна гэж ойлгож болох уу?
-Бизнес гээд байхаар нь нэг их том юм л бодоод байсан чинь англиар ажил хэрэг гэсэн үг байна лээ шүү дээ. Би муу үг хэлэх дургүй. Миний ажил үйл сайхан яваа нь сайн хамт олны дэм. Гэхдээ гол нь бүх зүйл надаас өөрөөс минь хамааралтай. Миний сайн, саар явах бүх зүйл надаас хамааралтай. Тухайлбал, Би өөрийнхөө хоёр охинд, хоёр зээдээ муу, муухай хоол хүнс идүүлье гэж боддоггүй шигээ бусдыг ч гэсэн тэгэж л бодох хэрэгтэй. Тэр бодол минь биелэлээ олж, би хүмүүст амттай, чанартай сайхан бууз, хоол хийж өгнө. Миний үйлчлүүлэгч эргэлзэх зүйлгүйгээр надад мөнгөө өгнө. Энэ нь эргээд миний амьдралд үнэ цэнтэй. Би сайхан хөдөлмөрлөж байна даа гэж сэтгэл тэнэгэр явна шүү дээ. Үндсэн ажил дээрээ ч энэ л зарчмыг барьдаг. Хүний нялх үрсийг эцэг, эх нь бидэнд даатгаад өгч байхад байгаа материалдаа түшиглээд сайхан л хоол, унд өгөхийг хичээдэг дээ. Олон хүүхдийг буян заяа ч түшиж л явна аа, намайг.
-Бууз хийхээс өөрөөр орлогоо яаж нэмэгдүүлж байна вэ?
-Өсч яваа охин хүүхдүүдтэй хүн би. Дээр нь хүний хэрэглээнд ямар хязгаар байх биш. Боломж болгоныг ашиглаж, хөдөлмөрлөхийг хичээж байна. Ээж минь надад монгол дээл оёхыг заасан юм. Сурсан юм заавал хэрэг болдог гэж үнэн шүү. Баяр ёслолоор зарим үед буузтай зэрэгцээд дээлний захиалга ороод ирнэ. Амжуулна гээд л үздэг. Сүүлийн үед харин бүсгүйчүүд маань дээлээ өөрсдөө хийж өмсөх их сонирхолтой болжээ. Аль болох хямд төсөр оёж өгөхийг л хичээж байгаа. Дээл оёх хөлс ч бүр талийж өгсөн байна билээ. Гэхдээ би нэг их үнэрхэж чаддаггүй. Хэн хэнээ гомдоохгүй л байвал болоод л явчихна.